“Монголросцветмет”-ийн өр зургаан сарын дотор 12.5 тэрбумаар нэмэгджээ
“…Төр хамгийн муу менежер” гэдэг хэлц 1990-ээд оноос хойш гарсан. Хожим нь тэр үгийг “…Аа, муусайн хувьчлалын луйварчид ийм үг гаргасан. Төр бол хамгийн сайн менежер байх ёстой” гэцгээсэн. Ингэж заасан хүмүүсийн замаар замнасаар төрд авч болох “юм”-нуудыг авчихдаг болов.
Газар, уул уурхайн орд, үл хөдлөх хөрөнгө гээд “төрд эргүүлэн” авсаар олон нийт ийм мэдээлэлд дөжирчихсөн байна.
Эдгээрийн нэг нь “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг төрд авч, ХХК статусыг нь ТӨҮГ болгосон явдал юм.Төрийн өмчид очсон эдгээр үйлдвэрийн орлого ашиг хэр зэрэг нэмэгдсэн бэ. Маркетинг, менежмент нь ямархуу түвшинд очсон бэ.
Хоёуланг нь ухаад үзвэл “Эрдэнэт үйлдвэр” нь ашигтай ажиллалаа гэсэн мэдээллээр бөмбөгдөөд, “Монголросцветмет”-ийн өр чимээ аниргүй нэмэгдээд байгаа үзүүлэлт гарч ирж байна.
“Монголросцветмет” анх 1973 онд БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх зорилготойгоор байгуулагджээ. Өдгөө 47 дахь жилдээ ажиллаж байна.
Харин үйл ажиллагаа нь маш нууцлагдмал.
Уг нь Төрийн өмчит энэ үйлдвэрийн харьяанд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд “Бор-Өндөр”уулын баяжуулах үйлдвэр, Төв аймгийн Заамар суманд “Шижир алт” ХХК, “Зэрэгцээ” алтны үйлдвэрүүд ажилладаг. Мөн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт Өндөрцагаан-1 /MV-011721/ нэртэй ашиглалтын лиценз, “Хяргас нуур” ордын зэсийн нөөц тогтоогдсон болон таамаг зэргээр 15 тн алт бүхий хувирлын бүстэй 7260,73 га хэтийн төлөв бүхий талбайд ашиглалтын лиценз, Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт “Өргөн“-ий MV-000164, MV-012884, MV-013440 тоот ашиглалтын лицензтэй нийт 77.7 га талбайтай хайлуур жоншны орд, Дорноговь аймгийн Иххэт сумын нутагт 141.8 га талбайг хамарч оршдог “Зүүн цагаан дэл”-ийн хайлуур жоншны MV-011722 тоот ашиглалтын лицензтэй орд зэргийг эзэмшдэг.
Өөрөөр хэлбэл, “Монголросцветмет” ТӨҮГ нь хайгуулын гурван лиценз, ашиглалтын 27 лиценз эзэмшдэг.
Эндээс хайлуур жоншны 13, алтны хайгуулын гурав, ашиглалтын долоо, мөнгө, холимог-металлын ашиглалтын дөрөв, төмрийн ашиглалтын нэг, холимог-металлын ашиглалтын нэг, зэсийн ашиглалтын нэг лицензийг тус тус эзэмшиж байна.
Харамсалтай нь энэ компанийн захирлуудын менежмент дутаж, ашигтай ажиллах байтугай өр шир нэмээд сүйд болж буй бололтой.
2020 оны эхний хагас жил буюу нэгдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 30-ны хооронд “Монголросцветмет”-ийн нийт өр 12.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 74.1 тэрбум болсон байна. Урт хугацааны өр төлбөр нь 11.2 тэрбум хэвээрээ, харин богино хугацааны өр төлбөр нь 50.3 тэрбум байснаа 62.9 тэрбум төгрөг болж өссөн байна.
Уг нь 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт өр нь 61.6 тэрбум төгрөг байжээ. Гэтэл УИХ-ын сонгуулийн өмнөх зургаахан сарын дотор ийм болтол нэмж “чадсан” байгаа юм.
Өр нэмэгдсэн байдлыг нь харвал цалингийн өглөг 400 сая, татварын өглөг 1.5 тэрбум, нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг 247 сая, хүүний өглөг 1.1 тэрбум, ногдол ашгийн өглөг 5.2 тэрбумаар өсчээ.
Гэсэн атал урьдчилж орсон орлого нь 6.1 тэрбумаар өссөн байна.
Мөн 2019 оны зургадугаар сарын 30-ны байдлаар нийт ашиг нь 45.4 тэрбум төгрөгт хүрч байсан бол жилийн дараа буюу энэ оны зургадугаар сарын 30 гэхэд 33.7 тэрбумын ашигтай хэмээн гарч, зөрүү нь 11.7 тэрбум төгрөг болжээ.
Түүнчлэн түрээсийн орлого нь 184.4 саяас 103.2 сая , хүүгийн орлого нь 79.1 саяас 42.5 сая , бусад орлого нь 2.03 тэрбумаас 1.9 тэрбум болж буурчээ. Гэтэл борлуулалт маркетингийн зардлыг 8.9 тэрбум байсныг 13 тэрбум, ерөнхий ба удирдлагын зардлыг 3.0 тэрбумаас 3.7 тэрбум, бусад зардлаа 2.98 тэрбум байсныг 3.5 тэрбум болтол өсгөжээ.
Ийм учраас жилийн өмнө 22.9 тэрбумд хүрч байсан цэвэр ашиг 10.4 тэрбум төгрөг болж буурсан байгаа юм.
“Монголросцветмет”-ийн 2019 оны зургадугаар сарын 30-аас 2020 оны зургадугаар сарын 30-ны хооронд гарсан ашиг, алдагдлын талаарх тоон үзүүлэлт нь энэ байна.
“Монголросцветмет” –ийг Батмөнхийн Мөнхбат удирддаг. Өмнө нь Бор-өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн захирал байсан түүнийг ТӨБЗГ-ын 2018 оны аравдугаар сарын 29-ний өдрийн А-1/4178 тоот албан бичгээр “Монголросцветмет” -ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Дараа нь 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас тэр хувийг төрд авч ТӨҮГ болгох шийдвэрийг гаргасан. Ингэснээр ТӨБЗГ-ын 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 90 дугаар тогтоолоор “Монголросцветмет” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлаар Б.Мөнхбатыг томилсон байна.
Үндсэндээ Б.Мөнхбат “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирлаар хоёр жил ажиллаж байна. Ажлын үр дүн нь иймэрхүү… Ердөө зургаан сарын дотор 12.5 тэрбумын өртэй ажилласан. Ашиг буурсан. Ийм л байна. Тэгэхээр “…Төр ямар менежер вэ” гэсэн асуултыг дахин тавих цаг болсон байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.9.28 ДАВАА № 187 (6412)
URL: