У.Хүрэлсүх: Би ядарсныг нь хайрладаг, задарсныг нь засагладаг Ерөнхий сайд байх болно
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр /2020.09.07/ Гадаад харилцааны яамны ажилтай танилцах үеэрээ : “Зарим нэг компани гадаадад өр тавиад Монгол Улсыг чинь дампууруулах гэж байна. Засгийн газар мэдэхгүй, Гадаад харилцааны яам нь мэдэхгүй. Хэн ямар өр тавьж, ямар харилцаа үүсгэж байгааг мэдэхгүй. Энийгээ зах зээл гээд хаячихсан. Чөлөөт зах зээл гээд байгаа. Чөлөөт зах зээл гэж байхгүй гэж би ойлгож байгаа. Миний баримталж байгаа бодлого.” хэмээсэн нь сошиал орчин, нийгэмд багагүй шүүмжлэл дагуулж байна.
Үүнтэй холбоотойгоор тэрээр дахин тайлбар хийлээ.
Тодруулбал Ерөнхий Сайд У.Хүрэлсүх:” Чөлөөт эдийн засаг гэдэг бол баян ядуугийн ялгаа өдрөөс өдөрт гүнзгийрч, Үндсэн хуулинд зааж өгсөн иргэдийн эрх тэгш байдал улам бүр гажуудахын нэр биш ээ. Зохицуулалтгүй зах зээл нь нийгэмд тэгш бус байдлыг гүнзгийрүүлж, баялгийн шударга хуваарилалтыг алдагдуулдаг гэдгийг олон түмэн 30 жил харлаа.
Хойд Европ, ХБНГУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд бүгд төрийн зохицуулалттай, нийгмийн баримжаатай эдийн засгаар явж ирсэн. Тэр дундаа Швед, Финлянд, Норвеги зэрэг орнуудад баян хоосны ялгааг илтгэх жини коэффициент бага, хүн ардынх нь аз жаргалын индекс өндөр байдаг. Ер нь улс орнууд өөр өөрийн онцлогт тохирсон төрийн зохицуулалттай хөгжлийн замаар явж ирсэн нь харагдаж байна.
Зүүн төвийн үзэл баримтлалтай МАН-ын даргын хувьд би төрийн оролцоог байх ёстой гэж үздэг. Гэхдээ төрийн оролцоо гэдгийг төр бүхнийг хянадаг, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэж мушгиж болохгүй. Тухайн салбарт ноёрхож буй монополийг хязгаарлах, үгсэн хуйвалдсан шударга бус өрсөлдөөнийг арилгах, компаниуд эрх мэдлээ буруугаар ашиглахаас сэргийлэх, нийгмийн хариуцлагатай байх, нийгэм дэх эд баялаг, эрх мэдлийн шударга хуваарилалтыг бий болгохын төлөө төр оролцохыг би хэлж байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуулинд Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна гэж заасан байдаг. Би ядарсныг нь хайрладаг, задарсныг нь засагладаг Ерөнхий сайд байх болно.” гэжээ.
URL: