Ж.Золжаргал: Нүүрс тээвэрт хил, гаалийн шуурхай байдал чухал
Дэлхийн нүүрсний зах зээлийн ерөнхий хандлага, Монголын нүүрсний экспортын нөхцөл байдал, цаашдын төлөв ямар байх талаар “Монголын нүүрс ассоциаци”-ийн ерөнхийлөгч Ж.Золжаргалтай ярилцлаа.
- Ковидоос болж эдийн засаг хямарч нүүрсний зах зээл хэцүүдэх нь гэсэн айдас одоо ч байсаар байна. Ер нь том зургаар харвал дэлхийн нүүрсний зах зээл харин ч өсөлттэй гарсан гэж байна.Та ерөнхий хандлагын талаар тодруулж ярина уу?
- Дэлхийн нүүрсний зах зээл жил бүр өсөлттэй гардаг. Харин энэ жилийн тухайд хагас жилийн мэдээгээр бага зэрэг өсөлттэй гарсан. Ер нь урт хугацаандаа энэ өсөлт тогтвортой байгаа. Дэлхийн хэмжээнд жилдээ найман тэрбум тонн нүүрс хэрэглэдэг.
Үүнээс нэг тэрбум тонныг Хятад улс хэрэглэдэг. Үүний 500 орчим сая тонныг нь тус улс өөрөө олборлож жил бүр 60-70 сая тонн коксжих нүүрсийг импортоор авдаг. Нийт нүүрсний хэрэглээний 10 хувийг Хятад улс өөрөө олборлодог гэсэн үг. Коксжик нүүрсний хэрэглээг нийлүүлдэг гол экспортлогч орон нь Монгол, Австрали, Канад. АНУ-аас авах хэмжээ нь багасч ОХУ-аас авах нь нэмэгдсэн. Өнгөрсөн онд Хятад улс 74 сая тонн коксжик нүүрс импортоор авсан. Энэ нь өмнөх жилүүдээс нэлээд өссөн. 2020 оны хүлээлтээр бол 72 сая тонныг авахаар байна. Өмнөд хөршийн эдийн засаг том, инерци ихтэй учраас ковидоос болж хэрэглээгээ бууруулаагүй. Цаашдаа ч гэсэн буурахгүй харьцангүй тогтвортой байх төлөв ажиглагдаж байна. I улиралд ковидтой холбоотойгоор Монголын талаас онцгой арга хэмжээ авч экспортоо зогсоосон. Энэ нь тухай үеийн сэтгэл зүйн нөлөө орсон байх талтай. Манай шийдвэр гаргагчид алдаатай үйлдэл хийсэн. Үүнээс болж эхний улирлын экспортоо алдсан. Ингэснээр манай гол өрсөлдөгч Австралид ашигтайгаар эргэж нүүрсний нийлүүлэлт нь огцом өссөн. Манайх 50 хувиар буурсан. Хагас жилийн дүнгээр 8.6 сая тонн нүүрс экспортолсон бол одоо 10 гаруй сая тонн болоод байна. Өөрөөр хэлбэл, 690 сая ам.долларын борлуулалт хийсэн. Өнгөрсөн жилтэй харьцуулбал 850 сая ам.доллараар бага борлуулалт хийж, ийм хэмжээний мөнгөө алдсан.
-Нүүрсний үнэд өөрчлөлт орсон уу?
-Харин өнгөрсөн хугацаанд үнийн тухайд өөрчлөлт ороогүй. Гэхдээ оны төгсгөлд 10 орчим хувиар буурна гэсэн хүлээлт бий. Энэ нь бага зэрэг бууралт. Хятад улс өөрөө хамгийн том олборлогч. Уурхайнууд нь ковидоос болж бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаагүйгээс эрэлт үүссэн. Үүнээс үүдэлтэй үнэ нь нэмэгдсэн.Одоогоор дотоодын уурхайнууд нь сэргэсэн. Үнэ, чанарын тухайд зохицуулалт хийхийн тулд гадаадаас авч буй нүүрснийхээ их, багыг тохируулж байдаг. Тэгэхээр үнэ бага зэргийн бууралттай ч тогтвортой байна. 72 сая тонн нүүрс авах хэвээр байна. Гэхдээ оны эцэст яахыг хэлж мэдэхгүй байна.
- Засгийн газраас нүүрс тээвэрлэлтийг шуурхай болгохын тулд “Ногоон гарц” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний үр дүн нь ямар байна вэ?
- Сонгуулийн дараагаар шинэ Засгийн газар “Ногоон гарц” хөтөлбөрийг шуурхай авч хэрэгжүүлсэний үр дүнд нүүрс тээвэрлэлт саадгүй явж эхэллээ. Нүүрс тээвэрлэлтийн компаниудад ч тэр Хятадын талд байр сууриа алдахгүй байх нөхцлийг бүрдүүлсэн. Одоогоор хилээр гарах машины тоо хэвийн болсон. Эрүүл ахуй талаас нь орчин нөхцлөө сайн бүрдүүлсэн. Жолооч нар хил гараад өвчин тусчих вий гэсэн болгоомжлол байгаагийн нэгэн адил хятадууд энэ өвчний цаана гарчихсан гэж хэлж байгаа ч эсрэгээр гадаадаас орж ирж байгаа зүйлд маш их хяналттай байна.
-Төсвийн тодотголоор экспортлох нүүрсний хэмжээг 25 сая тонн болгож буурууллаа. Одоогийн байдлаар оны сүүл гэхэд энэ хэмжээнд хүрэх боломж байна уу?
- 25 сая тонн харьцангуй бодитой харагдаж байна. Тээвэрлэлт яг энэ байдлаараа эрчтэй явагдах юм бол боломжтой. Гэхдээ үлдсэн 2, 3 сард өдгөө есөн сар хүртэл гаргасан 10 гаруй сая тоннд хүртэл гаргаж байж хүрнэ. Энэ хэмжээндээ хүрэхгүй бол эдийн засагт, жижиг дунд бизнес эрхлэгчдэд муугаар нөлөөлнө. Уул уурхайн яам, Гадаад харилцааны яам энэ хэмжээнд хүргэхийн тулд санаачлагатай ажиллаж байгаа. Нүүрс экспортлогч компаниуд, ассоциацийн зүгээс салбарын сайдтай уулзаж санал, хүсэлтээ тавьсантай холбоотой. Нөгөөтэйгүүр хил, гаалийн цагийн хуваарийг 24 цаг болгох хэрэгтэй байна. Ядаж 16 цаг болгож уртасгах шаардлагатай. Түүнээс биш цайны цаггүй болгоод нэмэргүй.
-Мэдээж 24 цаг болгохын тулд Хятадын талтай ярьж тохиролцох байх л даа?
- Тийм. Үүнийг хоёр улсын Гадаад харилцааны яам зэрэг дээгүүр төвшинд яригдах асуудал. Энэ саналыг манай ассоциаци, нүүрс тээвэрлэгч компаниуд тавьж байна. Одоогоор Гашуунсухайт, Шивээхүрэн хоёр гол боомтоор нийтдээ 1500 орчим машин хил гарч байна.
-Хил, гаалийг хурдасгах өөр ямар боломж байгаа бол?
- Гаалийн хяналтын лабораторит шийдэх асуудал байна. Эл лаборатори хил, гаалиар гарч байгаа бүтээгдэхүүнээс чанарын шинжилгээ авч улмаар Улаанбаатар хот руу явуулж шинжилгээнд оруулж дүгнэлт гарган буцааж явуулснаар хил гаргах эрх олгодог. Энэ үйл явц нь цаг хугацаа алддаг. Гэтэл гадаад худалдаа шуурхай байх ёстой.
Үүнийг шийдвэрлэх хялбар арга байна. Хил дээр ажиллаж байгаа улсын итгэмжлэгдсэн лабораторит гаалийн лабораторийн мэргэжилтэнг томилолтоор ажиллуулах хэрэгтэй. Ингэснээр чанарын шинжилгээг газар дээр нь хийж, хяналтаа тавих зэргээр шуурхай ажиллах боломжтой.
- Удахгүй 2021 оны төсвийн төслийг хэлэлцэнэ. Цаашдаа, ирэх онуудад нүүрсний экспортын нөхцөл байдал ямар байх бол. Он гараад цар тахлын хоёр дахь давалгаа эхэлж магадгүй. Тиймээс бүх улсын хил хаагдах хэмжээнд хүрэх магадлалтай гэсэн мэдээллийг НҮБ –аас анхааруулсан. Энэ үед манай улс ямар зохицуулалт хийх ёстой бол?
- Ирэх онд хэчнээн тонн нүүрс экспортлох вэ гэдэг нь нэгдүгээрт, Хятад улсын эрэлт хэрэгцээнээс шалтгаална. Хоёрдугаарт, ковидоос хамаарна. Ковид гэнэтийн тохиолдол учраас хэрхэхийг мэдэхгүй байна. Одоогийн байдлаар ирэх онд нүүрсний экспортод өөрчлөлт орохгүй. Хятад улсад коксжих нүүрсний эрэлт өндөр хэвээр байна. Дэлхийн коксжих нүүрсний 10 орчим хувь нь манай улсад байна. Өнгөрсөн жил Монгол Улс Хятадын хамгийн том экспортлогч байсан. Цаашдаа энэ байр сууриа хадгалахын тулд хилийн ажиллах цаг, гаалийн шуурхай ажиллагаа, лаборатори зэргийг хэвийн хурдтай тасралтгүй зохион байгуулах. Түүнчлэн ирэх жилд хэчнээн тонныг экспортлохоо Хятадын Засгийн газартай манайх эртнээс тохиролцох хэрэгтэй байна. Ингэснээр төсвийн алдагдлаа зөв тооцоолно. Хиймлээр тооцохоос сэргийлнэ.Тээвэрлэлтийн асуудал зохицуулагдана. Аж ахуйн нэгжүүд төлөвлөлтөө хийхэд эерэг ач холбогдолтой. Мөн хоёр улсын мэргэжлийн салбар холбоод болон манай ассоциаци, Хятадын нүүрсний ассоциацитай санамж бичиг байгуулаад байна. Ингэснээр мэдээлэл солилцох, нүүрсний үнэ, ил тод байж аж ахуйн нэгжүүдэд ойлгомжтой байх давуу талтай. Энэ нь төрийн ажилд ямар нэг хэмжээгээр дэмжлэг болж байгаа. Ковидын тухайд салбарын мэргэжлийнхэн дахин ковидын хоёр дахь давалгаа ирнэ. Ковид шиг цар тахлын дамтамжууд ойртоод байгаа. Шувуу болон гахайны ханиад, Sars-cov2, mers-тэй адил дахин өөр тахал гарч болзошгүй гэж байна. Энэ нь дэлхий ертөнц өөрчлөгдөж байгаатай холбоотой. Тиймээс эдийн засгийн аюулгүй байдлаас сэргийлэхэд төмөр зам, дэд бүтцийн хөгжил чухал гэж үзэж байна.
-Төмөр зам ашиглалтад орсноор тээвэрлэлтэд том түлхэц болох байх?
-Төмөр зам тавьснаар хоёр чухал асуудлыг шийдвэрлэнэ.
Нэгдүгээрт, Гашуунсухайтаар гарч байгаа Тавантолгойн бүлэг ордын нүүрс тээвэрлэлтэд чухал. Харин Нарийнсухайтын бүлэг ордынх Шивээхүрэнгээр гарч, нийтдээ экспортын нүүрсний 40 хувийг эзэлж байна. Энэ боомт хилтэй ойрхон учраас богино рейсийн авто тээвэр, чингэлэг гэсэн хоёр хувилбар яригдаж байна. Төмөр зам тавих ажлаа аль болох хурдан дуусгах хэрэгтэй.
2008 оноос хойш манай улс нийтдээ 255 сая тонн нүүрс экспортлосон. Дунджаар 70 ам.доллараар тооцох юм бол нийт 18 тэрбум ам.доллар орж ирсэн байна. Үүнийг төмөр замаар тээвэрлэсэн бол зөрүү нь 3.5 тэрбум ам.доллар. Төсөв тодотгох хэмжээний асар их мөнгө. Төмөр замгүйгээс болж ямар их мөнгө алдав. Түүнчлэн олон хүний хөлс хөдөлмөр, амь нас, байгаль экологит учруулсан хохирлыг тооцвол үүнээс ч их гарна.
Хилтэй ойр Шивээхүрэнгийн боомт дээр тээвэрлэлтийн машинуудын дугаарлалт бөөгнөрөл их үүсдэгээс сэргийлж яг хил дээр нь төмөр замын терминал байгуулах хэрэгтэй. Машин нүүрсээ буулгаад буцдаг. Хилийн цаанаас чингэлэгт савлаж краннаар вагонд ачдаг байх хувилбар яригдаж байна. Чингэлэг тээвэр өртөг өндөртэй ч бонгино зайтай газар ийм хувилбар нь эдийн засгийн эргэлтээрээ үр ашгийг нь нэмэгдүүлдэг. Эерэг талаас нь харах юм бол Хятадын коксжих нүүрсний томоохон хэрэглээний зах зээл нь Монгол руу ойртоод байгаа. Зүүн, өмнөд хэсгийн гангийн үйлдвэр, коксын үйлдвэрүүд нь алсдаа хаагдаж хойд нутагтаа төвлөрөх хандлага байна. Тиймээс урт хугацаандаа Монголын коксжих нүүрсний үнэ цэнэ буурахгүй. Энэ үүднээсээ дэд бүтэц Монголд хэрэгтэй. Гол нь үүнийгээ эрэмбэ дараатайгаар хөгжүүлэх хэрэгтэй байна.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: