Утаа бууруулсан гавьяатай, “ӨНДӨГЛӨГЧ” үйлдвэрээр…
Нийслэл өвөлд бэлэн үү” гэх асуултад хариулах цаг айсуй. Улаанбаатарын утааг 50 хувиар бууруулсан гэх гавьяаны эзэн болж, магтаал сайшаал хүртсэн, баруун бүсийн “Сайжруулсан шахмал түлш”-ний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү нүүрсний ачаар өнгөрөгч өвлийг нийслэлчүүд утаа багатай давсан ч сайны хажуугаар саар гэгчээр иргэд угаартах, түлшний нийлүүлэлт бага, алслагдсан хороонд хүрэлцэхгүй, картаар борлуулсан нөхцөл нь бодит амьдралд нийцээгүй, нэгдсэн цэгүүдийн хяналт шалгалт дулимагаас үүдэлтэй орлого тушаалт бага байсан зэрэг асуудал ар араасаа гарч байв. Мэдээж аливаа ажлын эхлэл алдаа, оноотой байх нь бий. Тэгэхээр хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилж буй энэ өдрүүдэд дээрх бэрхшээл ирэх өвөл давтагдах уу, “Тавантолгой түлш” компанийн ажилтнууд нийслэлийн хүн амыг шахмал түлшээр хангахад бэлэн үү гэдэгт хариулт хайж, 22-ын товчоон дахь тус үйлдвэрийн ажлын нэг өдөртэй танилцлаа.
07:00 цагаас эхлэн үйлдвэрийн үүд, хаалга амрахгүй савлах ажээ. Аажилчдын хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр үйлдвэрийн гадна талбайн авто машины зогсоол дүүрнэ. Ажлын хувцсаа өмссөн болон энгийн хувцастай хүмүүс ажлын байрны цөм хэсэг буюу үйлдвэрлэл өрнөж байгаа хэсэг рүү яаран алхална. 08:00 цагийн үед ажилчдын автобус ирж, 09:30 минутад шөнийн ээлжээс буусан ажилчдыг суулгаад, хот руу хөдөллөө. Тус үйлдвэр нь ажилчдын хоёр автобустай бөгөөд хуваарийн дагуу ийнхүү үйлдвэр болон нийслэлийн төв хэсэг рүү зөрдөг аж.
Тус үйлдвэрийн үүдэнд Дотоодын цэргийн алба хаагчид гаднаас ирэх ажилчин болон бусад хүмүүсийг нэг бүрчлэн шалган оруулах юм. Өнгөрсөн тавдугаар сард тус компанийн үйлдвэрлэлийн бүсийг улсын онцгой объект болгож, компанийг Дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүлсэн энэ аж.Шалганаар ортол, талбайн үүдэнд ажилчдын амралтын болон хувцас солих хоёр байр харагдана. Мөн дахиад хоёр байр барихаар барилгын карказыг босгожээ. Хойно нь оффисын барилга босож байгаа бол хажууд нь гарааш байрлах гэнэ. Оффисын байр руу ороход ажилд орохоор анкет бөглөсөн залуус урт дараалал үүсгэжээ. Энэ үеэр хүний нөөцийн мэргэжилтэн н.Баярцэнгэл тэдгээр залуусыг дагуулан цааш явлаа. Тэдэнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар, зөвлөгөө өгөхөөр ийнхүү яваа юм.
Ингээд түлшийг борлуулалтын цэгүүдэд хүргэх, иргэдээс захиалга авах зэрэг хамгийн чухал ажлыг дээрх залуус нугална. Тиймээс тэднийг мэдлэгжүүлэх, ажлынх нь чиг үүргийг тодорхой болгох ёстой аж. Ингээд Борлуулалт, маркетингийн хэлтэс рүү орлоо. Тус хэлтэс нь нийт найман хүний бүрэлдэхүүнтэй юм. Наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-ний хооронд борлуулалтын шинэ цэг болон хуучин цэгүүдийнхээ материалуудыг авч дуусжээ. Эхний ээлжинд хуучин гэрээт бүхий 250-иад цэг борлуулалтаа хэвийн үргэлжлүүлэхээр саналаа ирүүлсэн байгаа гэнэ. Харин шинээр гэрээ хийж, борлуулалтын цэг болох хүсэлтэй 800-гаад иргэний материалтай танилцаж, ирэх долоо хоногоос бүх цэгээ нээх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа онцоллоо.
Өнгөрсөн жил сайжрууулсан шахмал түлш борлуулах цэгийн шалгуурт тэнцэхийн тулд дараа төлбөрт дугаартай байх ёстойгоос гадна, хоёр сая төгрөгийн барьцаа байршуулах хэрэгтэй байжээ. Энэ жилийн тухайд урьдчилсан төлбөрт дугаартай иргэд байж болохоос гадна, барьцаа мөнгө байршуулах шаардлагагүй болжээ. Борлуулалт, маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Мөнхцог энэ талаар “Борлуулагч цэгүүдийн захиалгын дагуу тээвэрлэлтээ хийдэг. Одоо урьдчилсан төлбөрт болсон болохоор тухайн иргэн болон цэгийн санхүүгийн байдлаас шалтгаалаад хязгаарлалтгүйгээр авч болно. Байгуулагдаад уудаагүй болохоор иргэдээс санал, гомдол ирж байгаа. Энэ жил бид илүү туршлагажсан. Тиймээс иргэдээс ирэх гомдол, санал багасна байх” гэв.
Тухайн Баруун бүс дэх төв нь нийт дөрвөн үйлдвэртэй бөгөөд үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн хувьд бүгд ижил горимоор ажилладаг байна.Тус үйлдвэрийн хамгийн чухал хэсэг нь аюулгүйн ажиллагааны зааварчилгааны хэсэг. Тиймээс тус хэсгээс хамгаалалтын малгай, хантааз өмсөөд II үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Үйлдвэрийн хашаа дүүрэн ууттай шахмал түлш байх бөгөөд ачилтын 22 компанийн машин нүүрсээ ачиж, цэгүүд рүүгээ хөдөлцгөөж байв. Тус үйлдвэр рүү ормогц тоног төхөөрөмжүүдийн чанга дуу чимээ, дотор ажиллаж буй ажилчдын яриа, инээд хөөр биднийг угтав. Голд нь, шахмал түлшний хатаагч шугам байршуулжээ. Түүний дэргэд төмөр, тоосгоор хийсэн том пийшэн байх юм. Канвераар шахмал түлш хоёр цаг 30 минутын турш, 300 цельсийн температурт хатаж байж гарч ирдэг байна. Зун үйлдвэрлэлийн ачаалал буурсантай холбогдуулан урсгал засвар болон их засварын ажлыг хийжээ.
Шахмал түлшний түүхий эд болох миддлингийг бутлах явцад их хэмжээний тоос агаарт дэгдэж, ойр орчимд бохирдол үүсгэдэг аж. Үүнийг шийдвэрлэх зорилгоор үйлдвэр тус бүрд ажиллаж байсан бутлууруудыг битүү байртай болгох, цаашлаад бутлуурын нэгдсэн системтэй болгожээ. Тэрчлэн дамжлагын шугамаас их хэмжээний тоосжилт үйлдвэрийн орчинд гардаг байсан бол үүнийг битүүмжлэлтэй болгосон гэнэ. Ингэснээр үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө багасах аж. Мөн үйлдвэрийн орчны тоосжилтыг бууруулах зорилгоор үйлдвэрийн барилгуудад салхивч, гэгээвчүүдийг нэмэгдүүлж, үйлдвэрийн шалыг тогтмол хугацаанд цэвэрлэж, угаадаг байх системийг нэвтүүлсэн гэдгээ мэргэжилтнүүд онцоллоо.
Тус үйлдвэр нь өдөрт бүрэн чадлаараа ажиллавал 3000-4000 тонн шахмал түлш үйлдвэрлэдэг ба үйлдвэрийн дотор хаа сайгүй аюулгүй ажиллагааны зааварчилгаа, урмын үг бичиж байршуулжээ. Үйлдвэрийн гол хэсэгт удирдлагын операторын өрөө байх бөгөөд бүх шугамын ажиллагааг эндээс тохируулж, хянадаг байна. Шугамын доор төмөр нүхтэй, түлшний хэвлэгч харагдав. Түлш шугамаар урсан ирж, хэвлэгдээд хатаагч руу орох байдлаар дамжлага үргэлжилнэ. Ажилчид одоогоор хоёр ээлжээр ажиллаж байгаа бөгөөд эд ачааллын үеэр гурван ээлжээр ажилладаг гэв. Энэ дундаас хамгийн сайхан нь ажилчдадаа зориулж ”Хамгийн том алдаа бол итгэл алдах, ажилдаа дуртай хүн амьдралдаа зорилготой” гэх мэт үгс бичсэн үгс бүхий самбар нүдэнд туслаа. Энэ нь шороо тоостой, ачаалалтай ажилладаг ажилчдад урам зориг өгдөг, “сэргээш” ажээ.
Харин цаана бэлэн болсон шахмал түлшээ задгай талбайн агуулахдаа өрөн тавьжээ. Энд гэрээтэй ачилтын компанийн жолооч нар захиалгын дагуу борлуулах цэг дээр хүргэдэг байна. Захиалгын дагуу түлшээ өгөөд, илүү гарсныг нь өвлийн эрсдлийн нөөцдөө нөөцөлдөг байх юм. Тус талбайгаас бүх шахмал түлш 15:00 цаг гэхэд эцсийн байдлаар бүрэн гарч, хүрэх ёстой цэг рүүгээ зөөвөрлөгдсөн байх ёстой гэнэ. Тэгээд дараах өдрийн түлш шөнөдөө байршаад, мөн л дээрхийн адил ачигддаг байх юм. Өчигдрийн байдлаар 2000 гаруй тонн шахмал түлш үйлдвэрлэжээ. 25 кг-аар савладаг ч аж ахуйн нэгж болон бусад хэрэгцээнд нийцүүлэн нэг тоннын савлагаатай гаргаж эхэлж байгаагаа үйлдвэрийн ажилчид хэлж байв. Нэг тоннын савлагаатай арван уут шахмал түлшийг ачихад бэлэн болгож тавьжээ. Тэндээс уур савсаж байгааг харахад, шинэхэн түлш гэдэг нь хэнд ч ойлгомжтой байв.
ҮЙЛДВЭРЭЭС ХАЯГДАЛ ХОГ ГАРДАГГҮЙ
Том цэнхэр хатаагчийн урд 10-аад хүн гараар савлагаа хийж байлаа. Уутлаад нунтгийг нь үйлдвэр рүү оруулж, дахин боловсруулалт хийдэг болохоор өөр хаягдал гардаггүй гэв. “Ганжуур зам” компанийн жолооч Э.Дамжинбалжир “Ноднин хонон, өнжин очерлож байж нүүрсээ арай гэж авдаг байсан. Харин энэ жил тэгж удахгүй байна. Зохион байгуулалт сайжирчээ” гэсэн юм. Тухайн компаниас гэхэд л 20 гаруй машин нүүрс тээвэрлэлтэд явдаг аж. Том оврын машин хотын төв рүү орж болохгүй болохоор төв замуудыг тойрч, түгжирч олон цаг явсаар зорьсон газартаа буюу хэрэглэгчийн гэрт хүрдэг ажээ. Бид үйлдвэрлэлийн дамжлага бүхэнтэй танилцсаар автомат савлагааны хэсэгт ирлээ. Шахмал түлш 25 кг-аар савлагдаад, ам нь оёгдож талбайд хураагддаг байна. Хоёр хүн уутан дээр сар, өдөр бичиж байлаа. Савлагааны бичээч Х.Төрөө “Өмнө нь тоосжилт их байсан болохоор хэцүү байсан. Энэ жилийн хувьд ажиллах орчин нөхцөл харьцангуй сайжирсан. Ажилчид тоног төхөөрөмжөө бүрэн эзэмших чадвартай болохын тулд бүх шугамаа дамжин ажилладаг. Миний хувьд савлагааны бичээч. Энэ шугам дээр гэхэд л өдөрт дунджаар 3000 гаруй түлш савлагдаж, шошго нь бичигддэг” гэв.
АЖИЛЧДЫН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛД ОНЦГОЙ АНХААРДАГ
Тоосжилттой орчин учраас ажилчдын эрүүл мэндэд онцгой анхаарч барагшуун, хар сармис, эрүүл мэндийн ундаа зэргийг хоолтой нь хамт өгдөг байна. Жилд нэг удаа “Мөнгөн гүүр” эмнэлэгтэй хамтран эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд залуусаа хамруулдаг аж. Үйлдвэрт хөдөлмөрийн аюулгүй байдал чухал тул өдөр тутмын зааварчилгааг ээлжийн дарга нь, ажлын байр өөрчлөгдсөн буюу шинээр ажилд орж байгаа хүмүүст нэг бүрчлэн тодорхой хэлж өгөөд, эрсдлийг харсан даруйдаа үйл ажиллагаагаа зогсоохыг сануулдаг байх юм. Үйлдвэрийн ХАБЭА-н мэргэжилтэн Б.Эрдэнэбат энэ талаар “Эрсдэл алхам тутамд гардаг. Тиймээс аюул гаргахгүй байх талаас нь ажилтнаас эхлээд дарга нар бүгд хянамгай, дүрмээ санаж ажиллах ёстой. Ажлын байран дээр хүн бэртэх, техник гацах, эвдрэх тохиолдол өнөөдрийн байдлаар гараагүй. Өөрсдийн санамсар болгоомжгүйгээс хуруугаа зүсэх зэрэг бага зэргийн, хөнгөн шарх сорви үүсэх боломжтой. Гэхдээ энэ бол тухайн хүний санамсар болгоомжгүйгээс үүдэх бэртэл тул хариуцлагатай байхыг алхам тутамд нь сануулдаг. Мөн тухайн хана, болон шатны хэсэгт байрлуулсан урам зориг сэргээх үгсийг хараад залуусын идэвх сайжраасай, өөрөө өөртөө хайртай байгаасай, ажлын үнэ цэн, хөдөлмөрийн бүтээмжээ сайжруулаасай гэхдээ үйлдвэрийн өнцөг бүрд гоё үгс наасан” гэж онцлов. Энэ тухай хатаагч шугамын ажилтан Б.Цэрэнчимэд “Надад ажилдаа эзэн бай гэдэг үг хариуцлагатай, тууштай байхыг байнга сануулдаг” хэмээлээ.
ШАХМАЛ ТҮЛШ НЬ СТАНДАРТЫН ДАГУУ ҮЙЛДВЭРЭЭС “ТӨРДӨГ”
Технологич Ц.Отгонбаатар “Барьцалдуулагч бодис нь өмнөх жилийнхээс өөрчлөгдөөгүй. Энэ нь өөрөө байгалийн гаралтай болохоор ямар нэгэн хор агуулдаггүй. Түлшинд шаталтаас үүсэх бүхээг үнсэндээ барьж үлдэхийн тулд барьцалдуулагч шохоо агуулагдаж байгаа. Угаардалтын тал дээр иргэд буруу галлаж байгаагаас амь насаа эрсдэлд оруулдаг. Би өөрөө гэр хороололд амьдардаг. Өнгөрсөн жил 24 цагаар ажиллаад, гэртээ очоод галаа түлээд унтахад угаартаж, толгой өвсдөн асуудал ер гараагүй. Тэгэхээр айл, өрх бүрийн нүүрс хэрэглэдэг арга барилаас үүдэж, угаартах асуудал гардаг болов уу” гэж хэлэв. Энэ зун тус компанийнхан үйлдвэрийн шугамууд дээр сайжруулалт хийжээ. Бүтээгдэхүүнийг хатаахын тулд түүхий эдээсээ халаалт хийж, гарсан үнсийг үйлдвэрийнхээ талбайд буулгаж, цог нурмыг унтраагаад хогийн цэгт асгадаг аж.
Түлшний шинжилгээнд өгсөн дээж нь MNS56792019 стандартаар заагджээ. Бүтээгдэхүүндээ сайжруулалт хийх тусдаа баг ажилладаг байх юм. Тус компанийн Зүүн бүсийн шахмал түлшний төв гурван үйлдвэртэйгээр нээгдэхээр барилгын ажил болон бусад бэлтгэлээ ийнхүү базааж, үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий тус үйлдвэрийн ажил жигдэрвэл Нийслэл хотын айл өрхийн нүүрсний хэрэгцээг бүрэн хангах юм. Юутай ч сайжруулсан, шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагааны процесс хэвийн, хөдөлмөр шүтсэн ажилчид түлшээ үйлдвэрлээд, нөөцөлж байна. Дулаан явбал мянган лан гэж үг бий. Зууханд нүүрс байхад бусад нь угаасаа болох билээ. Өндөг шиг хэлбэртэй тус үйлдвэрийн дамждага бүрээс хэлбэр, дүрс, шинж чанараа олох сайжруулсан, шахмал түлшээр нийслэлчүүд гачигдахгүй өвөлжөөсэй хэмээсээр зорьсон ажлаа дүүргэв.
ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН
URL: