Ж.Гантулга: Хоёр настнуудыг маргаашаас цахимаар бүртгэж, санамсаргүй түүврийн аргаар сонгоно
Нийслэлийн боловсролын газраас 2 настай хүүхдүүдийн цэцэрлэгийн элсэлтийн талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга ” Засгийн газрын есдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах тухай шийдвэр гарсан.
Энэ дагуу цэцэрлэгүүд хяналтын тоогоо тогтоох, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ авах гэх мэт бэлтгэл ажил их хийгддэг. Одоогоор бэлтгэл ажлууд хангагдаж байна” гэлээ.
Есдүгээр сарын 18-ны Баасан гарагийн 09:00 цагаас эхлэн цахим бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар явуулахаар болсон байна. Харин энэ сарын 21-ний Даваа гарагийн 12:00 цагт бүртгэл хаагдана. Дээрх хугацаанд бүртгэл 24 цагаар үргэлжилнэ. Бүртгэл хаагдсаны дараагаар есдүгээр сарын 21-нд элсэлтийг нэг зэрэг санамсаргүй түүврийн аргаар явуулна. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдийг бүртгэнэ. Өөр онд төрсөн хүүхдийн регистрийг оруулах систем хүлээж авахгүй аж. Бүртгүүлэхдээ:
-tsetserleg.ulaanbaatar.mn цахим элсэлтийн хуудсаар нэвтэрнэ.
-Цэцэрлэгт бүртгүүлэх хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулж, хүүхдийн мэдээлэл үнэн байгаа эсэхийг шалгана
-Тухайн цэцэрлэгт хичнээн хүүхэд бүртгүүлсэн талаар тоон мэдээлэл гарч ирнэ
-Утасны дугаарыг оруулах цонх гарч ирэхэд таны дугаарт баталгаажуулах код ирнэ
-Утсанд ирсэн баталгаажуулах кодыг бүртгэлийн цонхонд бичсэнээр системд таны хүүхдийн бүртгэл баталгаажина.
Мөн 18-22ны өдрүүдэд цэцэрлэг бүр дээр иргэдэд туслах бүртгэлийн ажилтнууд ажиллана. Онлайнаар бүртгүүлэх боломжгүй иргэд хүүхдийнхээ бичиг баримтыг авч очин, бүртгэлийн ажилтнуудын тусламжтайгаар бүртгүүлэх боломжтой юм байна. Энэ өдрүүдэд 7577-8080 лавлах утас ажиллана. Маргаашнаас эхлэн бүртгэл нээгдэнэ. 2018 нэгдүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ны хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэнэ.
Хүүхэд харах үйлчилгээг есдүгээр сарын 21-ны өдрөөс үргэлжлүүлж 2-3 настай хүүхдийг хамруулах тухай БШУ-ны сайдын А/62 тоот тушаал гарсан. Хүүхэд харах үйлчилгээнд бүртгүүлэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн шинжилгээний бичгийг авч очиж бүртгүүлнэ. 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс 2018 оны 12 дугаар сарын 31-ны хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах боломжтой аж.
Ц.Янжиндулам
URL: