БНХАУ нээрээ л Монголыг бодсондоо л нүүрс авч байгаа юу

13781

БНХАУ-ын Гадаад харилцааны яамны сайд Ван И Монгол Улсад айлчлахын өмнө тус улсаас Монгол Улсад суух Элчин сайд Цай Вэнруй Монголын хэвлэлд “Цар тахлаас шалтгаалж манай улсын эдийн засаг хумигдаж байна. Нүүрсний хэрэгцээ багасч байна. Бараг нүүрсний хэрэгцээ байхгүй. Ний нуугүй хэлэхэд, та бүхний ашиг сонирхлыг харгалзан ажиллаж байна” гэсэн утгатай ярилцлага өгсөн билээ. Тэгвэл түүний хэлсэн үгсийг өгүүлбэр тус бүрээр нь хэр бодитой болохыг дэнслээд үзье.

1. Цар тахлаас шалтгаалж манай улсын эдийн засаг хумигдаж байна

Цар тахлаас болж БНХАУ-ын эдийн засаг оны эхний дөрвөн сард тогтмол унаж байсан. Зөвхөн БНХАУ гэлтгүй дэлхийн бусад улс орон ч их бага хэмжээгээр хохирол амссан. Гэвч эдийн засаг эргээд тэлэх үйл явц өнгөрсөн тавдугаар сараас эхлээд үргэлжилж байна. Дэндүү уналттай байсан учир өсөлт хурдацтай явагдаж буй. Энэ үйл явц эдийн засаг зохистой хэмжээндээ очтол үргэлжлэх нь тодорхой. Тэгэхээр эдийн засаг хумигдаж байгаа гэдэг нь цар тахлын их уналтыг оруулж тооцон дундажлахад л гарах статистик юм. Экспорт өнгөрсөн сард 9.5 хувийн өсөлттэй гарсан нь 2019 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон талаар гаалийн байгууллага /the General Administration of Customs/ мэдээлсэн нь эдийн засаг сэргэж байгааг харуулж байна.

2. Нүүрсний хэрэгцээ багасч байна. Бараг нүүрсний хэрэгцээ байхгүй

БНХАУ-ын нүүрсний импорт өнгөрсөн долоодугаар сард 25.29 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар буурсан талаар гаалийн байгууллага нь мэдээлсэн. Гэхдээ энэ оны тавдугаар сартай харьцуулахад үлэмж өссөн дүн юм. Өөрөөр хэлбэл, нүүрсний хэрэгцээ багасч байна гэдэг нь бас л бодитой бус, “бараг байхгүй” гэдэг нь худал.

3. Та бүхний ашиг сонирхлыг харгалзан ажиллаж байна

Монголын нүүрсийг хэрэггүй байсан ч авч байгаа гэдэг шиг худал зүйл байхгүй. Газар нутгийн байршлын хувьд ойр мужуудад манай нүүрс хэрэгтэй. Цэвэр зах зээлийн зарчмаараа бол манайхаас авахгүй байж чадахгүй.

Учир нь манай нүүрс хямд. БНХАУ-ын дотоодод нэг тонн коксжих нүүрс 391 000 төгрөг байхад манайх Зүүн Цанхийн нүүрсээ 70 ам.доллараар өгч байсан. Одоо ч хямд өгч байгаа. Үүн дээр манайх нүүрсээ боловсруулалгүй гаргадагийг хэлж болно. Хятадад Тавантолгойн нүүрсийг зөөж, кокс ялгаж “амьдардаг” компани, үйлдвэрүүд бий. Нүүрс авахаа боливол БНХАУ адилхан л хохирно.

Тэгэхээр нэг нь өрөвдөөд хэрэггүй байсан ч худалдаж авч, нөгөөх нь нүүрсээ гуйж өгч байгаа мэтээр ярьж болохгүй. Мэргэжлийн хүмүүсээс энэ талаар тодруулахад “Эрчим хүчний нүүрс импортлохгүй байж болох ч коксжих нүүрсийг бол зайлшгүй авна” гэж хариулж байна.

Бид яах ёстой вэ

Хятадын эрх баригчид Монголын Тавантолгой болон бусад компаниудын нүүрсээр түрий барин дотоодын уурайнуудаа шахаж, нүүрсний чанарын стандартыг давхар нэмэгдүүлснээр Монголоос авах нүүрсний үнийг буулгах давхар бодлого хэрэгжүүлж ирсэн.

С.Батболдын Засгийн газрын үед Зүүн Цанхийн нүүрсийг сонгуулийн амлалт биелүүлэхийн тулд зарж идсэн. Тэр үед “Танай нүүрсний чанар муу байна” гэх зэргээр ярьж 70 ам.доллараар авахаар болсон. Одоо манай нүүрсийг боловсруулж өчнөөн ажлын байр гаргадаг байж “Бидэнд танай нүүрс хэрэггүй” гэж байна. Ингэхээр манайх цэвэр кокс хийх зорилго руу хүссэн ч хүсээгүй ч явах шаардлагатай байгаа биз. Тэгэхээр нефть боловсруулах үйлдвэрээс гадна кокс ялгах үйлдвэр ч хэрэгтэй байна.

http://lifestyle.mn/15625


URL:

Tags: