Их тэнгэрийн газар: АСЕМ дагасан 16 тэрбумын алдагдал

16013467815f729cddaa9be

Ч.Сайханбилэг 2014 онд Ерөнхий сайдаар томилогдов. Түүний хуурай дүү, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Ч.Сайханбилэгийн туслах байсан Ж.Сансар нар 2015 оны нэгдүгээр сард “Шинэхэн групп” нэртэй компани байгуулав. Энэ гурав Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт удирдах албан тушаал хашсан намтартай. “Шинэхэн групп”-ийнхэн дараа жил нь Монголд болох АСЕМ-ын үндэсний хурлын цогцолбор, зочид буудал барих саналаа Засгийн газарт тавилаа. Ингээд зургаахан сарын настай компанид энэ ажлыг Ч.Сайханбилэг хариуцуулахаар болов.

2015 оны зургадугаар сарын 2-нд Засгийн газрын тогтоол гаргаж, ҮАБЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаандаа амьдардаг Их тэнгэрийн аманд 7.4 га газрыг таван жилийн хугацаагаар ашиглуулах эрх олгов. Газрын зөвшөөрөл олгохыг нь тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд, хяналт тавьж хамтран ажиллахыг тэр үеийн ТЕГ-ын дарга Б.Хурцад даалгасан нь бий. “Шинэхэн групп” энэ ажлыг авахдаа Японоос хөрөнгө оруулалт татна гэж шалгарсан. Гэхдээ Ч.Сайханбилэгийн чөлөөт бүс хариуцсан орон тооны бус зөвлөх Ч.Амарбаатар (Барс группийн ерөнхийлөгч) “Шинэхэн групп”-д хөрөнгө оруулж, үүсгэн байгуулагчаар бүртгүүлэв.

Нөгөө АСЕМ-д зориулсан таван одтой зочид буудал, үндэсний хурлын танхим нь баригдаж амжсангүй. АСЕМ дуусав, тус компанид газар өгсөн гол зорилго биелэсэнгүй. Гэсэн ч “Шинэхэн групп”-ийнхэн ТЕГ-ын Төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалалтад байдаг Их тэнгэрийн амны хашаан дотор 7.4 га газрын барилгын суурийн цутгалтаа төмөр карказ болтол нь хөрөнгөө зарсаар байв. Энэ хүртэл 25 тэрбум төгрөг зарсан гэж Ж.Сансар хэвлэлд ярив.

2016 оны сонгуулиар МАН ялж, Засгийн газар солигдлоо. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хамгийн түрүүнд Ц.Нямдорж хэвлэлд дурдагдсан уг асуудлыг УИХ-ын дэд дарга байхдаа  сөхөж гаргав.

 Тэрээр, “Ж.Сансар гэж хотын захиргаа, Харилцаа холбооны зохицуулах газарт ажиллаж байсан залуу харагдаж байна лээ. Танилтай болоод л газар авч байхгүй юу. Танилгүй бол тэрэнд Их тэнгэр рүү харсан газар ч олдохгүй. Үнэхээр АСЕМ-ийн барилга барья гэж бодсон бол, амжиж бариулъя гэж бодсон бол чадалтай компаниудад өгч болох байсан. Гангар инвестээс эхлүүлээд Чойжоогийн компани, МСS гээд есөн шидийн чадалтай компаниуд байна. Яахаараа 2015 оны нэгдүгээр сард байгуулагдсан компанид АСЕМ-аас өмнө амжуулаарай гэж тавдугаар сард зөвшөөрөл өгдөг юм. Амжихгүйг нь мэдсээр байж. Яг ингээд ирэхээр Монголд луйвар явагддаг байхгүй юу. Нэг шинэ компани байгуулаад л тэрэндээ төр, засгийнхан юм өгөөд ирэхээр л цаана нь танил тал, луйвар байдаг юм. Угаасаа барьж амжихгүй байхад газрыг нь өгөөд луйвар хийчихсэн юм байна гээд би асуудал тавьсан” гэж бидэнд ярьж байв.

 Араас нь 2018 онд Н.Цэрэнбат Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа “Шинэхэн групп”-д ашиглуулахаар болсон газрыг цуцлав. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат бидэнд “Шинэхэн групп мөнгө бэлэн, АСЕМ болоход барьчихсан байна гэж газар залилж авсан байгаа юм. Энэ бол одоогийн Тендерийн хуулиар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн асуудал. Шинэхэн групп анх хүсэлт өгсөн бичигтээ хөрөнгө оруулалт бэлэн, Японы том корпораци орж ирж барина гэсэн. Анхнаасаа газар олгохдоо хянаж, нягталж яваагүйгээс ийм асуудал үүссэн гэж болно. Дээрээс нь Шинэхэн группэд газар олгосон Засгийн газрын тогтоолыг нөхөж гаргасан юм билээ. Бид хуулийнхнаар үзүүлсэн. Ер нь, өөрсдөө алдаатай зүйл хийсэн бол төр аль болгон алдаатай зүйлийг нь залруулах вэ” гэж ярьж байлаа.

Ж.Сансар, Ч.Амарбаатар, А.Мөнхбат гурав Засгийн газрыг шүүхэд өгч, 22 тэрбум төгрөг нэхэмжиллээ. Захиргааны хэргийн анхан шатны шүүх үнэлгээний дүнг үндэслэн 16 тэрбум төгрөг төсвөөс гаргуулж Шинэхэн групп-д олгуулахаар шийдвэрлэжээ. Харин карказыг ашиглаж Байгалийн түүхийн музейг Их тэнгэрт шинээр байгуулахаар болсон байдаг. Гэтэл АСЕМ-ыг зохион байгуулах нийт зардал 21.8 тэрбум төгрөг байсан юм.

Эндээс хэдэн асуулт гарна.

  1. Монголд зургаахан сарын туршлагатай компани АСЕМ-ын барилга барих зөвшөөрөл авах байсан уу?
  2. Зургаан сар биш 10 жилийн туршлагатай компани таван одтой 9 давхар зочид буудал болон хурлын цогцолборыг 8 сарын хугацаанд багтааж барих байсан уу?
  3. Хөрөнгө оруулалт нь яг таг шийдэгдээгүй компанид АСЕМ-ын чухал объектыг даалгах зүрхтэн хэд вэ?
  4. Шинэхэн групп анхнаасаа АСЕМ-аас өмнө барьж дуусгана гэж төлөвлөсөн байв уу, амжихгүй учраас нөхөн олговроо авна гээд нэмж бариад байв уу?
  5. Засгийн газрын буюу танхимын шийдвэр учраас хохирлыг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөх ёстой юу. Буруутай албан тушаалтнаас гаргуулах ёстой юу?

Бид мэдээллийг тэнцвэржүүлэх зорилгоор шүүхийн танхимд болсон яриаг товчлон хүргэж байна.

 

  Шинэхэн группийн үүсгэн байгуулагч Ж.Сансар: Төр хувийн хэвшлийн түншлэлийн сайхан жишээ болох байсан

-Энэ төсөл уг нь хэрэгжээд дууссан бол төр хувийн хэвшлийн түншлэлийн маш сайхан жишээ болох байсан. Төрийн хагас мэдлийн байгууламж болох байсан. Гэтэл үүнийг нэг компани хувийн хаус барих гэж байсан юм шиг сэтгэлгээгээр ярьж, хэвлэлээр маш их бичсэн. Харамсалтай нь одоо музей болсноороо Их Тэнгэрийн амны анхны зорилго жоохон өөр болж ирэх гэж байгаа юм шиг байна. Гэхдээ бид нар музей болж байгаад нь баяртай байгаа. Ер нь Их Тэнгэрийн ам ард нийтэд нээлттэй болж байгаа явдалд талархалтай байгаа.

Шинэхэн группийн хөрөнгө оруулагч Ч.Амарбаатар: ТТХГ-ынхан зөвшөөрөл өгөхгүй байсаар хугацаа алдуулсан

-Би энэ төсөл рүү сүүлд орж ажилласан. Санаачлагч нь биш. Хэдийгээр газар ашиглах шийдвэр нь 2015 оны 5, 6 дугаар сард гарсан гэдэг боловч Төрийн тусгай хамгаалалтынхан газар дээр ажил эхлэхтэй холбоотой зөвшөөрлийг өгөхгүй байсаар 10 дугаар сард барилга барьдаг хугацаа өнгөрсөн хойно өгсөн. Үүн дээр надаас их мөнгө гарсан. Би мөнгө хийхийг хүссэн бол ийм төсөлд биш аль нэг уул, уурхайн төсөл дээр мөнгө зарах байх. Бид нар Монгол Улсын төлөө гээд энэ төслийг хэрэгжүүлсэн юм. Би Ерөнхий сайдтай уулзахдаа түүний тавьсан санал, гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаагаа хэлсэн. Тэнд гурван хүн 3 километрийн цаана байдаг л юм байгаа биз. Наагуур нь хашаа татчихаад л шийдэх асуудал.

Шинэхэн группийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н: Засгийн газар шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хууль зөрчсөн

-Байгаль орчны яам маргаан бүхий тушаалуудыг гаргахад “Шинэхэн групп” ХХК-аас нэг ч удаа тайлбар авах болон шийдвэрийн талаар урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй. Ч.Амарбаатар, Ж.Сансар нарын бухимдаад байгаа зүйл нь тэр юм. БОАЖЯ-ныхан “Манайх ийм шийдвэр гаргах гэж байна, нотлох баримтуудаа аваад ир гээд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийх ёстой байсан. Засгийн газар тогтоол гаргаж, хүчингүй болгож болно. Гэхдээ хууль номын дагуу байх ёстой. Бид нарын эрх ашиг хөндөгдөөд байна. Газрын тухай хуульд заасны дагуу 2 жил ашигласангүй гэж цуцалсан. Гэтэл тэнд 2015 оноос барилгын ажил хийгдэж байсныг бүгд мэдэж байгаа. Засгийн газар үүнийг урьдын Засгийн газар худлаа зүйл хийчихсэн байна гээд буцаагаад музей барих гэж байгаа бол шударга ёсны зарчмын үүднээс хандах ёстой.

   

Байгаль орчин аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б: АСЕМ-ын үйл ажиллагаанд зориулж барилгаа барьж чадаагүй

-“Шинэхэн групп” анх ерөнхий үнэлгээнд заасан хугацаандаа АСЕМ-н үйл ажиллагаанд зориулж тухайн объектоо 2 жилийн хугацаанд барьж, байгуулж чадаагүй. Мөн энэ газар нь ТТХГ-ын хамгаалалтын бүс буюу хашаан дотор байдаг газар юм. Тэр газар 1951 оноос хойш төрийн өндөр дээд албан тушаалтан байрладаг, гадаад, дотоодын өндөр албан тушаалтнуудын хурал, семинар явагддаг газар. Тийм учраас Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан төрийн нууцлалтай холбоотой асуудал байгаа юм байна. Ийм тусгай хамгаалалттай газарт хувийн компанид газар ашиглах шийдвэр гаргасан нь төрийн нууцад халдаж байгаа хэрэг. Төрийн мэдээлэл задрах Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан зохицуулалтуудыг зөрчиж байна гэж үзэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С: Хууль зөрчсөн тогтоолыг Засгийн газар өөрөө хүчингүй болгосон

- Тусгай хамгаалалттай газар нутагт газрыг гэрээний үндсэн дээр ашиглуулах шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн яам гаргахаар байсан. Гэтэл энэ хуулийн зохицуулалтаас өөрөөр буюу Засгийн газраас 2015 онд нэхэмжлэгч тал болох “Шинэхэн групп” ХХК-д газар ашиглахыг зөвшөөрөх агуулга бүхий тогтоолыг гаргасан. Энэ нь Засгийн газрын хууль болон холбогдох хуулийг зөрчсөн. Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газрын тогтоол захирамж хуульд дүрэмд нийцээгүй бол энэ шийдвэрийг Засгийн газар өөрөө эсхүл УИХ хүчингүй болгоно гэж заасан. Энэ хүрээндээ Засгийн газар нэгэнт хууль зөрчиж гаргасан энэ тогтоолоо 2018 оны 272 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Энэ шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх бололцоогүй.

   

 Төрийн тусгай хамгаалалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А: Төрийн эзэмшлийн газрыг Шинэхэн групп хууль зөрчиж авсан

-2015 оны 01 дүгээр сард байгуулагдсан компани буюу “Шинэхэн групп” ХХК хөөцөлдсөөр байгаад энэ газар дээр 6 дугаар сард гэрчилгээ авчихсан байсан. Тэр бүх процессыг бид нар маш сайн мэдэж байгаа. Яаж 2015 оны 1 дүгээр сард байгуулагдсан компани тухайн оныхоо 6 сарын хугацаа өнгөрөнгүүт тэр газар дээр газар авчихдаг юм бэ. Энэ нутаг дэвсгэр дээр байгаа бүх объект, бүх шугам сүлжээ Төрийн хамгаалалтын эзэмшлийнх, цаашаа төрийн эзэмшлийнх. Тэгэхээр бодит эзэмшил байсан газрыг хууль зөрчин “Шинэхэн групп” ХХК авсан. Байгалийн түүхийн музей гэдэг төрийн өөрийнх нь шийдвэр. Байгалийн түүхийн музей хувь хүний эзэмшлийн биш, хувийн компанийнх биш. Тэгэхээр энэ “Шинэхэн групп” ХХК-нд өгсөн эрхийг цуцалсан шийдвэрийг манай байгууллага зөв гэж үзэж байгаа. Бодит эзэмшилд нь байсан Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын эрх ашиг зөрчигдөж байна гэж үзэж байна. Тийм учраас “Шинэхэн групп” ХХК-ийн нэхэмжлэлийг дэмжихгүй байна.

ЭХ СУРВАЛЖ:Zaluucom

http://www.zaluucom.mn/read/5151caecg


URL: