Төрийн банкны захирлууд дансаар, ажилтнууд АТМ-аас хулгайлдаг байх нь
Төрийн банкны дарга ажилтнууд эгээ л “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэгчээр ажилладаг бололтой. Тодруулбал, өнгөрсөн жилийн есдүгээр сард Төрийн банк АТМ-аасаа их хэмжээний бэлэн мөнгө алдсан хэрэг гарсан. Энэ нь Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэр, Зурагтын шинэ эцэст байрлах Төрийн банкны АТМ-аас 50 гаруй сая төгрөг хулгайд алдагдсан явдал байв. Цагдаагийн алба хаагчид жил гаруйн хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны эцэст мөнгө хулгайлсан гэмт этгээд нь тус банкны ажилтан 36 настай Д гэгч байсан гэнэ. Мэдээж одоо түүнд оногдох ял шийтгэлийг нь өгнө.
Ажилтных нь энэ үйлдэл гэмт хэрэг ч гэлээ удирдлагуудынх нь оролцоо ч энд нөлөөлөх нь гарцаагүй. Учир нь тус банкны захирлууд бусдад их хэмжээний зээл гаргаж өгчхөөд тэндээсээ 5-10 хувийг нь хүртэж суудаг байсан нь ил болсон билээ.
Тодруулбал, Төрийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн, тэргүүн орлогч захирал Д.Ганбаатар нар бусдын компаниас 235 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон. “Бичура” компанийн захирал М.Болортуяа өөрийн найз Төрийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэнгээр дамжуулж 5 тэрбум төгрөгийн зээл хүссэн байдаг. Гэтэл зээлийн материалд хийсэн үнэлгээгээр эрсдэл өндөр гэсэн дүгнэлт гарчээ. Гэсэн ч Д.Цэндсүрэнгийн оролцсон зээлийн хорооны 2017 оны есдүгээр сарын 12-ны өдрийн хурлаар “Бичура” компанид 4.7 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гаргажээ. Гэтэл “Бичура” компанийн захирал М.Болортуяа зээл олгогдсоны дараа “Төрийн банкнаас зээл гаргахад зээлийн хорооны гишүүдэд нийт дүнгийн таван хувийг өгөх ёстой” гэх шаардлагын дагуу гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэнд 235 сая төгрөг хахууль болгон өгчээ.
Ингээд ч зогссонгүй 2018 оны хоёрдугаар сард Төрийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн, Төрийн банкны тэргүүн орлогч захирал асан Д.Ганбаатарын хамт “Бичура” компанийн тавилгын дэлгүүрт очиж 22 сая төгрөгийн үнэ бүхий зүйлс авсан нь тогтоогдсон байдаг. Мэдээж захирлуудын хувьд энэ үйлдлийнхээ төлөө авилга, албан тушаалын хэргээр ял аваад байгаа.
Мөн тус банкны Ерөнхий захирал асан Д.Баярсайхан, Төрийн банкны захирлууд болох Б.Цэндсүрэн, Г.Тогтохбаатар нарт ял оноогоод байгаа. Учир нь тэд болон ТУЗ-ийн гишүүд нь “БНХАУ-ын иргэн Сун овогт Гуан Чин гэгчийн үүсгэн байгуулсан “Шинжан Шинфа” ХХК нь 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийн зээлийг олгоход илт хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан нь нотлогдсон байдаг. Ингэхдээ Төрийн банкны захирал, удирдлагууд 20 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд зах зээлийн үнэлгээ нь 300 орчим сая төгрөг хүрэх ганцхан орон сууцыг авсан, “Шинжан Шинфа” ХХК-ийн 20 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтийг гаргасан өдөрт нь багтаан олгосон байдаг. Энэ нь энгийн монголчуудын хувьд хэзээ ч биелэх мөрөөдөл. Тийм байтал хятадын иргэнд дээрх зээлийг шийдвэрлэж өгсөн нь маш олон ноцтой үйлдэл гэдэг нь өдгөө шүүхийн шийдвэрээр баталгаажаад байгаа юм.
Уг нь Төрийн банк нь татвар төлөгчдийн хөрөнгөөр бий болсныг хүн бүр мэдэж байгаа. Тодруулбал, Засгийн Газрын 2009 оны 384 дүгээр тогтоол, Сангийн сайдын 259 дүгээр тушаалаар “Төрийн банк”-ыг анх байгуулсан. Мөн 2013 оны долдугаар сарын 22-ны өдөр тухайн үедээ 507 салбартай, давхардсан тоогоор 1.7 сая гаруй харилцагчтай байсан Хадгаламж банкны тодорхой хөрөнгийг салбар, нэгжийн хамт Төрийн банканд шилжүүлэх шийдвэрийг Монголбанкнаас гаргасан байдаг. Ингээд өнөөдөр төрийн өмчит Төрийн Банк нь 2,3 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, 500 гаруй салбар нэгж, 280 АТМ-ээр дамжуулан үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах хэмжээнд хүрсэн. Тийм байтал захирлуудаас нь эхлээд ажилтнууд нь хүртэл цалин хөлсөндөө ханаж, цадахгүй зээлээс авлига авч, ажилтнууд нь АТМ-аас хулгай хийж байгаа нь төрд хоёргүй сэтгэлээр ажиллах бус хоноцын сэтгэлээр хулгай хийхээр үүрлэжээ гэж хардахаас аргагүйд хүргэж байгаа энэ бололтой.
Эх сурвалж: http://erennews.mn/article/37961
URL: