Төр хувьцаанаас ялгаварласан 600 мянган иргэндээ хэзээ ашиг хүртээх вэ?

1072

Монголчууд түүхэндээ бараг анх удаа хувьцааны ноогдол ашиг гээчийг гартаа атгаж үзлээ. Хэдэн он дамнан шүүмжлэл дагуулсан 1072 хувьцааны ноогдол ашгийг хоёр сая гаруй иргэн хүртээд байна. “Эрдэнэс таван толгой” компанийн 1072 хувьцааны нэгж  үнэ 90 төгрөг байхаар тооцож  86832 төгрөгийг иргэдэд тараалаа.Иргэд хувьцаагаа худалдан борлуулсан эсэхээсээ хамаарч 20-30 мянган төгрөгөөс эхлээд тэтгэвэр тэтгэмж, сургалтын төлбөр хэлбэрээр авсан ч олон байна. Ийнхүү “Эрдэнэс таван толгой” компанийн 10 гаруй хувийг эзэмшиж байгаа хоёр сая иргэнд 179 тэрбум төгрөгийг өнгөрсөн оны орлогоосоо хуваарилав. Гэтэл Монголын төр хоёр сая иргэндээ хувьцааны ноогдол ашиг хүртээчихээд 0-8 настай балчируудыг нүдийг нь бүлтийтэл үлдээв. Тодруулбал, Засгийн газрын тогтоолоор 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ноос хойш төрсөн хүүхдүүд ногдол ашиг хүртээсэнгүй. Энэ хугацаанаас хойш 600 орчим мянган хүүхэд төржээ. Чухам яагаад 600 мянган иргэнээ алагчилж 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн бол азгүй гээд үлдээж байна вэ. Уг нь 1072 хувьцааны ноогдол ашиг тараана гэж ярьснаас хойш 600 мянган иргэнд ямар журмаар хэрхэн эзэмшүүлэх талаар зохицуулалт хийх хугацаа хангалттай байлаа. Гэвч төр санал санаачлага гаргах нь битгий хэл огтхон ч хөдөлсөнгүй. Энэ талаар албаны хүмүүсээс асуухаар “Ногдол ашиг хуваарилах эсэх нь Засгийн газрын бүрэн эрх. Ерөнхий сайд дэмжиж байгаа” гэж  ам тагласаар ирсэн. Гэтэл бодитоор ажил хэрэг болсон зүйл алга.

Монгол Улс удахгүй Баялгийн хуримтлалын сантай болно. Энэ зохицуулалтыг тусгасан Баялгийн сангийн бие даасан хуулийг бэлэн болгоод байгаа юм. Ингэхдээ “Эрдэнэс Монгол” компанийг цаашид хэрхэх вэ гэдэг дээр олон судалгаа хийсний үр дүнд Үндэсний баялгийн сан хэлбэрээр өөрчлөн зохион байгуулах нь зүйтэй  гэж үзсэн байна.
Харин эрхзүйн чадамжийг нь Үндэсний баялгийн сангийн хуулиар баталгаажуулж, олон улсад нийцүүлсэн сантай болох гарцыг олж харсан. Баялгийн сангийн менежмент, удирдлага нь “Эрдэнэс Монгол” компанид байх бол тодорхой эрхийг парламент шийдэхээр хуулийн төсөлд тусгажээ. Баялгийн сангийн тухай хуулийг боловсруулахдаа олон улсын жишгээр үндэсний баялгаа иргэдэд тэгш хүртээмжтэй, үе хооронд хуваарилахаар болсныг ажлын хэсгийнхэн хэлж байна.
“Баялгийн санд 100 сая төгрөг байлаа гэхэд гурван сая иргэнд тэгш хувааж өгнө гэсэн үг биш. Тэгш хүртээмжтэй гэдэг нь өнөөдөр болон ирээдүйд төрөх үр хүүхдүүд бүгд хүртэх ёстой. Баялгийн өгөөжийн тодорхой хувь нь ирээдүйд үлдэж, хэдэн үеэрээ тэгш хүртэхийг үе хооронд тэгш хүртээмжтэй хуваарилна гэдэг агуулгаар суулгаж өгсөн” гэдгийг Баялгийн сангийн хуулийн төслийн техникийн ажлын хэсгийн ахлагч Б.Сүндэръяа ярьсан юм. Олон улсын жишиг ч ийм байдаг аж. Эндээс харвал Монгол Улс байгалийн баялгаа одоо байгаа болон ирээдүйд төрөх хүүхдүүдээ ч тэгш хуваарилж хуримтлал үүсгэн хадгалах юм. Гэтэл өнөөдөр хоёр сая гаруй иргэнд сүр дуулиантайгаар 1072 хувьцааны ноогдол ашиг тарааж буйгаа зарлаж байгаа хэрнээ 600 мянган хүүхдээ ялгаварлаж байгаа нь хүний эрхийн зөрчил биш үү. “Эрдэнэс таван толгой” компани цаашдаа ч орлого өсөхийн хэрээр ногдол ашиг ч нэмэгдэнэ гэж байгаа. Тэр болгонд Монголын ирээдүй, үнэт баялаг болсон иргэнээ ялгаварласаар л байх вий.
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: