Арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх асуудал ахиад л хөндөгдөв

712-15996074699-9-7

Улаанбаатар хотын хэмжээнд 140 орчим арьс ширний үйлдвэр бий гэдэг. Эдгээр үйлдвэрүүдийг хотоос гаргах тухай шийдвэр гараад 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл долоон жил өнгөрчээ. Тухайлбал Хан-Уул дүүрэгт байрлалтай “Харгиа” цэвэрлэх байгууламжаар дамжаад үйлдвэрийн хашаандаа байгаа арьс шир, ноос ноолуурын 27 орчим үйлдвэр бохироо нийлүүлдэг.  Цэвэрлэх байгууламжаас 50 орчим метрийн цаана байрлах үйлдвэрүүдээс цэвэрлэх байгууламжийн үнэрээс хэд дахин эвгүй үнэр үнэртэж, удаан байхын аргагүй амьсгалахад ч бэрх байдаг талаар манай сурвалжлах баг өмнөх нийтлэлээрээ хүргэсэн билээ.

Тэгвэл өчигдөр МҮХАҮТ-д  Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аоьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэн шилжүүлэх талаар “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, Технологийн парк, ОНӨТҮГ-ын зохион байгуулж буй “Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн төлөв байдал сэдэвт хэлэлцүүлэг болсон юм.
Хэлэлцүүлгийн хүрээнд Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэл, технологийн эко паркийн төсөөлөл, ирээдүйд улс эх орны эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөө, мөн Улаанбаатар хотын төвлөрөлийг сааруулах ажлын байрыг нэмэгдүүлэх, дэлхийн жишигт нийцсэн импортыг орлох экспортын баримжаатай орчин үеийн дарк байгуулах төслийн талаар болон үйлдвэрээс гарсан саарал усыг дахин ашиглах боломжийн талаар танилцуулсан юм.
“АРЬС ШИР, НООС НООЛУУРЫН ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ДЭНДҮҮ ОЙРХОН ЗАЙД НҮҮЛГЭЖ БАЙНА”
Дэлхийн банкны байгаль орчны асуудал хариуцсан үндэсний зөвлөлийн гишүүн,  доктор, профессор, Ц.Адъяасүрэн “Харгиа цэвэрлэх байгууламжийг тойрсон арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах зайлшгүй шаардлагатай. Одоогоор шар хөтлийн хөндийн хоолой гэдэг газрыг сонгож аваад, газрын судалгаа хийгээд, явж байна. Засгийн газар энэ талаар тодорхой ажлуудыг хийсэн. 2012 оноос хойш энэ ажлыг аваад урьдчилсан ТЭЗҮ боловсруулж,  байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэсэн байна.  Дэлхийн банкнаас Засгийн газар, үйлдвэрүүдээс ч хамааралгүй хөндлөнгийн хяналт хийлгэх зөвлөх үйлчилгээ авч байгаа юм. Энэ зөвлөх үйлчилгээний баг өнгөрсөн долдугаар сарын сүүлээс ажлаа эхэллээ. Бид хэд хэдэн удаа талбай дээр очиж, талбайн урьдчилсан судалгаа хийсэн. Эцсийн дүнд хүрээгүй байгаа. Урьдчилсан  судалгаагаар хоёр зүйл харагдаж байна. Байгаль орчин талаасаа нэгдүгээрт, энэ нь асар их хэмжээний үерийн бүсэд байрлаж байна. Тиймээс үерийн хамгаалалт хийх шаардлагатай гэсэн  зөвлөмжүүдийг бид өгнө. Хоёрдугаарт, Улаанбаатарыг тойрсон хоёр том газар хөдлөлтийн бүс байдаг. Нэг нь зүүн талд гүнжийн хагарал, нөгөө нь эмээлтийн хагарал. Гэхдээ яг эмээлтийн хагаралын газар хөдлөлийн нарийн зооны энүүгээр явж байна уу гэдгийг ШУА-ийн газар хөдлөлт, соронзон судлал хүрээлэнгийн мэргэжилтнүүдээр  хийлгэх шаардлагатай. Ийм зөвлөмжүүдийг өгнө гэж бодож байна. Гэхдээ одоогоор урьдчилсан дүгнэлт гараагүй, хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Цаашид нарийвчилсан судалгаа хийх шаардлагууд гарч ирнэ.
Ер нь арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийг дэндүү ойрхон зайд нүүлгэж байна. Эмээлт чинь хэдхэн жилийн дараа барилгажаад, Улаанбаатар хотын төв ч болохоор тийм газар. Хэрэв ноос, арьс ширний үйлдвэрүүдийг Дархан, эсвэл Багануур руу нүүлгэсэн бол хамгийн зөв оновчтой шийд байх байжээ  гэж харж байна. Магадгүй 40-50 жилийн дараа дахин нүүлгэх асуудал ч яригдаж магадгүй” гэсэн юм.
Энэхүү төсөл нь ХУД-ын XIII хороо, Шар хөвийн хоолойн 160 га талбайг хамрах аж. 19 байршилд арьс шир боловсруулах үйлдвэр, найман байршилд ноос, ноолуур угаах үйлдвэр, дөрвөн дахин боловсруулах үйлдвэр, нэг дэмжих үйлдвэрийг тус тус байгуулахаар болсон байна.  Жилдээ  8.3 сая арьс шир боловсруулах, 22 мянган тонн ноос ноолуур угаах, төслийн хүрээнд  8300 орчим ажлын байр шинээр бий болгох томоохон төсөл аж.
“ДЭЛХИЙН БАНК ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭД БЭЛЭН ГЭСЭН”
Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Эмээлтийн арьс, шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн паркыг ашиглалтад оруулах Засгийн газрын тогтоол 2015 онд гарсан. Засгийн газрын тогтоолыг төрийн байгууллагууд хэрэгжүүлэх ёстой. Бид хүлээлттэй байгаа.
Эмээлтийн үйлдвэр технологийн парк ашиглалтад орсноор арьс ширний салбарт маш том өөрчлөлт гарна. Тэнд технологийн дэвшил, ашигласан усанд нь загас тэжээх хэмжээний ус гаргаж байгаа бол усаа дахин ашиглаж болно.
Мөн цэвэрлэх байгууламжийн саарал усыг ашиглаж болж байна. УИХ-ын 74-р тогтоол Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх тогтоол 2012 онд гарсан. 2015 онд Эмээлтийн шар хөвийн хоолойд  нүүлгэх шийдвэр гарсан. Үйлдвэрлэгчид энэ тогтоолыг биелүүлэхийг хүлээгээд байж байгаа. Одоогоор бид зүгээр хүлээгээд суухгүй байгаа. Нээлттэй үйлдвэр технологийн парктай хамтраад 160 га газрыг арьс ширний үйлдвэрт олгох Нислэлийн захирамж гарчихсан байгаа. Тэр захирамжийн дагуу газар хувиарлалтыг энэ жилдээ багтаан хийнэ. Мөн дэлхийн банкныхан энэ паркыг нэлээдгүй сонирхож байгаа. Хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэсэн байр суурьтай байгаа юм билээ” гэлээ.
Паркын эзэмшил газрын 36 байршилд үйлдвэржилтийг төлөвлөж байгаа юм байна. Дэд бүтцийн хөрөнгө оруулалт 148.8 сяа ам.доллар, зураг төслийн ажлын хөрөнгө оруулалт 1.6 сая ам.доллар, үйлдвэрийн хөрөнгө оруулалт 173.5 сая ам.доллар, бусад улсын төсөв, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих юм байна.
Б.Намуунтамир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: