Хойд эцгийнхээ гарт амиа алдсан 9 настай охиныг өнөөдөр нутаглуулжээ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 20-ны өдөр хойд эцгийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан 9 настай Э охиныг өнөөдөр гэр бүл, төрөл төрөгсөд нь нутаглуулж, эцсийн замд нь үджээ.
Цагдаагийн алба хаагчид Э охины үхэлд түүний хойд эцэг гэх М.Баттулга гэгчийг сэжиглэн, шалгаж буй юм. Тэгвэл сэжигтэн анхны байцаалтаар хэргээ хүлээсэн гэж Х.Нямбаатар сайд мэдэгдээд буй. Мөн шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр талийгаач охин гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, хэд хэдэн удаа хүнд бэртэж, улмаар амиа алдсан гэх дүгнэлт гарсан талаар албаны эх сурвалж мэдээлсэн.
Тэгвэл уг хэргийн сэжигтэн буюу охины хойд эцэг М.Баттулга нь талийгаачийн ээж болох Б-тэй 2016 оноос хойш хамтран амьдарч байгаа. Хоёр дагавар охин, бие давхар эхнэр, өөрийн төрсөн 2.8 настай хүүтэйгээ хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны … тоотод амьдардаг. Мөн заримдаа тус дүүргийн IX хороонд амьдардаг байсан.
М.Баттулга нь 1984 онд төрсөн одоо 36 настай. Тэрбээр бүрэн дунд боловсролтой бөгөөд “Оюу-Толгой” компанид гэрээт ажилчин байсан. Харин хоёр жилийн өмнө ажлаасаа гарч, Улаанбаатар хотод барилгын засал чимэглэл хийдэг байжээ. Ажилгүй үедээ архи ууж, гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлддэг байсан байна. Хоёр настай дүүгээ “олигтой харахгүй” байна гэдэг шалтгаанаар талийгаач охин Э-г удаа дараа зодож, хүнд гэмтээж байсан. Сэжигтэн хурц, ширүүн зантай бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэдгийг хөршүүд нь батлан хэлж байгаа юм гэж зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Isee.mn
URL: