Ван И-гийн БЭЛЭГ ба САНУУЛГА
Дэлхий дахинд коронавирусийн халдвар тархсанаас хойш манай улсад гадаадын өндөр дээд албаны хүмүүс айлчлал хийгээгүй. Тэгвэл БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “салхи хагалж”, манай улсад айлчлал хийгээд буцлаа. Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад айлчилсан түүний айлчлал чимээгүй юм шиг хэрнээ чимээтэй өнгөрөв. Монгол Улс дотооддоо коронавирусийн халдвар алдаагүй байгаа учраас Засгийн газраас хэвийн горимд шилжих шийдвэр гаргасан. Дотоодод бүхий л үйл ажиллагаа хэвийн өрнөнө. Харин хилээ нээхгүй, гадаадаас ирж буй иргэдээ 21 хоног тусгаарлах горим хэвээр үйлчилж байгаа. Нөгөө талаар дэлхий дахинд коронавирус тархсаар байна. Ийм эгзэгтэй үед Хятадын Гадаад хэргийн сайд манай улсад айлчилсан нь “хэрүүлийн алим” боллоо. Гэхдээ коронавирус гэхээсээ илүү эгзэгтэй үед манай улсад айлчилсан түүний айлчлал чухам юу өгүүлэв гэдэг нь сонирхол татаж байгаа юм.
Бичиг болоод сануулга
Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын хамгийн том сэдэв нь нүүрс авах, 700 сая юанийн бэлэг өгөх, манай удирдлагуудтай уулзах гэхээсээ илүү монгол бичигтэй нягт холбоотой байлаа гээд дүгнэчихэд нэг их буруудахгүй байх. Түүнийг айлчлал хийх өдөр нь Хятадын Элчин сайд өдөр тутмын сониноор болон зарим сайтуудаар ярилцлагаа гаргасан. Хятадын дотоод асуудалд битгий оролц. Тэр дундаа Монгол Улсын Засгийн газар, удирдлагууд, хуучин өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс дуугараад хэрэггүй гэдгийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоор жишээ татаж сануулсан. Зарим нь энэ сануулгыг Элчин сайд Цай Вэньруйгийн хувийн үзэл бодол гэж дүгнээд байх шиг. Нүүрс авах асуудалтай холбоод эдийн засгаараа манай хараанд байгаа шүү гэсэн сануулгыг Элчин сайд дур мэдээд ярьчихгүй болов уу. Яаж ч бодсон Хятадын Засгийн газрын дайсан үг гэж ойлгогдсон.
Мөн энэ сануулга нь Ван И гэдэг сайд ч манайд ирээд Хятадын дотоод хэрэгт оролцох хэрэггүйг сануулахын хавчуурганд бас бус ажлаа амжуулаад буцна гэсэн санааг ойлгуулсан хэрэг байсан байх. Уулзалтууд ч ерөнхийдөө л тийм агуулгатай болж өндөрлөлөө. Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан уулзалтын үеэр ч харилцан бие биенээ хүндэтгэх зарчмыг баримтлах нь чухал болохыг тэмдэглэсэн. Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай уулзсан уулзалтын үеэр ч мөн л энэ сэдвийг хөндсөн гэдгийг хэлсэн. Тэрбээр уулзалтын талаар мэдээлэхдээ “Хоёр тал бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг тууштай баримталж ажиллахаа нотоллоо” хэмээснийг мартаж болохгүй.
Манай улсын Засгийн газар, Төрийн өндөр албан тушаалтнуудаас Хятадын дотоод асуудалд оролцож, ямар нэг байдлаар байр суурь илэрхийлээгүй. Шууд утгаараа шүү. Гэхдээ ард иргэд жагсаж, хэлний эрдэмтэд ч эгдүүцсэн. МАН-аас Хятадын коммунист намд ил захидал илгээсэн. Ерөнхийлөгч байсан хүн нь нэлээд томоор байр сууриа илэрхийллээ. Одоогийн Ерөнхийлөгч есдүгээр сарын 1-ний өдөр хичээл заахдаа далдуур Хятадын бодлогыг эсэргүүцлээ гэж харсан. АНУ-ын Конгресст хандсан гарын үсэг цуглуулж байна л гэсэн. Мөн Өвөр Монголын 9 иргэний Монгол Улсын харьяат болох хүсэлтийг шийдвэрлэсэн зэрэг нь Хятадын талын эгдүүцлийг бага зэрэг хүргэх шиг боллоо. Тиймдээ ч Гадаад хэргийн сайд нь өөрийн биеэр ирж, уулзсан хүн болгонтойгоо дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх талаар санал солилцоод явав. Санал солилцох гэж хэлэхэд арай зөөлдөж ч магадгүй. Сануулаад буцлаа гэвэл онох ч байж болох.
Ерөөс Өвөр Монголд ямар хэлээр хичээл заах нь бидэнд хамаагүй асуудал. Тэртээ тэргүй Өвөр Монгол Хятад улсын харьяанд байгаа. Тиймээс бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцож болохгүй гэдэг нь яах аргагүй үнэн. Харин бид монгол бичгээ мөхөөхгүй үлдээх ёстой гэвэл өөрсдөө л авч хэрэглэх хэрэгтэй. Үүнийг л энэ айлчлал манай Төрийн тэргүүнүүдэд ухааруулсан байх гэж найдаж байна.
Бэлэг болоод сануулга
Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлал манайх шиг жижигхэн эдийн засагтай, хэцүүхэн байдалд орчихсон улсад цангаж яваа хүнд аяга ус өгсөнтэй ялгаагүй байлаа. 2020 оны төсвийг 2 их наядын алдагдалтай баталсан. Гэтэл энэ оны хагаст л гэхэд төсвийн орлого 1.2 их наядаар буурч байх жишээтэй. Сүүлийн хэдэн жилд өмнөд хөрш рүүгээ 40 сая тонн нүүрс экспортлохоор өөдрөгөөр төсөөлж ирсэн. Гэвч 2019 онд 36.4 сая тонн нүүрс экспортолсон. Энэ онд өнгөрсөн жилийнхээс хоёр дахин бага нүүрс экспортлох нь тодорхой болсон. Гэхдээ Гашуунсухайтаар гарч байгаа нүүрсний машины тоог нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын тал манайд боломж олгосноор нүүрсний экспорт оны төгсгөл хүртэл арай жаахан нэмэгдэж магадгүй. Гэхдээ л 20 сая тонноос илүү гарахгүй л болов уу.
Хятадын Элчин сайдын хэвлэлд өгсөн ярилцлагыг эргээд саная. Хятад манай улсаас нүүрс авах ямар ч шаардлага байхгүй, танайхыг бодож л авч байгаа гээд хэлчихсэн. Юу үнэн энэ үнэн. Статистик мэдээллийг харахад, Хятад 2019 онд 74.6 сая тонн коксжих нүүрс импортоор авч. Үүнийхээ бараг талыг нь манайхаас авсан. Өөр нүүрс авчих газар байхгүй дээ биш, Элчин сайдын хэлдгээр ядуу орны нөхцөл байдлыг ойлгож, харж үзэж байгаа хэрэг. Тиймдээ ч тэрбум ам.долларын нүүрс авч, “Тавантолгой” компани 2.7 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн хэрэг. Хятад хэрвээ хүсвэл Австралиас, Оросоос ч нүүрс авах боломжтой талаар мэргэжлийн хүмүүс хэлж л байна.
Ийм байтал Хятадын гадаад хэргийн сайд өөрийн биеэр ирж, нүүрсний экспорт нэмэгдүүлэх манай гуйлтыг сонсоод явна гэдэг хүчээ мэдрүүлж байгаагийн л жишээ. 700 сая юанийн буцалтгүй тусламж ч их мөнгө. 300 тэрбум төгрөг зүгээр өгчихөөд л явчихлаа. Коронавирусийн улмаас эдийн засаг хүндэрсэн, төсөв мөнгө тасарсан, гаднаас зээл их авч байгаа үед энэ бол яах аргагүй асар том тус. Мөн Гадаад харилцааны сайдтай олон талын хэлэлцээр хийж, санамж бичигт гарын үсэг зурсан. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэх талаар тохиролцсон гээд Ван И-гийн бэлэг их байлаа. Гэхдээ л тэр бэлгээрээ хүртэл сануулга өгч, Хятад байхгүй бол Монгол ямар байдалд орохыг сануулчихаад буцав. Бид мөнхийн хоёр хөрш болох их гүрнүүдтэйгээ эвтэй харьцаж, хөлд нь суухаас өөр сонголт үгүйг ч мэдрүүлчихээд буцлаа.
URL: