Шороотой бөх туг тойртлоо Монгол төрийн босго намсаагүй
“Бид энэ удаад нэр дэвшүүлэхдээ эх орноо гэсэн сэтгэл, ёс зүй, мэдлэг боловсрол, ажлын дадлага туршлагатай байх Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүхийн зарчмыг эш үндэс болголоо. Мөн нийт нэр дэвшигчийн 20-оос доошгүй хувьд эмэгтэйчүүд байх шаардлагад нийцүүллээ. Энэ удаагийн нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг бид нийслэлд Ардын нам болоод Ардын хувьсгалын дараагийн 100 жилийн хөгжлийн эхний шанг татах хүмүүс гэж ойлгож, том зургаар бас итгэл хариуцлагын том шанагаар хэмжиж харах учиртай”. Энэ бол нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар Сонгуулийн тухай хуульд заасны дагуу IV хуралдаанаараа нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдээ хэрхэн тодруулсныг танилцуулах үеэр хэлсэн үг. Түүний тодотгосноор нийслэлийн МАН-ын хорооны хурлаас тодруулсан 45 хүний 33 нь шинээр буюу анх удаагаа нэр дэвшигчид. Үлдсэн 12 нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Өөрөөр хэлбэл, 2016 оны, нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж сонгогдсон 35 төлөөлөгчөөс 12 нь дахин өрсөлдөх эрхийг авчээ. Эрх зүйч, улс төр судлаач, багш, инженер, эдийн засагч, эмч зэрэг салбар бүрийн төлөөллийг багтааж, тэгэхдээ шинэ үеийнхнээр “цус сэлбэж” багаа бүрдүүлсэн нийслэлийн МАН-ын хороо нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуульд залуучууддаа итгэл үзүүлэхээр болсон нь энэ.
Хүн амын дийлэнх олонх нь, тэр дундаа залуучууд давамгайлсан нийслэлийн хөгжлийн бодлогыг ирэх дөрвөн жилд зангидаж, залуурдах боломжийг шинэ үеийн төлөөлөлд атгуулахаар зорьсон нь зөв шийдвэр байж болох. Улс орны хөгжлийг залуучууд тодорхойлж, авч явах нь үнэн л юм бол нийслэлийн МАН-ын хорооны нэр дэвшүүлэлт цаг үеийнхээ шаардлагад нийцсэн хамгийн бодит алхам мөн.
“МАХН-ын даргатай урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгууллаа” хэмээн Ерөнхий сайд, намын даргаа чичилж, бүр Засгийн газартай нь огцруулж явсан АН-ынхан Н.Энхбаяртай нэгдэж, сонгуульд оролцохоор болсон нь тэднийг морь унасан толгойгүй хүн шиг харагдуулж байна. УИХ-ын сонгуулийн ялагдлаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тоймтой улс төрийн шийдвэр гаргаж чадахгүй, түр орлон гүйцэтгэгчтэйгээр намаа чиглүүлж яваа нь үүний бодит жишээ.
Хууль тогтоох дээд байгууллагад сонгогдохоор нэрээ дэвшүүлж, өрсөлдсөн ч сонгогчдын итгэлийг хүлээж чадалгүй дүнгээ тавиулсан тэд буурь сэлгэж нийслэлд хүч үзэхээр болсон нь энэ. Дараагийн хотын даргаар хэнийг ажиллуулахаа зарласан нь ч саяхан. Гэхдээ нийслэлчүүд, тэднийг төлөөлж, бүрдүүлдэг ИТХ гэдэг бол УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн улстөрчид, намынхны буурь сэлгэдэг, буугаад морддог газар биш.
URL: