П.Цагаанд ухуулж буй “Эрдэнэт”-ийн үүц буюу хаягдлаас зэс ургуулдаг шид

712-1600224047712-1527488736p1c3a53j90jie8ujjfl4rajho1…П.Цагаан гэдэг хувь хүний компани овоолгоос нь зэс “ургуулаад” байгаа ашиглалтын технологийг бүхэл бүтэн “Эрдэнэт” үйлдвэр хэрэглэж чадахгүй байна гэдэг юу л бол?!…

Олон таван тайлбаргүй ингээд хэлчихэд буруутахгүй. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан “Ачит Ихт” ХХК хэмээх “гэр бүл”-ийн компани байгуулж, “Эрдэнэт” үйлдвэрийн овоолгоос зэс “ургуулдаг” болоод хэдэн жил боллоо. П.Цагаан “Эрдэнэт”-ийн овоолготой хэрхэн “учирсан” нь бас сонин.
П.Цагаан 1990-ээд онд “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн дарга байсан. Тэр үед “Эрдэнэт”-ийн овоолгыг сонирхож эхэлсэн гэдэг. 2008 онд Ч.Ганзоригийг “Эрдэнэт”-ийн захирал байхад “Ачит Ихт”-ийнхээ суурийг тавьж, гэрээ байгуулж гарын үсгээ зурцгаажээ. Тэгээд “Голомт”-оос зээл авсан, удалгүй тэр зээл нь яагаад ч юм зогссон. Дараа нь “Нобел” гэдэг гадаадын компаниас 24 сая ам.доллар авч 2011-2014 оны намар хүртэл үйлдвэрээ барьсан. Үйлдвэрийн ТЭЗҮ нь асуудалтай. Өөр асуудал ч бий.
Гэхдээ л өнөөдөр “Эрдэнэт”-ийн “хаягдал”-аас гидрометаллургийн аргаар 99.999 хувийн зэс гаргадаг болжээ. Тэрээр арвин их “ногоон”-ы ашиг өгч байгаа “Эрдэнэт”-ийн овоолгыг хаягдал хэмээн нэрлэдэг. Өнгөрсөн жил АТГ-т шалгуулж байхдаа “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө тэгж хэлсэн. 2019 оны аравдугаар сард нийтлэгдсэн тэрхүү ярилцлагадаа “Бод доо. Монгол Улсын Ерөнхийлөгч хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтныхаа эхнэр, хүүхдүүдтэй нийлээд үйлдвэрийн хаягдлаас металл ялгаж авах солиотой гэж хэлж болох төсөл дээр хамтарч явах уу” гэж ярьжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хүн гэж Ц.Элбэгдоржийг хэлж байгаа юм.
Дараа нь 2020 оны долдугаар сарын 2-нд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт хандаж хэвлэлд нийтэлсэн ил захидалдаа “… “Эрдэнэт”-ийн балансаас хасагдсан байсан, хаягдал овоолгыг түшиглэн гидрометаллургийн үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлж, таван жилийн дотор Эрдэнэт хотод 230 хүнийг ажлын байраар хангаж, дотоодын 806 ханган нийлүүлэгч компанитай хамтран ажиллаж, улсын төсөвт 200-гаад тэрбум, Эрдэнэт үйлдвэрт 15 тэрбум төгрөг төлөөд байна. Манай үйлдвэрийн болон “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид жилийн 30 хувийн баталгаат ашигтай, улирал бүр ногдол ашиг авдаг давуу эрхийн хувьцаа эзэмшиж байгаа. Ингэж хаягдал ашиглаж баялаг бүтээгээд татвар төлж, ажилчдадаа баталгаатай хувьцаа эзэмшүүлж байгаа компанийг Монголоос олоод ир дээ” гэж бичсэн байдаг.
Асуудлын гол нь П.Цагаан ашиглаж байгаа овоолгоо “үйлдвэрийн хаягдал” гэж тодорхойлоод байгаа юм.
Хаягдал гэдэг бол хэрэгцээ нь дууссан зүйл гэсэн л үг. Хаанаасаа ч тэгж ойлгогдоно. Бас “Эрдэнэт” үйлдвэр овоолгоо хаягдал гэж үзсэн юм бол яагаад хашаандаа хураагаад байсан юм бэ.
Гэтэл П.Цагаан үйлдвэрийн хаягдал болсон овоолгыг сүүлийн хэдэн жил ашиглаж Монголд дээгүүрт орох орлого ашигтай хүн болж хувирсан. Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд хамаагүй л дээ.
Гэхдээ төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг П.Цагаан ганцаараа хэрэглэдэг болсон нь шударга бус байгаа юм. Тэр хүн “Манай үйлдвэрийн ашиглаж байгаа овоолго бол исэлдсэн, ядуу агуулгатай, “Эрдэнэт” үйлдвэрийн технологид тохирохгүй учраас “Эрдэнэт” үйлдвэрийн балансаас хасагдсан байсан овоолго” гэж тайлбарладаг. П.Цагааны яриагаар бол “Эрдэнэт” үйлдвэр овоолгоо “хэрэггүй” гэж хаяад, тэрбээр түүнээс нь зэс “ургуулж” буй. Энд л логик алдагдаад байгаа юм. Нэг үгээр, хаягдлаас маш үнэтэй катодын зэс “ургуулаад” байгаа П.Цагаан ид шидтэн үү. П.Цагаан ийм л сайхан үлгэр олчихсон ард түмний тархийг угаагаад баллаж өгч байна даа. Ингэж болохгүй.
Шударга байцгаая л даа.
Уг нь “Эрдэнэт” үйлдвэрийн одоогийн технологи овоолгоо бүрэн ашиглах боломжгүй болохоос тодорхой хугацааны дараа үйлдвэрийн ашиг орлогоор шинэ технологи оруулж ирээд овоолгуудаа ашиглаж эхлэх учиртайг мэргэжлийн хүмүүс хэлээд байна шүү дээ.
Тэгэхээр П.Цагаан гэдэг хувь хүний компани овоолгоос нь зэс “ургуулаад” байгаа ашиглалтын технологийг бүхэл бүтэн “Эрдэнэт” үйлдвэр хэрэглэж чадахгүй байна гэдэг юу л бол?!
Энэ нь “Эрдэнэт” үйлдвэр технологио шинэчлэх санхүүгийн чадамжгүй, аль эсвэл дургүйд хүчгүй гэдэг шиг овоолгыг ашиглаж болохгүй “тээглүүр”дарга нарт нь байгаад байна уу гэсэн асуултыг босгож ирнэ.
Ерөөс П.Цагааны “Ачит Ихт” ХХК нь “Эрдэнэт”-ийн овоолгоос зэс “ургуулж” байгаагийн цаана хууль бус зүйлүүд байна гэдгийг Монголын хууль хяналтын байгууллага олж тогтоогоод, шалгаж, гаргаж ирээд явж байна.
Үүний нэг нотолгоог өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийнхэн өмнө нь олон нийтэд хүргэсэн. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Эрдэнэт” үйлдвэрийн захирал байсан Ц.Даваацэрэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Тус газрынхан Ц.Даваацэрэнг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас бий болсон хүдрийн овоолгыг “Ачит Ихт” ХХК-д ашиглуулахаар тохирч, гэрээ байгуулахдаа “Эрдэнэт” үйлдвэрт их хэмжээний орлого олох боломжийг алдагдуулсан. Ингэхдээ албаны эрх ашгийн эсрэг албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, хууль болон компанийн дүрэмд зааснаар ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт” үйлдвэрийн ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан. Энэ үйлдэлтэй хэрэгт нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн. Тэгээд сураггүй болоод байгаа юм.
Энэ асуудалд нийслэлийн Прокурорын газар яаж хандахыг сэтгүүлчид бид анхааралтай ажиглаж байгаа болно. Хуулиа барих уу, даргаа дагах уу гэж үг байдаг. Шударга ёс, албан тушаалын нөлөөлөл хоёрын аль нь дийлэх вэ гэдэг ч эндээс харагдана.
Нөгөөтээгүүр, хууль хяналтын байгууллагын ажилтнууд П.Цагааны яриад байгаа шиг “Монголын төлөөх, аймаар шударга” бизнест саад болж, хааж боогоод байгаа юм биш аж. Өөрөөр хэлбэл, Ц.Даваацэрэн нь П.Цагааны “Ачит Ихт” ХХК-д яагаад “Эрдэнэт”-ийн ашиг олох боломжийг өгсөн гэж хууль хяналтынхан үзсэн юм бэ.
Хэдийгээр технологийн зөрүүтэй ч “Эрдэнэт”-ийн тодорхой хувийг эзэмшдэг “Эрдмин” компанийн эцсийн бүтээгдэхүүн, үр дүн П.Цагааны “Ачит Ихт”-ийнхээс яагаад доогуур байдаг вэ. Өөрөөр хэлбэл, П.Цагааны “Ачит Ихт”-ийн ашигладаг овоолгоос 10-ын ашигтай байхад “Эрдмин”-ий овоолгоос яагаад ганцханы ашиг унадаг вэ.
П.Цагааны “Ачит Ихт”-ийн овоолгоо ашигладаг технологи, үйлдвэрийн үйл ажиллагаанд салбар хариуцсан бүхий л байгууллага бүрэн хяналт тавьж чаддаг уу. Түүнчлэн П.Цагааны “Ачит Ихт” ХХК-ийн үйл ажиллагаа хийгээд Орхон аймгийн иргэдийн хэрэглэдэг цэвэр усны асуудал хоёрын харилцан хамаарлыг мэргэжлийн байгууллагууд хянаж судалдаг уу.
Энэ мэт олон асуултын хариулт маш эргэлзээтэй бөгөөд одоогоор тодорхойгүй байгаа юм. Юутай ч, П.Цагаан гэдэг эрхэм “Эрдэнэт” үйлдвэрийн ирээдүйн үүцийг хаягдал гэж нэрлээд ухаад байна гэдэг л яг байгаа бодит байдал юм.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

URL: