Монгол Улсын боловсрол зорилгоо олохгүй мунгинаж явна уу…

712-1600658456712-15361078583ee2e696dbcd030e8a71f3309c529352Боловсрол нь зорилгот үйл явц бөгөөд, аливаа үйлийн зорилго нь түүнийг удирдан хувьсгагч чанартай байдаг. Ийм учраас үйл явцыг хэрэгжүүлэхийн эхний алхам нь уг үйлийн зорилгыг тодорхойлоход оршино.Зорилгодоо үндэслэж тухайн үйлийг хэрэгжүүлэх арга зам, орчин нөхцөл, зохион байгуулалтыг оновчлон бүрдүүлснээр уг зорилгын хэрэгжилт хангагддаг.

Манай боловсролын хуулинд: “Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино.” гэж хэт ерөнхий тунхаглалын шинжтэй, тодорхой бус байгаа нь сүүлийн 30-аад жилд манай боловсрол хөлөө олохгүй будилж яваагийн үндсэн шалтгаан байж болох үндэстэй. Хаана, юунд хүрэх нь тодорхойгүй үйл урсгалаар явахаас ч яахав.
Гэтэл боловсрол нь аливаа улс, үндэстний оршин тогтнох эсэх ирээдүйн баталгаа, шинжлэх ухаан технологийн хөгжил, улс төр эдийн засгийн өрсөлдөх чадварын түлхүүр хүчин зүйл, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс болж байдаг. Энэ үүднээс үзвэл боловсролын тогтсон.3орилго, бодлогогүй байх нь улс орны эрх ашигт ямар хортой үр дагавартай байх нь тодорхой.
Монгол улсын өмнөх түүхээс үзвэл олон зууны өмнөөс залуу үе, иргэний боловсролын маш тодорхой зорилго, түүнээ хэрэгжүүлэх шалгарсан зарчим, аргазүй, аргыг баримтлан ажилладаг байжээ.
Тухайлбал: Монгол хүний эрхэмлэх 6 ёсон, монгол айлын 4 чухал ёс, эхнэр нөхрийн эрхэм үүрэг, эцэг хүний 5 эрдэм цээрлэх 8 зүйл, эх хүний 8 эрдэм цээрлэх 5 гэм, эрхэм сайн хөвгүүний ёсон, эрхэм сайн охины шинж, хүүхдээ хүмүүжүүлэх зарчим гэх зэрэг ирээдүйн иргэнээ хүмүүжүүлэх боловсрол хүмүүжлийн зорилго, агуулга аргазүй, зарчим аргыг цогцоор зааж мөрдөж ирсэн.
Эдгээрийг тус бүрд нь маш тодорхой шалгуур үзүүлэлтээр шалган үнэлэх боломжтой. Жишээлбэл: Монгол хүний эрхэмлэх 6 ёсонд Үнэн ба бат журмыг үргэлж хичээж байх, өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах, үйлийн дээд ачийг буцааж хариулж явах, өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах, ургэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах, үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах гэсэн амьдралын зарчмаар үр ач нараа сурган төлөвшүүлэхэд анхаарч байжээ.
Өмнөх социалист нийгмийн үед ч нийгмийнхээ идеаль үзэл зорилгын үүднээс боловсролын зорилгыг коммунис төв тэгш хүмүүжил буюу коммунист үзэлтэй, эх оронч, интернационалч, хувьсгалт дайчин, өндөр ухамсартай, хатуу сахига баттай, оюунлаг, нөхөрсөг, ариун цагаан хөдөлмөрч, эх орныхоо сайн сайхны тулд ухамсартай бүтээлч бүхнээ зориулахад хэзээд бэлхэн байх зорилгын төлөө боловсролын бүхий л тогтолцоо нь ажиллаж байлаа.
Иргэн болж төлөвшсөн бие хүн тухайн нийгмийн харилцааны шинжийг тусгаж байдаг нийгмийн бүтээгдэхүүн мөн. Тиймээс хүн төрөлхтний хөгжил дэвшил, нийтлэг хандлага, үндэстнийхээ онцлог соёлын уламжлал, нийгмийн эрэлт хэрэгцээтэй сайтар уялдсан боловсролын зорилгыг уламжлал шинэчлэлийн зарчимд тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж, тоггвортой хугацаанд баримтлах нь нэн чухал юм.
Ийм нэн чухал асуудлыг хялбарчлан гаднаас хуулбарлаж хэрхэвч таарахгүй бөгөөд улс үндэстнийхээ оюуны хүч туршлагад тулгуурлах учир зүй дээрхээс урган гарна. Өнөөгийн хүн төрөлхтний даяаршил, дангааршилын эсрэг тэсрэг хандлага, боловсрол нь дэлхий дахиныг хамарсан хил хязгаараар тогтоогдохгүй хурц ширүүн өрсөлдөөнт зах зээлийн нэн чухал салбар болж байгаа, эцсийн дүндээ боловсрол нь тухайн улсын нийгэм эдийн засгийн хөдөлгөгч хүч болохын хувьд чанартай боловсрол бүхий иргэнтэй улсын олон улсын улс төр, эдийн засгийн хүч нөлөө нэр хүнд, байр суурь өндөр байгаа, өнөөгийн Монгол Улсын боловсролын системийг шинэчлэн сайжруулах нийгмийн тулгамдсан эрэлт шаардлага байгаа зэргийг үндэс болгон нэн тэргүүнд “Шинэ эриний монгол хүний загвар-Ерөнхий төсөөлөл”-ийг ШУ-ны үндэслэлтэй боловсруулах нь чухал байна.
Энэ “Загвар-ерөнхий төсөөлөл” нь Монгол Улсын боловсролын эрмэлзэх зорилго болох бөгөөд, ийм тодорхой төсөөлөл байхгүйгээс манай бүх шатны сургалт, хүмүүжлийн байгууллагын сургалтын агуулга, аргазүйн залгамж уялдаа, нэгдмэл чанар хангалтгүй, үндэслэлтэй биш тохиолдлын зүйлээр орон гаран нааш цааш савлах үзэгдэл гарсаар байдаг нь улс орны ирээдүйг авч явах залуу үеийнхний боловсрол хүмүүжил, төлөвшилд муугаар нөлөөлж байна.
“Шинэ эриний Монгол хүний загвар-ерөнхий төсөөлөл” нь өсвөр залуу үеийнхний ёс суртахуун хүмүүжил-хандлага, авьяас чадвар чадамж, мэргэжил боловсрол, оюун ухаан бие бялдар сэтгэцийн хөгжил, нийгмийн харилцаа, үндэсний уламжлал зан заншил, өөрийн ард түмний болон хүн төрөлхтөний дэвшилтэт үнэт зүйл зэргийн үндсэн агуулгад суурилсан, тусган хэрэгжүүлэх, үнэлэн дүгнэх боломжтой шалгуур үзүүлэлт бүхий, тодорхой нэг утгаар ойлгогдохуйц хэт ерөнхий биш байх шаардлагатай юм. Мөн сургалт хүмүүжлийн үе шат бүрд хөтөлбөрийн харилцан шүтэлцээ бүхий зорилго, бүтцийн ерөнхий чиглэл болохуйц байх шаардлагатай юм
“Шинэ эриний Монгол хүний загвар-ерөнхий төсөөлөл” боловсруулж мөрдвөл дараах үр дүн гарах боломжтой:
1. Нийт иргэн эцэг эхчүүдэд үр хүүхдээ сурган хүмүүжүүлж боловсруулах үйл ажилд баримжаа чиглэл болох
2. Цэцэрлэгийн өмнөх насны гэрийн хүмүүжлээс эхлээд цэцэрлэг ЕБ-ын бага дунд ахлах анги, тусгай мэргэжил, дээд боловсрол насан туршийн боловсролын сургалтын агуулга аргазүйн нэгдмэл залгамж чанарыг хангах нөхцлийг бүрдүүлнэ,
3. Энэхүү загвар нь Монгол Улсын боловсролын алсын хараа-зорилго болох тул энэ зорилгод нийцүүлэн бүх шатны сургалтын хөтөлбөр агуулга аргазүй, технологи зохион байгуулалт, орчин нөхцөл хэрэглэгдэхүүн, багшид тавих шаардлага зэргийг төлөвлөн хэрэгжүүлэх боломжтой,
4. Боловсролын хөтөлбөр, агуулга аргазүйн тогтвортой байдлыг хангана.
Энэ ажил нь нийтийн санаа бодол, туршлага, олон талын мэргэжлийн судалгаанд үндэслэн хийгдэх нарийн төвөгтэй ажил бөгөөд урьд өмнө хийгдэж, яригдаж байгаагүй нийгэм, боловсролын салбарын эрэлт бүхий тулгамдсан асуудал юм.
ШУТИС-ийн профессор, Дээд боловсрол судлалын Монголын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Очирын Алтангэрэл

URL: