Х.Нямбаатар: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнд цахим гав зүүлгэнэ
Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тогтоолыг баталсан билээ. Энэ талаар Засгийн газрын хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2015 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. 2017 оны нэгдүгээр сарын 1-ээс Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 197 заалтад зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаар хуульчилсан. Зорчих эрхийг хязгаарлах ял гурван үндсэн агуулгатай.
Нэгдүгээрт, гартаа болон хөлдөө цахим бугуйвч буюу гавыг тухайн хэрэгт холбогдсон хүн зүүснээр оршин суугаа газраасаа гарахгүй байх хязгаарлалтад орно. Хоёрдугаарт, тодорхой чиглэлд зорчих боломжтойгоор чиглэлийг баталгаажуулж болно. Өөрөөр хэлбэл, тогтоосон чиглэлээс л гарахгүй байх ёстой. Гуравдугаарт, тодорхой хүмүүстэй уулзахгүйгээр хязгаарлах болохоор тогтоосон агуулгатай ял юм. Энэ ялын хэрэгжилтийг техник, тоног төхөөрөмжийн нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хоёр удаа хойшлуулсан. 2018, 2019 онд хойшлуулсан юм.
Харин хуулиараа 2021 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Хуулиндаа тэгж зааж өгсөн. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яам өнгөрсөн долдугаар сараас эхлээд энэ ялыг хэрэгжүүлэх суурь судалгаануудыг хийж, үүнтэй холбоотой тооцоог өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Улмаар Засгийн газрын тогтоол гарч, ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэхээр боллоо.
Энэ ял хэрэгжсэнээр хүн ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлтэйгээ хамт байх боломжтой. Тодорхой хуулийн хязгаарлалтад орж, энэ ялаа эдлэх боломж бүрдэж байгаа юм. Анх удаагаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болгоомжгүйгээр хэрэг үйлдсэн хүмүүст энэ ялыг оногдуулна. Зам тээврийн осол гаргасан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, болгоомжгүйгээр бусдад хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан хэрэгт л энэ төрлийн ялыг онооно.
Бид эхний тооцооллоор 2021 онд 1080 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оноох магадлалтай гэж үзэж, бэлтгэл ажлаа хангаж байгаа. Энэ ялын бодлогыг хэрэгжүүлснээр их, дээд сургуульд суралцаж буй оюутан анх удаагаа, болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бол сурч, боловсрох эрхээ алдахгүй байх боломжтой. Тодруулбал, оюутны амьдарч байгаа гэр болон сургуулийн хооронд маршрут татна. Эсвэл байгууллага удирдаж байгаа хүн зам тээврийн осол гаргалаа гэж бодъё. Ял эдэлчихээр ихэнх тохиолдолд байгууллага, компанийнх нь бизнесийн үйл ажиллагаа эрсдэлд ордог, дампуурдаг тохиолдол ч бий. Тэгвэл зорчих эрхийг хязгаарлах ял хэрэглэснээр тухайн байгууллагын захиралд гэр, компани хоёрынхоо хооронд зорчих боломжтойгоор хязгаарлалт тогтоож болно.
Цахим гав нь ухаалаг утастай адилхан. Оосор нь дотроо ган утастай, таслах боломжгүй. Хэрвээ таслах гэж оролдох, тасалсан тохиолдолд хорих ялаар солигдоно. Хязгаарлалтаас тухайн хүн гарвал зорчих эрхийг хязгаарлах ял нь хорих ялаар солигдоно. Хуулиндаа тэгж заасан. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүмүүс давтан болон хүнд гэмт хэрэгтнүүдтэй хориход ял эдэлснээс буруу зан үйлд суралцах. Дахин гэмт хэрэг өдүүлэх сэдэлтэй болохоос сэргийлнэ. Мөн хориход бусдын дарамтад орохоос ч сэргийлж байгаа юм.
Эрүүгийн хуулийн 197 заалтад сонгох байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оруулж өгсөн. Шүүх тухайн нөхцөл байдлаа харж, хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялаас сонгож онооно л гэсэн үг. Энэ ялыг хэрэглэснээр хориход ял эдэлж буй хүмүүсээс 60 хувийн бага зардал гаргана. 2021 онд 1080 хүнд энэ ялыг онооно гэж тооцоход л 3 орчим тэрбум төгрөгийг хэмнэнэ гэж тооцсон. Авлига, албан тушаалын хэрэгт ч зорчих эрхийг хязгаарлах ял онооно гэж зааж өгсөн. Гэхдээ шүүгдэгчийн нийгэмд учруулсан хор хохирлын хэмжээг харгалзан үзэж, шүүх л шийдэх асуудал” хэмээлээ.
URL: