ИНЕГ, МИАТ-ын удирдлагыг зайлуулахгүйгээр тэнд сахилга, хариуцлага сайжрахгүй нь тодорхой боллоо
Дэлхий нийтээр тархсан ковид-19-ын гамшигаар гадаадаас эх орондоо ирж чадахгүй гацсан иргэдийг эх оронд нь авчрах үүрэг хүлээсэн хүмүүсийг тойрсон элдэв маапаантай асуудлууд олныг гайхашруулсаар байгаа билээ. Эх орондоо ирэх иргэдээс хээл хахууль нэхсэн гэх мэт хэргийг хууль хяналтынхан шалгаж буй. Тэгвэл саяхан МИАТ компанийн удирдлагууд тусгай нислэгийн тизнийхээ үнийг хэлж мэдэхгүй шившгээ дэлгэв.
ШӨХТГ-аас нислэгийн үнийг бууруулах боломжийн талаар тэднийг урьж уулзах үеэр энэ явдал болсон юм. Уг уулзалтыг сурвалжилсан сэтгүүлч “тизийн үнэ одоо яг хэдэн төгрөг байгаа юм бэ” гэж асуухад МИАТ-ын гүйцэтгэх захирал Д.Баттөр нь “Хэд билээ дээ, сайн мэдэхгүй байна. …Гэхдээ нислэгийн үнийг буруулах боломжгүй, манайх дөнгөн данган амь зууж байна….” гэжээ. Түүнийг дагалдан тус компанийн Захиргаа, Хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Б.Мөнхтамир, Санхүү эрхэлсэн дэд захирал Н.Одмандах зэрэг хэд хэдэн дарга сэтэртэнгүүд нь ч мөн сэтгүүлчийн тэрхүү асуултанд хариулсангүй. Харин ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ”Хэрвээ үнээ буулгаж чадахгүй бол өөр авиа компанитай гэрээ хийж тусгай нислэгийг хямд үнээр гүйцэтгэх боломжтой. Энэ талаар саналаа Засгийн газарт танилцуулна” гэсэн юм.
Тэгвэл МИАТ компани ковид-19 илрэхээс өмнө гадаад тусгай нислэгээ хярцангуй хямдаар хийж байсан бол энэ оны нэгдүгээр сараас хойш эрс өсгөжээ. Энэ тухай зарим иргэний байгууллагууд судалгаа хийхэд бараг 800 мянгаар нэмсэн гэдэг тооцоо гарсан байна. Өөрөөр хэлбэл, МИАТ-ынхан үнэндээ гадаад орнуудад хөл хорионд ороод олон сараар ядарч зүдэрч байгаа иргэдээ огт бодсонгүй. Хэрвээ үнэхээр гарцаагүй үнэ нэмэх шаардлага гараад нэмсэн бол Засгийн газар нь яагаад төсвөөсөө татаас өгч алдагдлыг нь нөхөх арга хэмжээ авч болохгүй байх билээ. Өч төчнөөн үргүй зардал нь лав сүүлийн дөрвөн жилд огт тасраагүй шүү дээ.
Ер нь ИНЕГ болон МИАТ компанид хариуцлагагүйн хэл ам тасралтгүй үргэлжилж байна. Ноцтой хэрэг зөрчлүүдийг тас нуугаад, дээр дооргүй хаацайлаад өнгөрөхийг яана. Тухайлбал, 2018 оны 5 дугаар сарын 26-ны шөнө “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хориотой бүсэд автомашинтай залуус дайрч орон нэгийнх нь амь үрэгдэж, онгоц хөөрөх, буух хориотой зурвас руу явганаар нэвтэрч орсон ноцтой үйлдлийг нууцлаад л өнгөрсөн. Мөн “Чингис хаан” нисэх буудлаас хөөрөх гэж байхдаа осолдсон “АН-2” онгоцны ослын нотлох баримтыг ч устгасан байлаа. Энэ талаар Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албанаас ИНЕГ-ын удирдлагад албан ёсоор мэдэгдсэн ч огт хайхралгүй өнгөрсөн байв. Энэ мэтээр ИНЕГ, МИАТ хоёрт өч төчнөөн хэрэг дарагдаж байна.
МИАТ компанийн “Боинг 767-300”-ын хоёрдугаар нисгэгч Д.Булганхангай гэгч нь Германд очоод өндөр үнэтэй зочид буудал хөлслөн архидан согтуурч, улмаар хар тамхи хэрэглэн үйлчлэгчийг нь барьж авч зодохоо шахсан гэх дуулиан шуугиан одоо ч намжаагүй л байна. Тэгвэл энэ оны 7-р сарын 2-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж байсан МИАТ-ын онгоц Сөүлээс 170 хүн авч агаарт хөөрөөд замын талд ч оролгүй нэг мотор нь ажиллахаа больж, “Авраарай” түгшүүр буюу “SOS” тусламж дуудан ниссээр Бээжин хотын “Капитоль” нисэх буудалд ослын буулт хийсэн байлаа. Азаар харин энэ үед хүний амь үрэгдээгүй. Энэхүү хэрэг явдлыг ИНЕГ, МИАТ-ын удирдлагууд “техникийн буулт” гэсэн нэрээр мөн л дарж байна. Харин уг онгоцны эвдэрсэн моторыг гадаадад өндөр үнээр засуулах болсон тухай доод албан тушаалтнууд нь сэм шивнэлдсээр байгаа аж.
МИАТ-д байнгын хяналт тавих болон агаарын хил, агаарын тээврийн хэрэгслийн бэлэн байдал зэргийг удирдан чиглүүлэх үүрэгтэй ИНЕГ-ын удирдлага, тодруулбал, дарга Л.Бямбасүрэнгийнх нь хууль бус үйлдлүүд түүний энэ албанд томилогдсон 2016 оны намраас хойш өнөөг хүртэл бүр хэрээс хэтэрч, хуулийнхны анхааралд байнга өртдөг ч ямар нэг зэмлэл шийтгэлгүй яваа нь тун сонин. Энэ оны сонгуулийн өмнөхөн нисэхийн үйл ажиллагаа эрхэлдэг “Скай жет” гэдэг компанийнхан аргаа бараад өдөр тутмын сонинуудад мань эрийн талаар төлбөртэй нийтлэл гаргаж, хууль бус үйлдлүүдийг нь олон нийтэд ил тод болгохыг зорьж байлаа. Энэхүү дуулианаар харин сүүлийн үед хуулийнхан Л.Бямбасүрэнд эрүү, иргэний хэрэг үүсгэсэн тухай зарим эх сурвалжууд мэдээлж байна. Гэхдээ үүнд итгэхэд бас бэрх. Тэгвэл энд одоо Л.Бямбасүрэнгийн холбогдсон дээрх хэргүүдээс гадна өөр зарим хэргүүдийн талаар товч өгүүлье.
Л.Бямбасүрэн нь 2017 оны 5-р сарын 10-нд А/295 дугаартай тушаал гарган олон улсад зөвшөөрөгдсөн сертификаттай сургалтыг англи, монгол хэлээр зохион байгуулах тендерийн үнэлгээний хороо байгуулсан байдаг. Тус хороо нь хууль, журам зөрчин “Гүрэн” дээд сургуулийг тендерт ялагч болгож, Л.Бямбасүрэн нь 640 сая төгрөг шилжүүлжээ. Ингээд зогссонгүй тус сургуулийн захирал Д.Дэмбэрэлдорж гэгчтэй хуйвалдан тэрхүү тендерт “Цахим” дээд сургуулийг бас оролцсон тухай хуурамч баримт бүрдүүлсэн байлаа. Иймээс Л.Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн 17.4-2.1, 18.6-2.3 дахь хэсэгт зааснаар 180200021 дугаар бүхий хэрэг нээн шалгасан гэх боловч харамсалтай нь одоо болтол бүрэн шийдэгдсэнгүй.
Түүний даргалж буй хугацаанд ИНЕГ-т иргэний нисэхийн бодлого үндсэндээ алдагдаж, үйл ажиллагаа нь жигд бус, хуурамч үйлдлүүдээр дүүрчээ. Тэнд нөхцөл байдал улам доройтсоор байхад хууль сахиулах байгууллага төдийгүй УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын Л.Оюун-Эрдэнэ болон Зам, тээврийн хөгжлийн яам, Улсын Ерөнхий прокурор зэрэгт иргэний байгууллагуудаас удаа дараа гомдол, мэдээлэл хүргүүлсэн ч өнөөдөр бахь байдгаараа л байна. Эх сурвалжуудын өгүүлж байгаагаар Л.Бямбасүрэн нь “Би Ерөнхий сайдтай МУИС-ийн Хуулийн сургуулийн нэг ангийн найз. У.Хүрэлсүх байхад надаар оролдоод нэмэргүй” хэмээн сагсуурч явдагтай энэ бүхэн холбоотой байж магадгүй л юм.
Эдгээрээс харахад эрх мэдэлтэнгүүдийнх нь хариуцлаггүйгээс дампуурахад ойрхон болоод байгаа ИНЕГ болон МИАТ-ын удирдлагыг бушуухан зайлуулахгүйгээр тэнд сахилга, хариуцлага сайжрахгүй нь тодорхой байна. Тодруулбал, Л.Бямбасүрэн, Д.Баттөр нарт хуулийн хариуцлага үүрүүлэхгүйгээр шударга ёс энээ тэрээг яриад бүр ч хэрэггүй юм байна.
О.Баяр.
Түмэн.мн
URL: