Шатахууны компаниуд ОЛОН ЖИЛ ХУЛХИДАЖ ирснийг баталгаажууллаа

wy81ny7gШАТАХУУН, ТҮЛШ БОРЛУУЛЖ БУЙ 20 КОМПАНИ БҮГД ХЭРЭГЛЭГЧДЭД МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦЭХГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЖ БАЙНА

Иргэдээс төрд хаягласан хуурамч шатахуун, түлшний талаарх гомдол, мэдээлэл олон жилийн турш хариултаа хайж ирсэн. Тэгвэл ШӨХТГ, МХЕГ тэргүүтэй байгууллагууд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн нийслэлд шатахуун борлуулж буй станцуудад шалгалт хийж, өчигдөр нэгдсэн байдлаар 20 компани бүгд хэрэглэгчдэд Монгол Улсын стандартад нийцэхгүй бүтээгдэхүүн нийлүүлж буйг албан ёсоор зарлалаа. Шалгалтаар хэрэглэгчдийг хохироосон ноцтой зөрчлүүд илэрсэн байна. ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг Нийслэлд шатахуун борлуулдаг компаниудын станцуудад түүврийн аргаар дээж аван шинжлэхэд, “Магнай трейд”, “МонСуль”, “М-Ойл”, “Сод Монгол”, “Петровис”, “Петро стар”, “Нью энержи стар” зэрэг компанийн худалдаалж буй АИ92 төрлийн шатахуун 85.1-89.8 октантай гарчээ. Шилжилгээнд хамруулсан АИ92 төрлийн шатахуунууд дунджаар 88 октантай байсан аж. Тэгвэл “Синчи -Ойл”, “Ай Си Ай Си”,  “Петро стар”, “Шинэ ундарга ойл”, “Номин ойл”, “Шунхлай трейдинг”, “Хөрс авто сервис”, “Жем ойл”, “Шижир ойл”, “Тод петролиум”, “Петро жамп” зэрэг компаниудын АИ92 төрлийн шатахууны октан 99.3-116.9 буюу хэт өндөр гарчээ.

Энэ нь бүгд Монгол Улсад хэрэглэгдэж буй шатахуунд мөрдөгдөх  ёстой MNS0217-2017 стандартын шаардлагыг хангахгүй байгаа гэдгийг мэдээллээ. “Петро стар”, “Шунхлай трейдинг”, “Петро жамп” зэрэг компани стандартын бус дизель түлш борлуулсан байна. Нийтдээ 20 компанийн 19 шатахуун түгээх станцаар борлуулагдаж байгаа болон дөрвөн агуулахад хадгалагдаж буй бензин, дизель Монгол Улсын стандартын шаардлагыг хангаагүй байна.  Улмаар өнгөрсөн долдугаар сарын 9-нд гааль дээрээс дээж авч, шинжилгээ хийлгэсэн ч  Ашигт малтмал, газрын тосны газраас хариуг нь ирүүлээгүй байгаа гэлээ. Энэ нь хяналт шалгалтын эцсийн дүгнэлт гарахад саад учруулаад байгаа аж.

“ТЭС ПЕТРОЛИУМ”, “ПЕТРО ЖАМП”, “СИНЧИ ОЙЛ”, “ШУНХЛАЙ ТРЕЙДИНГ” КОМПАНИЙН ШАТАХУУНААС УС, ЛАГ ГАРСАН

ШӨХТГ-аас өнгөрсөн наймдугаар сард шатахууны жижиглэн худалдаа эрхлэгчид үнэ нэмсэн эсэхэд хийсэн шалгалттай холбоотойгоор ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Үнээ нэмж борлуулж байгаа зарим газрууд шатахууны үнээ ил тод мэдээлээгүй, ямар үнээр иргэд хэрэглэгчдэд худалдан борлуулж байгаа нь тодорхойгүй байсан зэрэг нийтлэг зөрчил хяналт шалгалтаар илэрсэн. Шатахууны худалдаа эрхлэгчдийн дунд картын хөнгөлөлт, урамшуулал зарлах явдал нь түгээмэл байна. Зарим тохиолдолд урамшууллыг ойлгомжгүй, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн байдлаар зохион байгуулсан тул хуулийн дагуу уг зөрчил дутагдлыг таслан зогсоох чиглэл өгсөн. Ийнхүү шалгалт хийх явцад “Тэс петролиум”, “Петро жамп”, “Синчи ойл”  компанийн дизель түлш болон АИ92 шатахуун, “Шунхлай трейдинг” компанийн АИ95 шатахуунаас ус, лаг наалдаж гарч ирсэн болохыг Ашигт малтмал, газрын тосны газрын лаборитари тогтоосон. Хөндлөнгийн лабораториор шинжлүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулж ажиллаж байна” гэв.

СТАНДАРТ БУС ШАТАХУУН ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОР ХӨНӨӨЛ УЧРУУЛДАГ

Шатахуун импортлогч компаниудаас илэрсэн зөрчил дутагдлын талаар МХЕГ-ын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга А.Бямбадорж “Шатахууны чанар, шахалттай холбоотой гомдол мэдээлэл 2016, 2017 оноос хойш нийгэмд яригдаж байна. Тиймээс дээд байгууллага болон ард иргэдийн хүсэлтийн дагууу шатахууны чанарын шалгалтыг гурван удаа хийсэн. Шалгалтын дүнгээр Монгол Улсад хэрэглэж байгаа шатахуунд хүнд металл, хүхэр гэх мэт бодисууд илэрсэн. Үүнээс гадна Монгол Улсад импортлон орж ирж байгаа шатахуунд гааль дээр нь шалгалт хийж ажилласан. Хариу нь гараагүй байна. Монгол Улсад хэрэглэгдэж байгаа бүтээгдэхүүний бодисын агуулгын хэмжээг стандартаар тогтоож өгсөн байдаг. Өмнө нь хийсэн шалгалтуудаар шатахуунд агуулагдах бодис заасан хэмжээнээс их байгаа нь тогтоогдсон. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр гаднаас импортлож байгаа шатахуун Евро-5 стандартыг хангахгүй байгаатай холбоотой. Шатахуунд хүнд металл, хүхрийн агууламж их байгаа нь байгаль орчин бохирдуулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгүүр гэмтэх шалтгаан болдог. Цаашлаад шаардлага хангахгүй шатахууны шаталтын хий хүний эрүүл мэндэд муу нөлөө үзүүлэх хүчин зүйлс бий болоод байна. Тиймээс Евро-таван ангиллын шатахуун хэрэглэх бодлого үгүйлэгдэж байгаа. Мөн тус шалгалтаар нафта, керосин гэх мэт дагалдах бүтээгдэхүүн маш их хэмжээгээр оруулж ирсэн байгаа нь илэрсэн. Монгол Улсад  керосин, нафта ашиглан  шатахуун, дизель үйлдвэрлэхийг зохицуулсан дүрэм, журам байхгүй. Тэгэхээр төрийн бодлогон шийдвэрээ гаргах шаардлагатай үзэж байна” гэлээ.

УДАА ДАРАА ЗӨРЧИЛ ГАРГАСАН КОМПАНИУДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛНА

Ийнхүү шатахууны компаниуд иргэдийг олон жилийн турш хулхидаж ирснийг ШӨХТГ, МХЕГ, СХЗГ, АМГТГ-уудын шалгалтаар албан ёсоор баталгаажууллаа. Тэгвэл зөрчил гаргасан компаниудад ямар арга хэмжээ авах боломжтой талаар Уул уурхайн яамны түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат тайлбар өгсөн. Тэрбээр Монгол Улсын хэмжээнд 118 компани бүх төрлийн шатахууны импорт, бөөн болон жижиглэнгийн тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу мэргэжлийн хяналтаас зөрчил гаргасан дүгнэлт ирвэл тусгай зөвшөөрлийг гурав хүртэл сараар түдгэлзүүлж болно. Удаа дараа зөрчил гаргавал тусгай зөвшөөрлийг цуцална гэдгийг хэллээ.

Өглөөний сонин


URL: