Туулайн зүрх /Өгүүллэг/
Учир үл мэдэх Даануу нэг намын зуутын дарга болоод тэр жилийнхээ зун Сэрчмаа хүүхэнтэй нууцаар явалдаж хэвлийд нь үрээ юүлж тогтоов. Багийнхан нь нөхөд Даануугийн явдлыг дэндүү сайн мэдэх ч уг бусармаг явдлыг эхнэрт нь хэлээгүй байсаар байтал долоон жил өнгөрч бяцхан хөвүүн Даанууг зүрхний гажигтай болсоныг эхээсээ дуулжээ. Сэрчмаа нулмисаа залигин байж,
-Зуутын дарга Даануу зүрхний шигдээс гэдэг хэцүү өвчтэй гэнээ гэхэд хөөрхий бутач хөвүүн ” яана вэ” гэж эхээсээ асуув.
Маргааш өдөр нь Даануу тэдний гэрт тухлан хоноглож шөнө дундын алдад,
-Миний муу зүрхэнд туулайн зүрх л сайн гэнэ дээ. Бутны бор туулай, хадны цагаан туулай мундсан биш, хэдэн зүрх олж залгиад энэ бондгор хүүг дүүтэй болгоноо гэх сонсдов.Ээж нь тод инээж,
- Ноднин багийн дарга намайг дургүйцэхэд ” хоноцын шээс тээхээс залхахгүй юу, чи ! ” гэж доромжилсон. Чинийх дахиад чамайг өвчсөн данхгар юм гарна. Хэл амнаас айж байна гэвэл Даануу ” сая хийчихлээ ” гээд жиг жиг хөхрөв. Хөвүүн ингэж эцгээ мэдэж аваад туулай ангуучлах болжээ. Намрын сөл тасраагүй тул хүүс хүүс салхинд хамхуул хийснэ. Хамхуул бут, бударгана дундуур зай чөлөө олоод жирийх нь бутны бор туулайтай андуурам. Хөвүүн бөгөөс жалга дагасан элсэн хунгарт хэвтэж туулай хийгээд хамхуул алин болохыг анана. Нэг туулай нүдийг чавхаар сох харваж чарлан эргэлдэх хөөрхий амьтныг өшигчин өнхрүүлж алжээ. Алсан хойноо мохоо хутгаар хэнхдэгийг нь сийчиж долоовор хурууны үений чинээ зүрхийг суга татан авчээ.
Тэрээр жигтэйхэн баярлавч туулайн чарлан уйлах мэт зовлонт чарлаан хөвүүний чихэнд ч юмуу, зүрхэнд ч юмуу хоногшин хадсаар үлджээ. Ээж нь туулайн зүрхийг хатаав. Хөвүүнээ хөөрцөглөн магтав.Хөвүүн олон хоног туулайн чихэнд чийртэй чимээг тархиндаа хадгалж билээ.
Даануу багийн айл хотоор зуутдаа гишүүн элсүүлэх гэж давхихдаа таарсан болгонд туулайн зүрх захиж , зүүн цээжээ дарж
” зүдэж байнаа” хэмээн санаа алдана. Сэрчмаагийн хүү адтай болохоороо туулайн жим дээр хавх тавьж , дэгдэж явсан туулай урд хоёр хөлөө зэрэг гишгэн тасдуулжээ. Хөлгүй туулай нүгэлт хүнийг хараан хэнгэнэтэл хашгирч орилж байв. Хүүгийн айдас сэрж хөөрхий туулайг зовлонгоос салгалгүй орхин зугатжээ.Хоёр хоногийн мөнөөх туулай шархны халуунаар үхжээ. Туулайн үмхийрсэн ногоон зүрхийг хөвүүн авав. Даануу түүнийг залигиж араас нь аяга ус уугаад ” шидэт эм ” хэмээн бувтнаад гэртээ харилгүй гурав хоног халуурч хэвтээд арайхийн босохдоо ” надад туулайн зүрх зохихоо болих нь ээ. Сүжийн усны туулай ч дууслаа. Одоо Хүрэн өндөрийн цагаан туулайг бууднаа” гээд мордов.
Цагаан туулайны арьс олноороо махтайгаа өтөж , зуутын дарга Даануу цустай халуун зүрх залигидаг болов гэнэ. Даануугийн нүүр царай цоохортож харлаад ирэв. Эхнэр нь найм дахь хүүхдээ тээж мөнөөх Сэрчмаа хүүхэн бас тулгуур биетэй болжээ. Бор, цагаан туулай цөөрөх цагаар гэртээ ганцаараа шатар өрчихөөд сууж асан Даануу гүн нойрондоо үүрд унтаж , нялх биетэй хүүхнүүд хондноос гэр гэртээ буцав. Жаргал, зовлон ээлжлэх хорвоо гэж…
Д. Жамьян.
URL: