Сэрэмжлүүлэг: Найман настай хүүхэд буугаар тоглож байгаад дүүгээ “хөнөөжээ”

news_101487_1

Бага насны хүүхдүүд галт зэвсгээр тоглож байгаад сум алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн нэгэн сумын эмнэлэгт зургаан настай эмэгтэй хүүхэд буудуулсан шархтай хүргэгдэн ирээд нас барсан байна. Мэдээллийн мөрөөр эрэн сурвалжлахад, уг хэрэг явдал есдүгээр сарын 26-ны өдөр болсон бөгөөд хүүхдүүд тоглож байхдаа буугаар оролдсоны улмаас санамсаргүйгээр сум алдсан болохыг тогтоожээ.

Эх сурвалжийн хэлж байгаагаар “Найман настай эрэгтэй өөрийн дүү зургаан настай эмэгтэй нар хоорондоо тоглож байхдаа ТОЗ-8 маркийн галт зэвсгээр оролдож, буу алдсаны улмаас дүү нь амь насаа алдсан” гэсэн юм.

Уг хэргийг одоогоор Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна. Энэ сард сум алдсан хэд хэдэн хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Эргэн сануулахад, ердөө 18 хоногийн өмнө буюу есдүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын захын нэгэн дүүрэгт айлын цонх руу санамсаргүйгээр буудсан хэрэг гарч байв. Тухайн үед айлд хүн байсан ч азаар суманд оногдоогүй юм.

Иймд эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, галт зэвсгийг хүүхдийн гар хүрэхгүй газар тавьж, хуулийн дагуу хадгалахыг анхааруулж байна.


URL: