Төмөр сейфний хэрэгт холбогдож байсан Н.Хүрэлбаатар АШУҮИС-ийн захирал болжээ

2fea78a093d80ecec929dff2db1d929cАШУҮИС-ийн захирал Ж.Цолмон ажлаа өгсөн байна. Тус сургуулийн захирлаар Н.Хүрэлбаатарыг томилжээ. Н.Хүрэлбаатар нь Эрүүл мэндийн сайд, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Тэрбээр 2020 оны наймдугаар сарын 21-нээс Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн захирал гэх үүрэгт ажилдаа оржээ.

Түүний хувьд Сү.Батболдыг засаг удирдаж байх үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Н.Хүрэлбаатарыг Монголын хууль, хяналтын байгууллагаас мөнгө угаалт, авлигын хэрэгт сэжиглэн шалгаж буй талаар хэвлэлүүд 2011 оноос эхлэн бичиж буй билээ. Хэдий тийм ч түүнд холбогдох хэргийн хувь заяа чухам яг хэрхэн өрнөсөн нь өнөөдрийг хүртэл тун тодорхойгүй байдаг юм.

Энэ эрхэмтэй холбоотой хамгийн сонирхолтой хэрэг нь цоожны сейцний хэрэг билээ. Хэргийг тодруулбал, 2011 оны хавар  Н.Хүрэлбаатарын хүү Х.Энхбатын Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, Зайсан дахь “Рапид харш” хотхоны орон сууцнаас төмөр шүүгээтэй 600 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют алдагдсан хэрэг гарсан байдаг. Тэр үед Х.Энхбатын найз бүсгүй Б.Болортуяаг цагдан хорьж шалгаж байлаа. Хэргийг үйлдсэн этгээдүүд төмөр сэйфний түгжээг тайлж чадалгүй, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох хогийн цэгт хаяснаа мэдэгдсэн байдаг.

Улмаар төмөр сэйф хуулийнхны гарт очиж, тэд түгжээг нь тайлахад хоёр сая 245 мянган юань гарч ирсэн гэдэг. 2011 оны Монголбанкны албан ханшаар тооцоход 420 орчим сая төгрөг юм л даа. Сайдын хүүгийн гэрт байсан сэйфнээс илэрсэн хагас тэрбум орчим төгрөгийн эзэн нь сайд өөрөө гэдгийг хүү нь өөрөө амаараа тайлбарласан байдаг. Улмаар сэйфэнд байсан их хэмжээний валютын эх үүсвэр нь бусдаас хахуульд авсан, мөнгө угаасан гэмт хэргийн замаар олсон хөрөнгө байж болзошгүй гэсэн үндэслэлээр Улсын Мөрдөн Байцаах Газраас шалгаж эхэлсэн түүхтэй.

Сонирхолтой нь хэрэг явдал ингэж мандаж эхлэх үед Н.Хүрэлбаатар Монгол Улсын хилээр гарч явснаар “дайран дээр давс” гэгчээр  хэвлэлүүд хэрэг явдлын талаар бүгд л бичиж байлаа. Асуудал улс орон даяар өндрөө авч эхлэхтэй зэрэгцэн Н.Хүрэлбаатар Монголдоо буцаж ирэх шийдвэрийг гарган, Сөүл-Улаанбаатарын нислэгээр Буянт-Ухаад газардаж байлаа. Түүнийг буусан даруйд цагдаагийн байгууллагаас баривчлан, хорьж байсан билээ. Н.Хүрэлбаатарыг баривчилсны дараа хүүг нь батлан даалтад гаргаж байсан юм. УМБГ, АТГ-ын хамтарсан Ажлын хэсэг Н.Хүрэлбаатар нарт холбогдох хэргийг шалгаж байгаад дараа нь АТГ дангаараа шалгах болсон гэх мэдээлэл байсан юм.

Гэсэн ч Н.Хүрэлбаатарт холбогдох хэргийг хэрхэн яаж шийдсэн нь, хэрэв гэм буруугүй гэж үзсэн бол чухам ямар үндэслэлээр тэгэж шийдвэрлэсэн эсэх талаараа хуулийнхан тодорхой тайлбар хийдэггүй нь хачирхалтай.

http://dorgio.mn/p/121520


URL: