Л.Оюун-Эрдэнэ: Би Д.Гэрэлийг зүгээр орхихгүй
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь хэн нэгэн хоёр жил гаруй тагнаж, чагнасан гэх асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд өргөдөл гаргасан талаар бид мэдээлж байсан билээ. Тэгвэл түүний өргөдлийг Тусгай хяналтын дэд хороо шалгаад, прокурор руу шилжүүлж, одоогоор холбогдох байгууллагуудад шалгалт хийж байгаа юм байна.
Л.Оюун-Эрдэнэ гишүүн энэ талаар ярихдаа:
“ТЕГ-ын дарга Эрдэнэтийн 49 хувийн процесс явж байх үед надад удаа дараа шаардлага тавьдаг байсан. Тэр шаардлагыг хуулиараа ч тэр би биелүүлэх боломжгүй байсан. Үүнээс болоод хоёр, гурван удаа зөрчилдөх тохиолдол гарсан. Урьдчилсан байдлаар тогтоогдсоноор намайг уулзалт хийж байхад зарим газарт дагасан байж болзошгүй. Орсон газруудын бичлэгийг авах гэж оролдсон гэж ойлгосон. Гэхдээ мэдээж шүүх дээр эцэслэн тогтоогдох байх.” хэмээн ярьжээ.
Түүний хэлснээр ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл өөртэй нь холбоотой уулзалтуудыг нэг бүрчлэн бүртгэлжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон байна. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ гишүүн өөрт нь хангалттай нотлох баримт байгаа бөгөөд удахгүй үнэн илэрнэ гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Мөн тэрээр:
“Шулуухан хэлэхэд Д.Гэрэл гэдэг хүн энд тэнд УИХ-ын олон гишүүнтэй уулзаж, тайван орхиоч ээ, болиоч ээ гээд янз бүрийн юм яриад уулзаад яваад байгаа сураг дуулдаж байгаа. Би зүгээр орхихгүй. Эцсийг нь хүртэл явна. Шаардлагатай бол өгсөн мэдээллээ ил болгоно. Шат шатандаа нуугдаж явдаг ийм асуудалд цэг тавих болсон.” хэмээн ярьжээ.
Л.Оюун-Эрдэнэ гишүүн өөрийг нь тагнаж чагнах ажиллагаанд оролцсон байж болзошгүй гэж үзэн Тагнуулын байгууллагын 11 хүний нэрийг гаргаж өгсөн байна.
TUMEN.MN
URL: