Батсуурь аварга ёс зүйтэй хүн мөн үү?
Энэ жилийн Улсын их баяр наадмаар дээгүүр барилдсан бөхчүүдээс допинг илэрсэн гэсэн мэдээлэл тархаад байсан билээ. Тэгвэл улсын аварга Н.Батсуурь өчигдөр допингийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч бөх сонирхогч залуус болон ард түмнээс уучлалт гуйж, хариуцлага үүрэхэд бэлэн байна гэж мэдэгдсэн.
Энэхүү мэдэгдлийн дараа цахим орчинд урьд өмнө нь допинг илэрсэн бөхчүүд надаас тийм юм илрээгүй, шүүхдэнэ гэх мэтчилэнгээр хэл ам хийж хариуцлагаас зугатдаг байсан. Энэ удаад аварга том зориг гаргаж допинг илэрсэнээ хүлээн зөвшөөрч ард түмнээсээ уучлалт гуйж ёс зүйтэй хандлаа хэмээн магтацгааж байна. Гэтэл яг үнэндээ Н.Батсуурь аварга яг ёс зүйтэй хүн мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Өмнө нь түүний хийж байсан ёс зүйгүй үйлдлүүд олон бий.
Тэднээс дурьдвал Монгол улсын Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөрт зориулсан барилдааны үеэр тэрбээр Өвөрхангай аймгийн арслан Лхагвадоржид хориотой мэх хийн шидэж, нугаслах шахсан удаатай. Мөн Санжаадамба аваргын амруу гараа хийж, завжийг нь сэтлэх шахсан. Тэр ч байтугай “Чингис хаан” ОУНБ-ын Бизнес лоунж-аар үйлчлүүлэхэд нь үйлчилгээний ажилтан төлбөр хүсэхэд ажилчдыг нь хэл амаар доромжилж, энгэрийн зүүлтийг нь тасалж байсан. Түүний хийсэн ёс зүйгүй үйлдлүүд ингээд дууссангүй. Гурван үеийн 70 жил барилдаж ирсэн түүхтэй, ген сайтай аварга маань 2012 онд шаардлага тавьсан замын цагдааг хүртэл зодож явсан удаатай. Тэгсэнээ гэв гэнэт нэг их ёс зүйтэй хүн болох гэж харагдах гэсэн аястай мэдэгдэл хийгээд амжив бололтой. Аваргын өмнө нь хийж байсан үйлдлүүд ард түмний зэвүүцлийг хүргэж байсан ч ганц допинг илэрснээ хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдээлэлд хүмүүс түүнийг сайшааж байна. Яг үнэндээ хүлээн зөвшөөрсөн гэж байгаа ч өөрөө уугаагүй гаднаас миний биед оруулсан гэх булзааруулсан өнгө аястай л юм хэлсэн. Хүлээн зөвшөөрч байгаа бол би хэрэглэсэн гээд шууд хэлчихмээр л юм.
Б.Сувдаа
Оллоо.мн
URL: