Ерөнхийлөгчийн “Цагаан шүхэрт” гадаад хэргийн яам

unnamed

Монгол Улсын төрийн өндөрлөгүүд мөнхийн хөршийнхөө төрийн сайд Ван И-г хүлээн авч, дипломат айлчлалыг нь амжилттай дүүргээд, зочид маань ч ирсэн зорилгоо гүйцээгээд буцахтай зэрэгцэн нийтийн сүлжээг нэгэн бүсгүй давалгаалуулсан нь Сүнээ буюу Б.Сүндэръяа байв. Сүнээгийн хэнд ч өгөөжгүй бүтэн цагийн яриа өдгөө ч амнаас ам дамжин бүлх мэт хүлхээтэй явна. Мөн ч “мөлжүүртэй” бүсгүй юм даа. Хэдэн өдөр цахим орчин дахь “ухаантнуудыг” хуйлруулж, төрийн өндөрлөгүүд рүү ойх хэл, амны засал ном болж, “Цагаан шүхэрт” тарни мэт яригдлаа гэх бодол эрхгүй төрлөө.

Учир нь, хөрш орны сайд Ван И Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлчихээд буцаж байхад бид авдартаа аваад хийчихсэн өнөөх мөнгөний учир шалтгааныг бус Сүнээгийн “Сүүдэрший”-г л ярьсаар. Гэтэл улс төр, геополитик, эдийн засаг, хамтын ажиллагааны нэн чухал баримт бичигт гарын үсэг зурж, үндэсний экспортыг чадамжжуулах хэмжээний хэлэлцээ хийж буй төрийн өндөр хэмжээний айлчлалын зорилго, үнэ цэн, ач холбогдол, үр ашгийг хэн ч ярьсангүй. Улс төр судлаач, олон улсын харилцааны экспиртүүд ам нээхгүй юм. Зөвхөн айлчлалын эргэн тойронд хэлмэрч болж гүйсэн нөхөд л Ван И сайдын гишгэсэн газар бүхнээс “цэцэг ургасан” мэтээр ярих нь хэт нэг талыг барьсан мэдэгдэл болоод байх шиг ээ.Тэгэхээр Ван И сайдын айлчлалынхаа хүрээнд ярьсан хэд хэдэн асуудал дээр улс төрийн болоод Монголын улс төрийн бодлогын чадамжийг онцлохыг зорилоо.

 “НҮҮДЭЛГҮЙ” МОНГОЛ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад айлчилсан Ван И-гийн айлчлал Сүнээгийн ачаар чимээ аниргүйхэн өндөрлөв. Гэтэл эдийн засгийн хувьд мөнгөний урсгал нь татарчихсан, сонгуулиас сонгуулийн хооронд олсон бүхнээ сэгсэрчихсэн манайд урд хөршийн төрийн сайдын айлчлал элсэн цөлд аяга ус асгах мэт байсан нь тун ч ойлгомжтой.Гэтэл энэ багахан мөнгөний өөдөөс манай сайдууд, улс төрийн зүтгэлтнүүд хорь, гучин жил ярьсан нүүрсээ л ярьжээ. Өөрөөр хэлбэл, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын үеэр яригдсан хамгийн том сэдэв нь хар алт байв.

Мэдээж нүүрс бол Монголын экспортын тэргүүн зэргийн брэнд мөн ч төдийгөөс өдийг хүртэлх элдэв айлчлал, төрийн хэмжээний яриа хэлэлцээрийн гол сэдэв байсаар ирсэн нь дэндүү ядмаг санагдаад байгаа юм. Одоо алийн болгон бид дан ганц нүүрсээ ярьж нүүр тахлах вэ, Н.Энхтайван сайд аа. Эдийн засгаа солонгоруулна гэж бид арван жилийн өмнөөс л ярьж байсан улс. Өдгөө солонгорох нь бүү хэл экспортын чадамжаа өсгөх чиглэлд анхаарсан нэг ч дорвитой бүтээгдэхүүн нэмэгдсэнгүй ээ. Жил бүр ийм байхад бусдын өгсөн мөнгийг бид муучлаад яах вэ дээ.

Алгаа тосоод, хормойгоо дэлгээд авч л таарна шүү дээ. Гэтэл бид ардчилал хэмээн олон ургальч “толгой” бүхнээ урт хугацааны бодлогод ашигласан бол Ван И сайдтай арай өөр түвшний асуудал яриад, цоо шинэ харилцааны үүд хаалгыг цэлийтэл нээх тухай хэлэлцээ хийгээд, додигор суух байв. Гэтэл бидэнд даанч нүүрснээс өөр наймаа алга. Энэ бол Ван И сайдын өгөөд явсан 700 сая юанийг авах ёсгүй шүү хэмээн шүүмжлэхээс ч том асуудал шүү. Мэдээж нүүр тахлах брэнд муу улс хүний өгснийг аваад, хүлцэнгүй, номой гэгч нь баярлаад суухаас өөр яах билээ.

АЯГАНЫ ХАРИУ ӨДӨРТӨӨ БАЙВ УУ, АМ ХЭЛНИЙ “ХААЛТ” БАЙВ УУ

Аяганы хариу өдөртөө гэж үг бий. БНХАУ-д коронавирусийн халдвар эрчимжиж байх хэцүүхэн цагт манай Ерөнхийлөгч хөршийндөө зочлох гэнэтийн айлчлал хийж, 30 мянган хонь бэлэглэсэн нь өнөөдрийн 700 сая юанийн тусламжийг Монгол руу татсан ч байх. Нөгөө талаараа айлчлал, 700 сая юанийн өглөгтэй зэрэгцэн “Өвөр Монголчуудын бичиг, соёлыг хумьж байна” гэсэн дуулиан зэрэгцэн байгаа нь олон хардлага, хэл, амны таглаа боллоо. Үүнийг нотлох мэт Ван И сайд Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан уулзалтын үеэрээ хоёр улс харилцан бие биенээ хүндэтгэх зарчмыг баримтлах нь чухал гэдгийг тэмдэглэсэн. Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай уулзсан уулзалтын үеэр ч мөн л энэ сэдвийг хөндсөн гэдгийг хэлсэн.

Тэрбээр уулзалтын талаар мэдээлэхдээ “Хоёр тал бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг тууштай баримталж ажиллахаа нотоллоо” хэмээв. Тэгэхээр төрийн хэмжээнд асуудал ингэж шийдэгдсэн бол монголчууд бид Хятадын дотоод асуудалд хүссэн ч эс хүссэн ч оролцох боломжгүйг дээрх үгс баталлаа. Тэгэхээр Ван И сайдын айлчлал аяганы хариу өдөртөө байв уу, ам, хэлээ мэдээрэй гэсэн сануулга байв уу гэдгийг харах л үлдэв.

ХЯТАДЫГ ТЭВДҮҮЛЭХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “АМ МЭХ”

Манай Ерөнхийлөгч хаа очиж ов мэх, овоо хараа сайтай хүн юм гэсэн бодол эрхгүй төрлөө. Учир нь, Ерөнхийлөгчийн есдүгээр сарын 1-ний өдрийн теле хичээлийн сэдэв, агуулга манай урд хөршийг тэвдүүлчихэв үү дээ гэх бодол төрөөд болдоггүй. Яг үүний дараахан Өвөр Монголын есөн иргэнийг Монгол Улсын харьяат болох хүсэлтийг шийдвэрлэснээ зарласан. Энэ хоёрхон асуудал Ван И сайдыг Монгол руу ачааллах шалтгаан болсон болов уу. Тиймээс ч эн зэрэг нь Хятадын талын эгдүүцлийг бага зэрэг хүргэх шиг боллоо. Тиймээс ч Ван И сайд “Манай дотоод асуудалд хөндлөнгөөс бүү оролцоорой” гэдгийг байсхийгээд л сануулаад байжээ.

Тэгэхээр юутай ч эдийн засгийн орчин хямарсан, төсөв тасалдахын ирмэгт явж байсан манай улсад төрийн тэргүүний “ам мэх” байндаа тусчихлаа. Одоо харин бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр болох вий гэсэн бодол зэрэгцэнэ. Мөн боловсролынхоо хөтөлбөрт босоо бичгээ оруулах нь ямар том агууулгатай болохыг энэхүү айлчлал нотоллоо. Тэгэхээр ямагт нүүрс ярихгүйн тулд бичиг, соёлоо брэнд болгох бодлогын эргэлт хийе ээ. Бид хөршийнхөө асуудалд хөндлөнгөөс оролцож чадахгүйгээс хойш дотооддоо үндэсний өв соёлоо дархлаажуулах нь юу юунаас ч чухал ажээ. Тэгэхээр худан монгол бичиг гэдэг бол хар алтнаас ч үнэ цэнтэй дархлаа гэдэг нь нэгэнт тодорхой болов.

НҮҮРС НҮҮДЭЛ, ШИЙДЭЛ БАЙХАА БОЛИХ ЦАГ АЙСУЙГ ЯМАГТ САНЪЯ

2020 оны төсвийг хоёр их наядын алдагдалтай баталсан хэмээн дээр дооргүй шуугиад, өдгөө мартчихсан, бид мөн ч ой санамжгүй ард аа. Дарь дээр давс гэгчээр энэ оны хагаст л гэхэд төсвийн орлого 1.2 их наядаар буурсан гэх мэдээллийг эдийн засгийн шинжээчид, ҮСХ-ноос өгч буй. Бид төсвөө батлахдаа өнөөх л эцсийн найдвар нүүрсэндээ ачааллыг үүрүүлж, 40 сая тонн нүүрс экспортлохоор өөдрөгөөр төсөөлсөөр байсан нь овоорсон их алдагдлыг, задгай их халамжийг бий болгосон. Өнгөрсөн жилийн сүүлчээр 36.4 сая тонн нүүрс экспортолсон гэсэн мэдээ бий. Улирал өнгөрөх бүрд хэмжээ нь буурсар байгаа нүүрсээ бид муу, сайн хэлсээр Хятад гэх ганцхан сав руу асгаж буй.

Тэгвэл жил бүр өмнөд хөршийн нүүрсний хэрэгцээ багасаж, авах хэмжээ нь буурсаар байхад бид “Нүүрс бол манай хамгийн зөв нүүдэл” гэсэн итгэл үнэмшлээ хадгалсаар байгаа нь гунигтай байна. Тэгэхээр арван ёмбүү хараад алгаа тосдог ард түмэн минь ээ, хорин ёмбүү хараад хормойгоо тосдог улс төрчид минь ээ нүүрс нүүдэл, шийдэл байхаа болих цаг айсуй. Тиймээс айлчин, гийчин бүхнийхээ гарыг хардаг гуйлгачин зангаа больё. Өгсөн хүнийг шүүмжлэх биш, авч байгаа өөрсдийнхөө чадамж, сэтгэхүй, бэлэнчлэх, дулдуйдах арга ухааныг сайтар засъя.

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН


URL:

Tags: