Эдийн засагч Э.Батшугар хямралын дүр зургийг хагас жилийн өмнө хэлж байжээ
Одоогоос зургаан сарын өмнө “Зууны мэдээ” сонин ярилцлагын буландаа Монголбанкны дэд ерөнхийлөгч асан, эдийн засагч Э.Батшугарыг урьж ярилцаж байлаа. Тухайн үед коронавирусын халдвар дэлхий дахинд эрчимтэй тархаж, олон нийтийг хамарсан хөл хорио эхлээд хоёр сарын хугацаа өнгөрч байв. Дэлхийн эдийн засгийн хямрал гүнзгийрч, түүнийг дагаад Монгол Улсад ч асуудал хүндрэхээр байгааг идэвхтэй анхааруулж, хямралаас сэргийлэх тодорхой гарц гаргалгааг төр засгийн удирдлагуудад санал болгож байсан нь эдийн засагч Э.Батшугар.
Олон улсын хөрөнгийн зах зээлийн хамгийн том банк болох “JP Morgan”-д ажиллаж байгаад Монголдоо ирээд Монголбанкны дэд ерөнхийлөгчийн албыг дөрвөн жил хашсан тэрээр манай улсын мөнгөний бодлого, макро эдийн засгийн нөхцөл байдлыг хэнээс ч илүү мэдэрч, ойлгох нь тодорхой. Тиймээс хагас жилийн өмнө түүнийг зочноор урьж ярилцаж байхад өнөөдөр бидний нүүр тулаад байгаа асуудлуудыг нэг бүрчлэн урьдчилан хэлж байсныг энэхүү нийтлэлээр эргэн сануулахыг зорьсон юм.
Э.БАТШУГАР: 2009 ОНЫХООС ТОМ ХЯМРАЛТАЙ НҮҮР ТУЛАХ НЬ!
Өнгөрсөн гуравдугаар сард Олон улсын валютын сангаас дэлхийн эдийн засгийг -1.5 хувиар агшина гэсэн таамаглалыг дэвшүүлж байв. Гэтэл оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн эдийн засаг бүхэлдээ -5.4 хувиар агшсан байна. Ийм нөхцөлд гадаад зах зээлээс бүрэн гэж хэлж болохоор хараат оршдог Монгол Улсын хувьд байдал маш хүнд болж ирлээ. Манай улсын эдийн засаг сүүлийн 20 жилд байгаагүйгээр агшсаныг статистикийн байгууллагууд болон олон улсын санхүүгийн байгууллагууд зарлалаа. Тодруулбал, Азийн хөгжлийн банкнаас хамгийн сүүлд хийсэн мэдээллээр “Covid-19” цар тахлын улмаас экспорт, гадаад валютын орох урсгал огцом буурч дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 оны эхний хагаст -9.7 хувиар агшлаа.
Цар тахлын хор уршгийг 2008-2009 оны дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралтай ойролцоо байх болов уу гэж төсөөлж байсан бол өнөөдөр тулгарсан үзүүлэлтүүд даруй хэд дахин давж гарсныг харж болно.
Тэгвэл 2009 онд манай улсын ДНБ -1.3 хувиар агшиж байснаас өнөөдөр даруй долоо дахин өндөр үзүүлэлттэй бид тулгарчихаад байгаа ба уул уурхайн орлогоос хэт хамааралтай ийм нөхцөлд ДНБ агших эрсдэлтэй байгаа тул ажлын байр, иргэдийн орлогыг хамгаалах замаар урьдчилан сэргийлэх хэрэгтэйг эдийн засагч Э.Батшугар анхааруулж байжээ.
“Коронавирус өвчнөөс болж Монгол Улсын голлох гадаад орлого бүрдүүлдэг Уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэлт зогсож эскпорт буурсан. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүндрэл учирснаар орлого багасч, зээлийн дарамтанд орох, ажилгүйдэл бий болох иргэдийн орлого багасч, худалдан авах чадвар буурсан. Энэ нь дээрх томьёогоор C, Х нөлөө үзүүлж Ү буюу ДНБ буурч нийт эдийн засаг хямрах эрсдэл үүсч байна. Иймд төрөөс иргэдийн ажлын байрыг хадгалах замаар ДНБ чухал хэсэг болох хэрэглээг хэвээр нь явуулах шаардлагатай байна”
2020.03.24
“Covid-19” вирусын тархалттай холбоотойгоор үүсч буй санхүүгийн хямралыг 2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас илүү том хямрал нүүрлэх аюултайг олон улсын санхүүгийн байгууллагууд болон шинжээчид анхааруулж байгаа. Үүнээс ОУВС Дэлхийн эдийн засгийг 1.5 хувь болж буурах төсөөллийг гаргаад байна.
2008 онд Манай ДНБ 8.9 хувьтай өсөлт үзүүлсэн ч 2009 оны санхүүгийн хямралаар -1.3 хувь болж буурсан. Мөн ажилгүйдэл 2008 онд 10.4 хувь байсан ч 2009 онд 12.8 хувь болж өссөн байдаг. Тэгвэл тухайн жилүүдэд Дэлхийн эдийн засаг 1.8 хувиас -1.7 хувь хүртэл буурч санхүүгийн хямрал үүсч байж. Үүнээс харвал Манай эдийн засаг Дэлхийн эдийн засагтай хамааралтай харагдаж байна.
Энэ удаа “Covid-19” вирусын нөлөөгөөр учирч буй санхүүгийн хямрал нь 2009 оны Дэлхийн санхүүгийн хямралаас ялгаатай учир вирусын тархалтыг хяналтдаа авахаас гадна ажлын байрыг хамгаалж үлдэж байж төсөв, мөнгөний бодлогоор даамжирсан уналтаас сэргийлж, эдийн засгийг хурдан сэргээх боломжтой”
2020.03.31
Э.БАТШУГАР: ХЯМРАЛААС СЭРГИЙЛЭХ ГАРЦ БОЛ АЖЛЫН БАЙРЫГ ХАДГАЛАХ
Уул уурхайн салбар 29 хувиар агшсан, гадаад өр 30.8 тэрбум ам.доллар хүрсэн, төсвийн алдагдал түүхэнд байгаагүй 2.7 их наяд төгрөгт хүрсэн хамгийн сүүлийн статистик мэдээллүүд байна. Энэ бүх үзүүлэлтүүд, макро эдийн засгийн хямрал нь эцсийн дүндээ ард иргэдийн амьдрал, бизнес эрхлэгчдийн нуруун дээр хамгийн хүндээр тусч байна.
Тэгвэл энэ хямралын үед эдийн засгийг эргэлтэд байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг татвар төлөгчид, бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүд, иргэдийн санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэж, тэдэнд туслах замаар ажлын байрыг хадгалах нь хамгийн гол гарц гэдгийг тэрээр хэлж байв. Тодруулбал,
“Манай улс “Covid-19” вирусын эсрэг хорио цээр дэглэм, тусгаарлах гэх мэт арга хэмжээ авч байна. Гэхдээ эдийн засгаа хямралаас вакцинжуулах хэрэгтэй. Дэлхийн улс орнууд болон Монголд үүсч байгаа нөхцөл байдалд дүгнэлт хийхэд манай дотоодын эдийн засаг хумигдах эрсдэл өндөр байна. Үүнээс урьдчилан сэргийлж, энэ мөчлөгийн эсрэг бодлогуудыг боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Том зургаар Дэлхийн эдийн засгийн хямрал тодорхой хугацааны дараа Монголын эдийн засагт нөлөөлөх нь тодорхой. Бидэнд 2008-2009 оны эдийн засгийн хямралын туршлага байна. Хямралын үед хэн хамгийн их хохирох вэ гэхээр мэдээж ард иргэд, бизнес эрхлэгчид. Монголын бизнес эрхлэгчдийн дийлэнх хувь нь жижиг, дунд бизнес эрхэлдэг бөгөөд энэ хямралын нөлөөлөлд хамгийн түрүүнд өртөж их бага хэмжээгээр хохирол амсах нь ойлгомжтой, үүнтэй уялдан ажлын байр хумигдаж иргэд ажилгүй, орлогогүй болох эрсдэл байна. Энэ нь гэр бүл, цаашлаад нийгмийн том хямралыг бий болгоно”
Зууны мэдээ сонин. 2020.03.27
Өөрөөр хэлбэл, өнөөдөр нөхцөл байдал ямар болохыг эдийн засагчид урьдчилан хэлж байсан гэсэн үг. Ялангуяа асуудлыг ийм түвшинд хүргэхгүй байх боломжтой маш тодорхой гарц гаргалгааг гаргаж байсан, бизнес эрхлэгч нар хохирох ёсгүй гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлсээр байсан нь эдийн засагч Э.Батшугар. Тэрээр тодорхой яг ямар арга хэмжээ авахыг Засгийн газарт зөвлөж байсан. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд
1. Хөнгөлөлттэй урт хугацааны зээлийг ААН-үүдэд олгох. Ингэхдээ зээл авахад нь ажлын байрны цомхотгол хийхгүй байхыг сануулах.
2. Мөн “Ковид-19” цар тахалын хориг арга хэмжээний улмаас орлого нь тасалдсан хувиараа бизнес эрхлэгч иргэдэд тухайн хугацааны орлоготой нь тэнцэхүйц хэмжээний урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох.
3. “Ковид-19” цар тахалын нөлөөнөөс болж ажилгүй болсон иргэдэд ажилгүйдлийн тэтгэмж олгох гэсэн гурван арга замаар цар тахлын үеийн эдийн засгийн бодит дэмжлэг, ажлын байрыг хадгалах санааг тодорхойлж байв. Түүнчлэн “Ковид-19” цар тахалаас үүдэлтэй эдийн засгийн уналт бидний хүлээхгүй тул Төвбанк уламжлалт бус бодлогын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
Үүнд, “Ковид-19” цар тахалаас үүдэлтэй иргэд , ААН-ын муудсан зээлийг худалдан авч зээлийн бүтцийн өөрчлөлт хийх, зээлийн эргэн төлөлтөд тодорхой хугацаанд чөлөө олгох, зээлийн хүүг багасгах.
Дээрх эдийн засгийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр иргэд, ААН-ийг зээлийн дарамтнаас хамгаалахаас гадна нийт санхүүгийн системийн тогтвортой байдлыг хадгална” гэж зөвлөж байв.
Гэвч туршлагатай эдийн засагчдын саналыг сонсдоггүй Засгийн газрын хожимдсон, байгаа олоогүй шийдвэрүүд нь аж ахуй нэгжүүд, бизнес эрхлэгчдийг өнөөдөр элгээр нь хэвтүүлчихээд байна.
Хэрэв дээрх гурван арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсэн бол манай улсын эдийн засаг сүүлийн 20 жилд тааралдаагүй -9.7 хувийн агшилттай нүүр тулахгүй байх боломжтой байжээ. Хамгийн сүүлд буюу есдүгээр сарын 7-нд Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин “Засгийн газар цар тахлын үед бизнесүүдийг дэмжих юу ч хийгээгүй” гэсэн ярилцлагыг “Блүүмбэрг” телевизэд өгсөн нь үүний тодорхой дүгнэлт болсон юм.
Үргэлжлэл бий
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.9.21 ДАВАА № 182 (6407)
URL: