Засгийн газрын мөрийн хөтөлбөр: Цар тахлын үед нэг сая жуулчин ирэх үү?

712-159978118624eece95d07a5e5754f26348e2bfa68d

МАН сонгуулийн амлалтаа Засгийн газрын хөтөлбөр болгож хэрэгжүүлэх учиртай.  Гэтэл сонгуулийн мөрийн хөтөлбөр нь популист амлалтаар дүүрэн. Тооцоо судалгаа, үндэслэл муутай. Түүнийгээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт суулгасан. Эрдэмтэн судлаачдын өргөн бүрэлдэхүүнтэй баг ажиллуулсан хэмээж байгаа ч иргэдийн саналыг авах гэсэн “өнгө, будгаар” будсан амлалтууд олон байлаа. Өдгөө ч нийслэл, аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуулийг нөгөө л тактикаар хийх гэж байна. МАН өнгөрсөн сонгуульд “Хүчээ нэгтгэе” хэмээн уриалсан. Амлалтаа “Таны сонголтоор бидний мөрдөх хөтөлбөр” гэж нэрлэсэн. Санал авах өдрийг “Ерөнхий сайдаа багаар нь сонгоё” гэж ухуулсан. Тэгвэл 2020-2024 онд хэрэгжүүлэх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь “Хэрэгжүүлэхгүй, хий хоосон мөрөөдөх үү” гэгч болжээ.  Тухайлбал, МАН-ын мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалын талаар тунхаг төдий олон зүйлийг тусгаад байна.

МАН-ын мөрийн хөтөлбөрт: Жуулчдын тоог нэг саяд хүргэнэ
-Байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
-Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-I”-ийг Хөвсгөл, Хэнтий, “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II”-ийг Архангай, Баян-Өлгий, Өвөрхангай, Увс, Ховд зэрэг аймагт хэрэгжүүлж, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлнэ.
-Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд “Мянганы суут хүн Чингис хаан цогцолбор”-ын ажлуудыг цогц байдлаар дуусгаж, Монголын нууц товчооны дурсгалт газруудыг хамгаалах, олон улсад сурталчлан таниулах, дэд бүтцээр холбох ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулна.
-Манзуширын түүхэн дурсгалт газрыг түшиглэн соёл, шашин, аялал жуулчлалын олон улсын цогцолбор байгуулах ажлыг эхлүүлнэ.
-Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, иргэд, жуулчдын тоог нэг саяд хүргэнэ.
-Баян-Өлгий, Увс, Ховд, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Завхан аймгуудад аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, отоглох цэг, авто зам дагуу үйлчилгээний цогцолборуудыг байгуулна. Говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
-Хил орчмын аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлнэ.
-Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын салбарт технологийн дэвшил нэвтрүүлж, гадаад сурталчилгааг өргөжүүлнэ гэжээ.
Харин Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төрөлжсөн аялал жуулчлал хөгжүүлнэ гэсэн байна.  Ингэхдээ,
-Салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгон үндэсний онцлог, ялгарал бүхий, байгаль орчинд ээлтэй, нутгийн иргэдийг түшиглэсэн тогтвортой эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
- Үндэсний аялал жуулчлалын хөтөлбөр, соёлын арга хэмжээг тогтмолжуулж, олон улсын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, жуулчдын тоог нэг саяд хүргэнэ.
-Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу тогтоосон 39 байршилд түр буудаллах үйлчилгээний цогцолбор байгуулна.
- Аялал жуулчлалын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв байгуулж, боловсрол, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлнэ.
- Торгоны зам, Цайны замын дагуу аялал жуулчлалын үйлчилгээ, худалдааг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
- Хэнтийд эзэн Чингис хааны, Орхоны хөндийд Нүүдэлчдийн төрт улсын, Сэлэнгэд Ардын хувьсгалын, Дорнодод Халх голын ялалтын, Төв аймагт археологи, угсаатны, Дундговьд палеонтологийн, Өмнөговьд үлэг гүрвэлийн, Баян-Өлгийд байгалийн, Хөвсгөлд байгаль, ан амьтны, Баянхонгорт хүн төрөлхтний үүсэл гарвалын, Ховдод олон ястны музей, цогцолбор байгуулна гэжээ.
Гэвч зарим аймгийн дэд бүтцийн асуудал, Хэнтийд баригдаж буй аялал жуулчлалын бүтээн байгуулалт гээд мөрийн хөтөлбөр нь хэрэгжиж эхлээгүй ч эхнээсээ хэл ам дагуулж байна. Мөн дэлхий нийтээр тархсан коронавирусын тахлын үед нэг сая жуулчин ирэх үү. Энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг ямар нэгэн  тооцоо судалгаагүй оруулж ирснийг харуулж байна.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: