Дөжирсөн бизнест ДӨНГӨЛҮҮЛСЭН нийслэлчүүд

achiltОдоогоос 30 жилийн өмнө автомашин тансаг хэрэглээнд тооцогддог байсан бол өнөөдөр зүгээр л хувь хүний хэрэглээ болжээ. Энэ хэрээрээ түгжрэл, замын ачаалал нэмэгдэж, зогсоол ч олдохгүй иргэдийг бухимдуулах олон асуудал гарч байна.

Зогсоолгүй учир машинаа ачууллаа гэх уур бухимдал хаа сайгүй. Үнэхээр нэгдүгээр эгнээнд тавиад, замын хөдөлгөөнд саад учруулж байгаа бол ачих нь зөв. Мөн ном журмынх нь дагуу тухайн жолоочид мэдэгдээд ачиж байгаа бол бас хүлээн зөвшөөрнө. Гэтэл ачилтынхан гэж “мангас”-ууд хулгай хийж байгаа мэт отож байгаад, эзэн нь буугаад нэг тийш орохыг анаж байгаад машиныг нь ачаад зугтчихдаг болсон тул иргэд бухимдахгүй гээд яах билээ.

Ачилтын ажилтнууд аль хавиас машин ачвал боломжтой байдаг талаар бүр мэргэшсэн гэхэд болно. “Тэнгис” кино театрын ард талаас машин ачиж амташсан хэдэн нөхөд бий. Мөн эмнэлгүүдийн гаднаас бол байнга ачиж харагддаг. Өвчтэй зовлонтой, асуудалтай иргэд л эмнэлгээр үйлчлүүлж байгаа. “Өвчтэй ээжийгээ үүрч ороод, эмчид үзүүлээд, гараад ирэхийн завдалгүй машин ачаад явчихаж. Одоо яах вэ” гэсэн бухимдал саяхан фэйсбүүкэд бичигдсэн байсан. Энэ залуу ээжийгээ гэх үү, машин аа гэх үү. Энэ мэт хүмүүсийн зовлонгоор мөнгө олдог “бизнес” хэнийх юм бол.

Бас нэгэн жолооч “Монгол Улсын Ерөнхий сайд аа, нийслэлийн Засаг дарга аа, та бүхэн хэдий сайд дарга боловч эгэл хүний нэгэн адил өвдөж зовох орчлонг орхих нь туйлын үнэн шүү. Эмнэлгүүдийн гадна хүртээлтэй зогсоол бий болгож өг. Өвдөж зовсон, тэр ч бүү хэл үхэл хагацал үзсэн хүмүүсийн машиныг эмнэлэгийн гаднаас хулгайлж ачдаг хүмүүс жудаггүй зангаа тат. Хүний зовлонгоор гэдсээ тэжээх чинь сайны үр биш. Хожим лай ланчиг нь үр хойчид чинь тусах вий.  Эмнэлэгт жаргал хөөсөн хүн ирдэггүй санаж яв” гэж бичсэн байв.

Анх Э.Бат-Үүл хотын дарга байхад ийм шийдвэр гарч байсан. Уг шийдвэрийг хэрэгжүүлэхдээ тухайн автомашины жолоочид мэдэгдэж, цагдаагийн зөвшөөрөлтэй ачих ёстой гэж журамд тусгасан байдаг ч энэ нь огт хэрэгждэггүй.

Ачилтынхан цагаан хоолойгоор тухайн машины улсын дугаарыг зарлаж эхлээгүй байхад л нэг ачигч нь үсэрч буугаад, машиныг өргөгчтэй холбож байх жишээтэй. Ингээд хоёр гурван удаа зарласан болоод зугтаад арилж оддог. Араас нь жолооч нь гүйгээд ч нэмэргүй. Ийм үзэгдэлтэй хүн бүр таарсан байх. Ингээд журмын хашаанд орсон л бол 70 мянган төгрөгөөр торгуулна. Зарим иргэд гомдол мэдүүлж, эсэргүүцдэг ч ачилтынхан тоож байгаа шинжгүй.

Ийм л дөжирсөн, цайрчихсан бизнест нийслэлчүүд дөнгөлүүлээд яаж ч чадахгүй хий дэмий бухимдсаар таван жил болжээ.

https://zindaa.mn/3e6j


URL: