Б.Алтанцэцэг: ЦЭЦЭРЛЭГТ ХҮҮХДЭЭ ӨГСНӨӨР ЭЭЖҮҮДИЙН АЖИЛ ЭРХЛЭХ БОЛОМЖ 8.3 ХУВИАР НЭМЭГДДЭГ

118766408_448090852814655_7115509956097611764_n

МУИС-ийн судалгааны багийнхан “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн эрүүл мэнд хөгжилд улсын цэцэрлэгийн үзүүлэх нөлөө сэдвээр судалжээ. Энэ талаар тус сургуулийн Эдийн засгийн тэнхимийн багш, дэд профессор Б.Алтанцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөгийн нийгэмд хөндөгдөж буй чухал асуудлын нэг бол хүүхэд харах үйлчилгээ юм. Та бүхэн энэ сэдвийг хөндөж судласан уу?

-Бид энэ судалгааг дөрвөн жилийн хугацаанд хийсэн. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо буурсан. Энэ нь албан байгууллага болон судлаачдын сонирхох сэдэв болж байна. Монголын эмэгтэйчүүд, ялангуяа хүн ам ихээр төвлөрсөн Нийслэл хотын эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо буурч байгаа нэг шалтгаан нь хүүхэд төрүүлэх болон хүүхдийн асаргаа байдаг. Тиймээс улсын цэцэрлэг буюу хүүхэд асрах үйлчилгээ эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, өрхийн орлогод ямар нөлөө үзүүлж байгааг судлахыг зорьсон. Цаашлаад энэ нь хүүхдийн эрүүл мэнд хөгжилд ямар нөлөө үзүүлж байна гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалсан юм.

-Судалгаанд хэдэн өрх хамрагдсан бэ?

-Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, Хүүхдийн эрүүл мэнд хөгжилд, Улсын цэцэрлэгийн үзүүлэх нөлөө судалгаанд нийслэлийн 4000 гаруй өрх хамрагдсан. Эдгээр өрхийг гурван удаа судалгаанд хамруулж, хэрэгцээтэй тоон мэдээллийг цуглуулсан. Мөн БШУЯ, нийслэлийн Боловсролын газар,Боловсролын хүрээлэнтэй хамтарч уг судалгааг хийлээ. Судалгааны санхүүжилтэд олон улсын PEP байгууллага,“Дэлхийн банк” дэмжлэг үзүүлсэн.

-Та бүхний хийсэн судалгаагаар ямар үзүүлэлт гарч байх юм?

-Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр орон даяар үнэ төлбөргүй байдаг. Цэцэрлэг нь хүүхдийн танин мэдэхүйн болон харилцааны чадваруудыг сайжруулах, хүүхдэд эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилготой. Харин цэцэрлэгт хүүхдээ хамруулах нь эцэг, эхийн ялангуяа ээжийн хөдөлмөр эрхлэлтийн төвшин болон сарын цалинг өсгөдөг. Цэцэрлэгт хүүхдээ хамруулснаар ээжийн ажил эрхлэлт 8.3 хувиар, харин аавын цалин 2.9 хувиар өсдөг гэх судалгааны дүн гарч байна. Мөн ээжийн цагийн цалинг зургаан хувиар өсгөдөг бөгөөд таваас доош насны нэгээс олон хүүхэдтэй ээжийн цагийн цалинг 15.5 хувиар өсгөдөг гэх судалгаа гарсан. Цэцэрлэгт хүүхдээ өгснөөр ээжүүд өндөр цалинтай ажил эрхлэх боломжтой болдог. Мөн албан секторт хөдөлмөрийн гэрээтэй ажиллах магадлалыг 10.8 хувиар өсгөдөг байна.Харин аавын ажил эрхлэлтэд гурван хувиар нэмэгддэг гэсэн судалгааны үр дүн гарсан. Үүнээс харахад, өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлт орлогод эерэг нөлөө үзүүлж байна.

-Тэгвэл бага насны хүүхдийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?

-Бага насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах нь эхний жилд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байна. Харин хоёр дахь жилээс гэртээ байгаа хүүхдүүдтэй ижилхэн байсан нь судалгааны явцад гарсан. Цэцэрлэгт хамруулсан эхний жилд ханиад томууны тохиолдол 9.5 хувиар өсөж, эмнэлэгт үзүүлсэн тоо 15.5 хувиар нэмэгджээ. Харин халдварт өвчний тохиолдол 33 хувиар, эмчилгээ, эм уух давтамж 37 хувиар өссөн байна. Тиймээс судлаачдын хувьд цаашид бага насны хүүхдийн элсэлтийн эхний жилд өвчлөл юунаас хамааралтай байна гэдгийг нарийвчлан судлах шаардлагатай гэж үзсэн.

-Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй гэсэн шийдвэр гарсан. Энэ нь зөв үү, буруу юу?

-Судалгаанаас үзэхэд, хоёр настайгаас нь хүүхдээ цэцэрлэгт өгвөл өрхийн орлого эцэг эхийн ажил эрхлэлтэд сайнаар нөлөөлж байна. Харин хүүхдийн эрүүл мэнд талаас авч үзвэл элсэлтийн жилд хүүхдүүд өвчлөмтгий байгаа нь ажиглагдсан. Тэгвэл цэцэрлэгт хүүхдээ өгөөгүй ээж, аавуудын хувьд хөдөлмөр эрхлэлтийн төвшин, цалингийн хувьд бага байна. Цэцэрлэгт хүүхдээ өгөөгүй ээжүүдийн ажил эрхлэлт дунджаар 50 орчим хувь бол цэцэрлэгт хүүхдээ хамруулсан ээжүүдийн ажил эрхлэлт дунджаар 60 орчим хувьтай байна.

-Улсын цэцэрлэгийн хүрэлцээ хэр байна вэ?

-Сүүлийн жилүүдэд улсын цэцэрлэгийн тоо өссөн. 2017 онд нийт цэцэрлэгээс улсын цэцэрлэг 60 гаруй хувийг эзэлж байсан бол энэ онд 85 хувийг эзэлж байна гэсэн судалгаа гарсан.

-Бусад орны хувьд хүүхдийг хэдэн настайгаас нь цэцэрлэгт хамруулдаг юм бэ?

-Өндөр хөгжилтэй болон хөгжиж орнуудын хувьд гаргасан олон улсын судалгаа байдаг. Ингэхэд хоёр настайгаас нь цэцэрлэгт авах нь харьцангуй бага байна. Гурав ба түүнээс дээш насны хүүхдийг хамруулдаг нь судалгаагаар ажиглагдсан. Харин манай улсын хувьд хөгжиж байгаа орнуудтай харьцуулбал улсын цэцэрлэг өргөн хүрээнд үйлчилдэг.

 


URL: