Серена азгүйтэж, Осака тодров
“US оpen”-ий хагас шигшээд В.Азаренкод ялагдсанаар дүү Уильямс “Их дуулга”-д 24 дэх удаагаа түрүүлж, М.Кортын дээд амжилттай тэнцэх хүслээ биелүүлж чадсангүй. Эмэгтэй теннисчид дундаа хамгийн олон фэнтэй ахмад (Серена энэ жил 38 настай) тамирчинд тооцогдох америк бүсгүй М.Кортын амжилтад хүрэхээр эртнээс хичээж буй. Тэрбээр зөвхөн үүний төлөө охиноо төрүүлсний дараа буюу гурван жилийн өмнө теннистээ эргэн ирсэн билээ. Гэвч 24-т хүрэх түүний есөн оролдлого бүтэлгүйтэв. Энэ удаад тэрбээр “US оpen”-ий хагас шигшээд мөн л залуу үед хамруулж болохооргүй беларусь өрсөлдөгчдөө ялагдлаа.
Цар тахлын дараах тэмцээнүүдэд Серена тийм ч сайн тоглоогүй, форм муутай байсан учраас түүнийг хагас шигшээд шалгарсныг нь мундаг амжилт гэж үнэлж болно. Гэсэн ч дүү Уильямс хүнд үед ялалт байгуулж чаддагаараа үргэлж гайхагдсаар ирсэн юм. Дээд амжилтад хүрэхэд нь ердөө хоёрхон ялалт үлдсэний дараа түүнийг энэ удаагийн тэмцээнд түрүүлэх нь гэсэн бодол олон хүнд байсан байх. Хагас шигшээгийн эхний сетэд Серена олны таамаглалыг Серена азгүйтэж, Осака тодров батлах мэт өрсөлдөгчөө 6:1-ээр буулгаж авсан. Гэвч В.Азаренко бууж өгөх дургүй, сэтгэлийн хаттай бүсгүй гэдгээ харуулж, америкчуудын хайртай тамирчныг дэвжээн дээр нь яллаа. В.Азаренкогийн хувьд финалд шалгарсан нь хүүхдээ төрүүлснээс нь хойших хамгийн том амжилтад тооцогдож байна. Найз залуу асан Б.Маккигтай хүүхдийнхээ асран хамгаалагчийн талаар удаан хугацаанд маргалдаж, хувийн асуудалтай байсан беларусь бүсгүй энэ оны эхээр WTA-ийн чансааны эхний 50-д ч багтахгүй байлаа. Тэрбээр энэ тэмцээнд тун сайн тоглож буй нь томоохон гэнэтийн бэлэгт тооцогдоно. Ерөөс эл тоглолт Викториягийн хувьд 2013 оноос хойших “Их дуулга”-ын хамгийн чухал тоглолт нь байлаа. Ийн гэнэт тодорсон бүсгүй финалд Н.Осакатай тулав.
Тэд “Их дуулга”-д тус бүр хоёр удаа түрүүлсэн амжилттай ч япон теннисчин сүүлийн хоёр жилд эл амжилтаа үзүүлсэн бол беларусь тамирчин 2012, 2013 онд аваргалж байлаа.
Аваргын төлөөх тулааны эхний сетэд В.Азаренко өрсөлдөгчөө 27 минутад хялбархан ялав. Н.Осака түүний эсрэг юу ч хийж чадсангүй, 22-той бус, 42 настай тамирчин шиг л хөдөлж байв. Хоёрдугаар сетийг Виктория 2:0-ийн харьцаатай эхлүүлэхэд түүнийг аварга болох нь гэдэгт бараг бүгд итгэж эхэлсэн. Гэвч яг энэ мөчөөс тэрбээр тоглолтоо бүрмөсөн алдсан юм. Дараалсан олон алдаа гаргаж, үүнийг өрсөлдөгч нь чадмаг ашигласаар оноо түүж эхэллээ. Хэдий энэ өдөр Н.Осака сайн тоглосон ч өрсөлдөгч нь түүнд ялалтаа бэлэглэсэн гэхэд хатуудахгүй биз ээ. Хэрэв беларусь теннисчин 6:1-ээр хошуучилж байсан хоёрдугаар сетэд хожлоо “бэлэглээгүй” бол тоглолт 55 минут үргэлжилж, 6:1, 6:3- ийн харьцаатай түүний ялалтаар өндөрлөх байсан юм.
Харин Н.Осакагийн сэтгэлийн хатыг спортын шинжээчид бахдаж байна. Тэрбээр зөв цагтаа өрсөлдөгчдөө дарамт үзүүлж, дараа нь алдааг нь ашиглаж чадсан нь аваргад л байх чанар билээ. Ийнхүү япон теннисчин гурван жил дараалан “Их дуулга” тэмцээнд түрүүллээ. Энэ удаагийн ялалтыг нь “түүхэн” хэмээн үзэж болох юм. Учир нь “US оpen”-ий эмэгтэй ганцаарчилсан төрлийн финалын 25 жилийн түүхэнд нэг ч тамирчин 0:1-ээр хожигдож явснаа аваргалж байсангүй.
Залуу Н.Осакаг “Их дуулга”-ын олон олон ялалт хүлээж байгаад эргэлзэх хэрэггүй юм.
“US ОPEN”.
Эмэгтэй ганцаарчилсан төрөл
Хагас шигшээ
Виктория Азаренко (Беларусь)-Серена Уильямс (АНУ, 3)-1:6, 6:3, 6:3 Наоми Осака (Япон, 4)-Женнифер Брэди (АНУ, 28) – 7:6 (7:1), 3:6, 6:3
Шигшээ
Н.Осака-В.Азаренко 1:6, 6:3, 6:3
Бэлтгэсэн: Н.Энх
URL: