АНУ-ын Конгресс Өвөрмонголын асуудлыг хэлэлцэх үү буюу “We the people” санал гомдлын системийн тухай
Цагаан ордны санал гомдлын системд Өвөрмонголд болж буй соёлын устгалын талаарх гомдол тавигдаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Монголоос уг цахим хуудаст хандан саналаа өгөх давалгаа эхлээд үргэлжилж байна. Мөн зэрэгцээд “Хятадын асуудлыг АНУ-ын Конгресс авч хэлэлцэнэ гэж юу байдаг юм бэ” гэсэн бодолтой хүмүүс ч олон байгаа бололтой. Тиймээс энэ асуудлын хүрээнд багахан мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Цагаан ордны албан ёсны цахим хуудаст байх We the people санал гомдлын системийг 2011 онд анх байршуулсан бөгөөд төрийн холбогдох албадын зүгээс иргэдийн санал гомдлыг авч хэлэлцэн хариу өгч шийдвэрлэх зорилготой юм. Системд тавигдсан гомдол саналыг тодорхой тооны хүмүүс дэмжсэн тохиолдолд л холбогдох байгууллагад нь шилжүүлдэг журамтай.
Энэ системийг нэвтрүүлснээр төрийн байгууллага нь иргэн бүрийн санал гомдлыг судлах шаардлагагүй болсноос гадна анхаарал татсан асуудалд хариу өгөх, шийдвэрлэхэд бэлтгэх боломжтой болсон гэж үздэг. Улсын төсвөөс чамгүй мөнгө хэмнэдэг болсон гэсэн тооцоо гарсан байдаг.
Тухайн асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэх байгууллагад шилжүүлэх босго нь эхэн үедээ 5000 байсан бол одоо 30 хоногт 100 000 болсон. Энэ хэмжээний иргэдийн дэмжлэг авч байж тухайн асуудал төрийн чихэнд хүрнэ гэсэн үг юм. Өвөрмонголын асуудал 47 000 орчим дэмжлэгтэй явж байна.
Хүссэн асуудлаараа гомдол санал тавьж бас болдоггүй. Гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг авч хэлэлцдэггүй аж. Бусад асуудлыг бол болно. Тэр бүү хэл АНУ-ын нутаг дэвсгэрээс гадна явагдаж байгаа асуудлаар ч гомдол санал гарган АНУ-ыг байр сууриа илэрхийлэхэд хүргэх боломжтой. Үүнийг АНУ дэлхийн дэг журмыг тогтоогч их гүрний шинж гэж ойлгож ч болно. Бусад улсад болсон шударга бус асуудлыг тэд өөрсдийнхөө зорилгод л ашиглах нь мэдээж ч нөгөө талдаа тодорхой дарамтыг үзүүлдэг учир гомдол гаргагч талд ямар нэгэн байдлаар ашигтай л байдаг. “Хүний эрх”, “Уйгарчууд” гэж ярьдаг байсан бол Өвөрмонгол гэж бас нэг шалтгаан нэмэгдэнэ гэсэн л үг.
Системд тавигдсан санал гомдлуудаас харахад Япон, Таваньд болж байгаа асуудал ч харагдана. Тэгэхээр, Өвөрмонголд соёлын устгал явуулж байгаа энэ асуудлыг тогтсоны системийнх нь дагуу тавьж АНУ-д дуулгах, албан ёсны байр суурь илэрхийлүүлэх боломжийг хайж байгаа нь бидний буруу биш. Харин элэг нэгтнүүдийнхээ өмнөөс хуруугаа ч хөдөлгөхгүй байж “Улсын дотоод хэрэг” гэж суух нь зохимжгүй.
Ялангуяа АНУ БНХАУ-ын харилцаа тааруу байгаа энэ үед Өвөрмонголын асуудал нь БНХАУ-ыг шүүмжлэх нэг шалтаг байх нь өвөрмонголчуудад хэрэгтэй. Монгол Улс БНХАУ-тай гүнзгий хамааралтай, энэ асуудлаар байр сууриа хатуу илэрхийлэх боломжгүй үед бусад улс яагаад бидний өмнөөс дуугарч болохгүй гэж.
Мэдээж АНУ Өвөрмонголыг анхааралдаа авлаа гээд БНХАУ-ын асуудалд хөндлөнгөөс оролцохгүй нь тодорхой. Гэсэн ч бид асуудлыг дэлхий нийтэд хүргэх ёстой. Яаж ийгээд олон нийтийн дэмжлэгийг авах юм бол БНХАУ байр сууринаасаа ухрах ч юм бил үү. Европын холбоо, өөр бусад улсуудад ч энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхийг уриалах хэрэгтэй байна санж.
http://eagle.mn/r/76043
URL: