Н.Энхбаяр: Орон нутгийн сонгуулиар МАН-ын дарангуйллыг таслан зогсооно

712-15996922489-10-1

МАХН, АН, ШИНЭ нам хамтарч  орон нутгийн сон­гуульд оролцохоор болсон.  Тэгвэл өчигдөр  Сонгино­хайрхан дүүр­гийн намын хороод хамтран мэдэгдэл хийж, албан ёсоор хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Энэ үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч,  МАХН-ын дарга Н.Энхбаяр  “Сонгинохайрхан гэр хороолол ихтэй дүүрэг.  Үүнийгээ дагаад асуудал их байна.

Иргэдийн орлого бага байна.  Энэ олон асуудлыг бага ч болов арилгая, ажлын байрыг бий болгоё.  Өмнө нь нийслэлийн удирдлагууд  Ханын материалын эцэст нийслэлийнхээ Тамгын газрыг байгуулахаар шав тавьж байсан.
Гэсэн ч харамсалтай нь МАН-ынхан болиулсан.  Тэд ард түмнийхээ дунд орохоос зугтаж, Богд- Уулынхаа дархан цаазыг эвдэж тансаглаж суухаар нүүчихлээ.  Улс орны амьдрал, нийслэлийн амьдрал, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн амьдрал зэрлэг ургасан, хог шороо овоорсон, өвөл болохоор яана даа гэж бодогдохоор ийм л байна.  Тиймээс энэ амьдралыг засахаар СХД-ийн  АН, МАХН, ШИНЭ-ийнхэн нэгдэж байна.  Дүүрэг дэх МАН-ын 30 жилийн ноёрхлын эсрэг, дарангуйллын эсрэг, ядуурлын эсрэг монголчууд нэгдэх хэрэгтэй байна. МАН-ын удирдлагууд амьдралаас хэтэрхий тасарчихаж.
Бодит амьдрал хэцүү байна шүү дээ. Ажлын байр, ажилгүйдэл хэтэрлээ, айл өрхийн орлого багаслаа гэхэд сонсохгүй байна. Тиймээс орон нутгийн сонгуульд ард түмэн АН, МАХН, ШИНЭ, ИЗНН болон бие даагчидтайгаа эвсэж, МАН-ын дарангуйллыг таслан зогсоож, чихнийх нь бөглөөсийг гаргаж, харахгүй байгаа нүднийх нь халхавчийг нь тайлж, хажуунаас нь хэлж ядуу зүдүү амьдралаа өөд нь татах хэрэгтэй байна. МАН-ыг та бүхэн хангалттай дэмжсэн шүү” гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Төгөлдөр:  -Сонгинохайрхан дүүрэгт сүүлийн 30 жил МАН-аас өөр нам, эвсэл олонх болж үзээгүй. Зөвхөн МАН 30 жил Сонгинохайрхан дүүрэгт төр барилаа. Үүний үр дүнд  Сонгинохайрхан нийслэлийн дүүргүүдээс хамгийн сүүлд орж, ажилгүйдэл ядуурлаараа дээгүүрт орж байна. Э.Бат-Үүл даргын үед Сонгинохайрхан дүүргийн Ханын материал орчимд нийслэлийн төр захиргааны байгууллагыг байгуулахаар бүх зураг төслийг нь хийчихсэн байсан. Гэтэл 2016 онд МАН олонх болсноор дээрх ажлуудыг зогсоож, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн эсрэг ажиллаж, нийслэлийн төр захиргааны  байгууллагыг Яармаг руу шилжүүлэхээр болсон. Хэрэв  Сонгинохайрхан дүүрэгт төр захиргааны байгууллагыг барьсан бол энэ дүүргийн иргэдэд хөгжил бий болох байсан. Мөн НИТХ-ын дарга Р.Дагва хоёр хоногийн өмнө “Аз жаргалтай хот хөтөлбөр яаж хэрэгжсэнийг гудамжаар алхаад хар гэж хэлснээр нь бид өнөөдөр Ханын материалаас мэдээллээ хийж байна.
МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ:
-Энэ удаагийн орон нутгийн сонгуульд намууд нэгдэн орж улс төрийн шинэ соёл бий болгож байгаагаа албан ёсоор зарлаж байна. МАН сүүлийн 30 жил Сонгинохайрхан дүүргийг засаглаж, тэдэнд хангалттай ажил хийх боломжийг олгосон.
330 мянган хүн амьдарч буй энэ том дүүрэгт МАН засаглахад ажилгүйдэл, ядуудал, цэцэрлэг сургуулийн хүртээмжгүй асуудал энэ бүхэн өөрчлөгдөөгүй. Эсрэгээрээ нүдэн дээр улам дордлоо. 30 жил засагласан МАН Сонгинохайрханчуудын амьдралыг яагаад өөд нь татаагүйг асуух ёстой.
АН, МАХН, Шинэ намын шижигнэсэн 43 залууг нэр дэвшүүлэхээр боллоо. Энэ залуус хувийн эрх ашгаа хойш нь тавьж, cонгинохайрханчуудын төлөө чин шударгаар зүтгэж чадна гэдэгт нь бид итгэж, нэр дэвшүүллээ.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: