Гал түймрийн улмаас Сан Франциско хотын тэнгэр улбар шар өнгөтэй болжээ

13563

АНУ-ын баруун эргийн дагуу нутгаар жил бүрийн хуурай улиралд ой хээрийн түймэр гардаг.

Энэ оны найм, есдүгээр саруудад гарсан түймэр Калифорни мужийн 2.3 сая акр (9,300 км.кв) газрыг хамарсан нь түүхэнд тохиож байгаагүй өргөн хүрээтэй гамшиг болжээ. Хөрш Орегон мужийн захирагч Кэйт Браун энэ удаагийн түймрийг “амьдралд нэг удаа тохиох гамшиг” гэж тодорхойлсон юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд агаарын температур дээд хэмжээндээ хүрч, салхи ширүүссэнээс өчигдөр Сан Франциско хот өтгөн утаанд дарагджээ.

Хотын тэнгэр бүхэлдээ улбар шар өнгөтэй болж, агаарын чанар огцом муудсан байна. Агаарын чанарын хяналтын албаны тайлбарласнаар утааны тоосонцрууд нь нарны гэрлийн хөх туяаг ойлгож, зөвхөн улаан, шар өнгийн туяаг газарт нэвтрүүлж буй тул бүх зүйл улбар шар өнгөтэй харагдаж байгаа гэнэ.

Хэрвээ салхигүй болж, утаа доош тунавал улаан, шар туяаг ч агаар нэвтрүүлэхээ больж, тас харанхуй болох магадлалтайг анхааруулжээ.

Эх сурвалж: The Verge


URL: