Хөдөөг эзэнгүйдүүлсэн оюутны их нүүдэл, боловсролын гажиг тогтолцоо

118767056_330112024892466_1059899561937218589_nЖил бүрийн намар орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн оюутны их нүүдэл болдог билээ. Оюутан хүүхдээ дагаад малчид хот руу нүүн ирж, Улаанбаатарын түгжрэл, утаа, ажилгүйчүүдийн тоог нэмж байгаа. Монгол Улсын 3.2 сая иргэний тэн хагас нь нийслэл хотноо төвхнөжээ. Уг нь зах хязгаар нутгаа эзэнтэй байлгахын тулд олон мянган жилийн турш эрхэлж ирсэн нүүдлийн мал аж ахуйгаа авч явах төрийн нэгдсэн бодлого байх ёстой. Гэтэл манай төрийн бодлого үүний эсрэгээр хэрэгжиж байгаа нь даанч харамсалтай. Нийгмийн хөгжлийг дагаад зах хязгаар нутаг хөгжиж, зам, харилцаа холбоо, мэдээлэл, технологийн хөгжил нэвтэрч байгаа ч хүн амын төвлөрөл, тохилог орон сууц, ажлын байрны хомсдол байсаар байна.

Малчдын залгамж халаа болсон нас , биед хүрсэн залуусыг оюутан болгон хот руу татна. Дөрвөн жил хот газар оюутаны амьдралд дассан залуус хотын иргэн болон төлөвшиж, хөдөө нутгаа мартана. Тэд мал, маллаж, хүйтэнд хөрч, халуунд халж, бороо, цас, шуурганд зовж зүдрэхгүй дулаан байранд, тухтай орчинд ажиллахыг илүүд үзэх болжээ. Малын захад найман нас хүртлээ өсдөг хүүхдүүдийг зургаан настайгаас нь дунд сургуулийн сурагч болгож, монгол малчдын удмыг үндсэн сууриар нь устгах харь гүрний боловсролын бодлогыг хуулбарлан хэрэгжүүлэх боллоо.

Хөдөөгийн хүүхдүүд 12 жил дунд сургуулийн дотуур байранд, дөрвөн жил их, дээд сургуулийн дотуур байранд амьдарч 16 жил малын захаас хөндийрч байна. Сургуулийн өмнөх боловсролыг оруулбал бараг 20 гаруй жил сургууль соёлоор дамжиж явсан хүүхэд, залуус сурсан зүйлээр маруухан, мэдлэг нимгэн мэргэжилтэн болцгоох юм. Үгүй ядахдаа манай улсын боловсролын систем хүүхдэд боловсрол мэдлэг олгож чаддаггүй юм аа гэхэд Монгол хүн болгон ёс зүйтэй, үндэсний ухамсартай иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэх нь чухал байгаа юм.

Гэтэл бид 2000-5000 жилийн түүхтэй нүүдэлчдийн гэрийн сургалттай хүмүүжлийн тогтолцоог 1946 оноос хойш орвонгоор нь эргүүлж, Оросын академик боловсролыг хуулан хэрэгжүүлж, үндэсний бичиг, соёлоо устгаад 94 жилийн нүүрийг үзэж байна. Монголчууд үндэсний монгол бичгээрээ 1500 гаруй жилийн түүхээ бичсэн. Харин кирилл бичгээр 90 жилийн түүхийг үлдээжээ. Бидэнд 1500 жилийн түүх, соёлоо тэмдэглэн үлдээсэн, үндэсний соёл, ухамсар, дархлааг шингээн хадгалсан монгол бичиг хэрэгтэй юу. Харь гүрний соёлын түүчээ болсон Монгол үгийн язгуур, үндсийг эвддэг, гээгдэх эгшгийн дүрэмтэй кирилл бичигтэй байх нь зөв үү гэдгийг бодох цаг болсон. Уг нь Монгол Улс хот, хөдөөгүй нэг л боловсролын стандарт, хөтөлбөрийн дагуу, ижил тэгш хэмжээнд хүүхдэд боловсрол олгох ёстой. Тийм байтал төрөл бүрийн гадны боловсролын стандартыг монголд туршиж, хүүхдийн боловсрол, төлөвшлийг зэрэмдэглэж байна . Одоо Кембрижийн хөтөлбөрийг Монголын төрийн өмчийн сургуулийн 10 хувь буюу 90 сургуульд нэвтрүүлэх гэнэ.

Боловсролын чанарыг дээшлүүлэх стандарт бол энэ санаачилгыг дэмжих нь зүйн хэрэг. Гэвч бүтэшгүй санаачилга гэдгийг хэлэхээс өөр арга алга. Аливаа улс орнууд өөрийн иргэнээ бэлдэхдээ үндэсний цөм хөтөлбөрөөр дамжуулан сурган бэлддэг. Монгол иргэнийг монгол багш, монгол хөтөлбөрөөрөө монгол хэлээрээ сурган хүмүүжүүлнэ. Гадаадын байгууллага, түүний тогтолцоо, агуулга Монголын боловсролын салбарыг эзлэн авах санаархал хэрхэвч байж болохгүй. Кембрижийн сургалтын хөтөлбөрийг дэлхийд нэвтрүүлдэг Английн төрийн бус байгууллагууд байдаг аж. Тэнд боловсруулсан стандарт, сургалтыг нэвтрүүлсний хариуд тухайн улсын төгсөлтийн шалгалтуудыг хүүхдийн тоогоор ам.доллараар төлбөр авдаг байна. Энэ бол боловсролын маш том импорт. Монголоос валют гадагш урсана. Үндэсний цөм хөтөлбөрийн оронд кембрижийн хөтөлбөр хэрэгжсэнээр боловсролын тусгаар тогтнол бүрэн алдагдана. Энэ мэтчилэн харь гүрний соёлын довтолгоонд монголчууд, тэр тусмаа хөдөөгийн малчдын хүүхдүүд ихээр өртөж байна.

Зургаан настай балчир үрсээ суурин газар руу сургууль, соёл бараадуулсан хөдөөгийнхөн мал маллах хүнгүй хөгшчүүд болон хувирч, орон нутаг, эзэнгүйдсэн хэвээр. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид малчин бэлдэх мэргэжлийн анги нээх мундаг төлөвлөгөө боловсруулжээ. Тэд Швейцарын хамтын ажиллагааны агентлагтай хамтран ажиллаж сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах цаашлаад тус улсын сүү, бяслагийн үйлдвэрлэлээс жишээ авч эх орондоо нэвтрүүлэх, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар болсон аж. Энэ агуу төлөвлөгөө нь малчдын залгамж халааг бэлтгэж, чадах, чадахгүйг цаг хугацаа харуулах биз.

Төрийн яамныхан энэ бодлого төлөвлөлтөөрөө хот руу чиглэсэн оюутны их урсгалыг хумин, багасгаж чадна гэж андуурч, эндүүрч яваа бололтой. Хөдөөгийн залуусын хот руу чиглэсэн оюутны энэ их урсгалыг нэмэгдүүлж байгаа үндсэн шалтгаан нь чанаргүй олон их, дээд сургууль, коллежууд билээ. Хувийн сургуулиудын ихэнх нь багшлах боловсон хүчингүй, боловсрол мэдлэггүй мэргэжлийн бус гадны иргэнээр, мөн төгсөгчдөөрөө болон цагийн багшаар хичээл заалгасан болдог. Энэ нь ёстой нэг нүглийн нүдийг гурилаар хуурав гэгч болж байгаа.

Сургалтын орчин, сургуулийн материалаг баазынх талаар яриад ч хэрэггүй. Түрээсийн байранд сандал, ширээ, самбар тавьсан болоод цагийн багшаар хичээл заалгасан болж дөрвөн жилийг барьж диплом олгоно. Тэд оюутны мэдлэг боловсролд төдийлөн анхаарал хандуулахгүй. Төлбөрөө бүрэн авч, хэтэвчээ түнтийлгэн, бизнесээ өргөжүүлэх бодлого барьдаг. Харин малчид хүүхдээ өндөр боловсрол мэдлэгтэй их, дээд сургуулийн ромбо, диплом өвөртөлсөн чадварлаг мэргэжилтэн болгож бусдаас дутахгүй сургахыг хичээнэ. Тэдний энэ хүчин чармайлт нь Монгол малчны залгамж халааг цөөлөх үндсэн шалтгаан болчихоод байгаа. Их, дээд сургуулийн эзэд, малчдын ган, зудыг давж туулан, хөлс, хөдөлмөрөө дуслуулан үржүүлсэн, хэдэн малынхаа ашиг шимээр олсон мөнгийг сургалтын төлбөр болгон халаасалж суугаа. 2020-2021 оны шинэ хичээлийн жилд 150 мянган гаруй оюутан их, дээд сургуульд суралцах аж. Төрийн өмчийн 142, төрийн бус өмчийн 124 сургууль сургалтын ажиллагаа явуулахаар болжээ. Харин Улаанбаатар хотод ерөнхий боловсролын төрийн өмчийн 140, төрийн бус өмчийн 117, нийт 257 дунд сургууль сургалт, хүмүүжлийн ажлаа эхлүүлж байна. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр хөдөө нутгаа эзэнгүйдүүлсэн, хот руу чиглэсэн оюутны их урсгалыг их, дээд сургуулийг аттестатчлан магадлан итгэмжлэл олгон цөөлөөд тусыг олохгүй болжээ.

Дээд боловсролын чанар хангалтгүй байгааг дээр, дооргүй л ярьдаг. Энэ олон чанаргүй дээд сургуулийг төгсөгчид монгол хэлний мэдлэг дулмагхан, өргөдөл, бичиг баримт боловсруулах чадваргүй, хазгай мурий гадаад хэл, компьютерийн анхан шатны ч мэдлэггүй боловсон хүчин болон гарч байна. Ажил олгогчид тэднийг дадлагажуулах гэж хамаг цаг, заваа гарздаж байгаа. Ажил дээр гараад гологдсон залуус дахин мэргэжил, зэрэг дэвээ дээшлүүлэх гэж суралцдаг. Гэхдээ тэд ур чадвараа дээшлүүлэх зорилго тавьдаггүй, бакалаврын зэргээ дээшлүүлэх гэж хичээдэг нь хамгийн том алдаа болдог. Хөдөлмөр , нийгмийн хамгааллын судалгааны институтээс гаргасан судалгааг үзэв.

Тус институтийнхэн өнгөрсөн жил 4261 төгсөгчийг хамруулсан судалгаанд дурдсанаар , мэдээллийн технологийн мэргэжил эзэмшигчдийн 41.6, соёл урлагийн чиглэлээр төгсөгчдийн 40.6 хувь нь мэргэжлийн бус ажил хийж буй. Монголд зах зээл нь хязгаарлагдмал учир урлагийнхны хувьд хэн хөдөлмөрч, авьяастай нь тодорч, товойх нь зүйн хэрэг. Харин технологийн эрин үед энэ чиглэлээр төгсөгчид ажилгүй, ар гэрийнхнээрээ тэжээлгэж суугаа нь хачирхалтай санагдсан. Хөдөө аж ахуй, нийгмийн халамж, боловсрол судлал, байгаль хамгаалал, эдийн засагчийн мэргэжлээр төгсөгчид хөдөлмөр эрхлэх нь бага байгаа аж. Нийт их, дээд сургууль төгсөгчдийн (2016 оноос хойш) 19.3 хувь нь хоёр жил огт ажил хийгээгүй, 25.8 хувь эдийн засгийн идэвхгүй гэсэн төлөв рүү шилжжээ.

Төгсөгчдийг амьдарч буй бүсээр нь судлахад, нийслэлд төгсөгчдийн 57, орон нутгийнхны 50-иас доош хувь нь ажилтай байна. Эдийн засгийн сөрөг өөрчлөлтөд баруун бүсийн залуучууд хамгийн их өртсөн аж. Дээд боловсролын чанар хангалтгүй байгаа талаар Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийнхөн их, дээд сургуульд элсэн орох босго оноог нэмж чанарыг сайжруулна гэдэг нь “Үлгэрийн далай” мэт үл бүтэх зүйл болсон хэвээр. Их, дээд сургуулиудын сургалтын явцыг үнэлэхдээ хөндлөнгийн үнэлгээ, магадлан итгэмжлэл гэсэн хоёр хэлбэрээр хийдэг гэх.

Тодруулбал, их, дээд сургуулийг болон зааж буй хичээлийн агуулга, хөтөлбөрийг ч магадлан итгэмжилдэг гэсэн үг. Их, дээд сургуулиудад 2016 оноос аттестатчлал хийхээ больжээ. Гэхдээ салбарынх нь яамнаас хяналт, шинжилгээ, үнэлгээ хийдэг болсон аж. Өнгөрсөн жил 18 их, дээд сургуульд хяналт, шалгалт хийж зургаагийнх нь тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Өнөө жил 16 их, дээд сургуулийг шалгахад тав нь бүдэрчээ. Тодруулбал, таван сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар сайд тушаалаа хэдийнэ гаргасан байна. Үлдсэн сургуулиудад ажлаа сайжруулж, сургалтын чанараа дээшлүүлэх хугацаатай үүрэг өгчээ. Мөн хоёр сургуулийн удирдлага бусад сургуультай нэгдэх хүсэлт гаргасан гэнэ.

Хөдөөгийнхөн магадлан итгэмжлэгдсэн нь үл мэдэгдэх, сургуульд хүүхдээ даатгаад, ирээдүйг нь баллах нь бий. Ийм сургууль төгссөн хүүхдүүд ажил, мэргэжилдээ гологдоно. БСШУнаас хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний шалгуурт тэнцэхгүй гэсэн шалтгаанаар жилд 5-6 их, дээд сургууль үүдээ барьж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, колежийн тоо 2001-2002 оны хичээлийн жилд 178 байсан бол 2005-2006 оны хичээлийн жилээс хойш тогтмол буурсаар 2018-2019 оны хичээлийн жилд Энэ тоо 94 болжээ.

Ингэснээр 2001-2002 оны хичээлийн жилтэй харьцуулахад 47,2 хувиар буурсан байна. Харин эсрэгээр их, дээд сургууль, коллежид суралцагчдын тоо нэмэгджээ. 2001-2002 оны хичээлийн жилд 90.6 мянган оюутан сурч байсан бол 2018-2019 оны хичээлийн жилд 157.7 мянга болж өссөн байх юм.Суралцагчдыг боловсролын зэргээр нь авч үзвэл 2018-2019 оны хичээлийн жилд нийт суралцагчдын 130.9 мянга нь бакалавр, 22.5 мянга нь магистрт, 4.2 мянга нь докторын зэрэг эзэмшиж суралцсан байна. Гадаад орнуудад өнгөрсөн 2019 онд 2275 оюутан суралцсан аж.

Тэдний 1.6 мянга буюу 72.1 хувь нь Хятад Улсад, 236 буюу 10.4 хувьОХУ-д, үлдсэн хувь бусад улсад суралцжээ. Төрөөс боловсролын талаар баримталж буй бодлогод 2024 он гэхэд дөрвөөс доошгүй их сургуулийг Азийн бүсийн 100 шилдэг сургуулийн эгнээнд оруулж, 20-оос доошгүй хөтөлбөрийг магадлан итгэмжилнэ хэмээн тусгасан байх юм. Магадлан итгэмжлэлийн шалгуурыг хангасан. БШУ-наас шаардлага хангасан зарим их, дээд сургуульд бодлогын болон санхүүгийн дэмжлэгийг үзүүлсэн. Нэгдүгээрт, байгууллагыг нь магадлан итгэмжилж байна. Дараа нь хөтөлбөрөө магадлан итгэмжилнэ. Гуравдугаарт, төгсөгчдийн ур чадварыг шалгахын тулд суралцах явцад тэдний мэдлэг ур чадварыг сорьж, хөндлөнгийн үнэлгээ хийдэг болжээ.

Бүх хөтөлбөрийг үзэж агуулга, стандартын түвшинд хангасан, эсэхэд дүгнэлт хийх гэнэ. Мөн Боловсролын үнэлгээний төвөөр дамжуулан суралцагчдаас шалгалт авах юм байна. Гэвч урьдын адил их, дээд сургуулийн сургалтын арга барил яг л арван жилийн сургууль шиг хоцрогдсон хэвээр. Хичээл сонголт болон оюутны бие даан суралцах орчин нөхцөл гэхээр юм юу ч байхгүй. Зарим их, дээд сургууль айлын ажилгүй хүүхдүүдийг цуглуулсан яг өдөр өнжүүлэх цэцэрлэг шиг харагддаг. Хичээл суух нэрээр зүгээр сууж, дэмий сэлгүүцэж л өдөр өнгөрөөнө.

Дөрвөн жилийн дараа мөнгөө төлсөн юм чинь мэдээж диплом авна. Ингээд л амьдрал дээр дипломтой ажилгүй хүн гарч байгаа. Монголын дээд боловсрол мөнгөөр ромбо, диплом худалддаг хүүхэд залуусын ухааныг эвдэн, хэн ч биш болгож байна. Оюутнуудын оюун ухаан нь яг нэг төвшиндөө гацчихжээ. Ихэнх их, дээд сургуульд тэтгэвэртэй гарсан дархлагдсан доктор, профессорууд сууцгааж байна. Тэдний мэдлэг боловсрол 30-40 жилийн өмнөхөөсөө өөрчлөгдөж, хувьсаж хөгжсөн, гэрэл гэгээтэй зүйл хомсхон. Даалгавраар оюутнуудыг дарамталж, орчуулгын болсон болоогүй номоо өндөр үнээр шахах бизнес хийнэ. Ийм багшийн шавь төгсөөд өөрийн багшийн хоцрогдсон арга барилаар монголын боловсролын салбарыг дампууруулж үйлсэд хуруу нэмж яваа.

Үе залгамжилсан багш нар нь хэзээ ч шавь нар багшийгаа давж чадахгүй гэж тохуурхах нь бий. Ингэхээр яаж ч оюутны хөгжлийн асуудлыг ярих вэ дээ. Их, дээд, сургуулийн ихэнх нь онолын хичээлдээ ном хуулуулж бичээд хичээл заасан, лекц уншсан болно. Практик сургалт, үйлдвэрлэлийн сургалт оюутнуудад хамгийн ихээр дутагдаж байгаа. Хөдөөний оюутнууд их, дээд сургуулийн дөрвөн жилийн хугацааг баар, цэнгээний газар, шөнийн клубээр зугаацаж, эцэг, эхийнхээ хурааж, хуримтлуулсан мөнгийг хий дэмий үрнэ. Ихэнх оюутнууд мэдлэг боловсрол чухал гэж нүүрэн дээр ярьдаг боловч амьдрал дээр дипломын төлөө л яваа. Сургуулиа төгсөж, диплом өвөртлөн гараад ч тэд мэргэжлээрээ ажиллахгүй, ажилгүйчүүдийн эгнээг тэлж байгаа.

Мэдлэгт суурилсан нийгэм, мэдлэг суурилсан эдийн засаг гэж ярих боловч үнэндээ суурилаад байх мэдлэг боловсрол Монголд байхгүй. Их дээд сургуульд мэдлэг нэрээр баахан амьдрал хэрэг болохгүй онол заана. Боловсролын салбараас ашиг олж байвал оюутны мэдлэг боловсрол олж авах, авахгүй нь сургуулийн эзэд тийм ч хамаатай, чухал биш. Хувийн сургуулийн эзэд улсын сургуультай ижил төстэй нэр өгч элсэгчдийг төөрөгдүүлэх болсон. Үүний сонгодог нэг жишээ гэвэл МҮИС гэх сургууль. 1998 онд уг нь “Чандмань-Эрдэнэ” коллеж нэртэйгээр байгуулагдсан аж. Түүний дараа 2002 онд “Монголын үндэсний коллеж”, 2004 онд “МҮДС”, 2012 онд “МҮИС” буюу Монголын үндэсний их сургууль болгон нэрээ өөрчилсөн байдаг. Хөдөөгийн малчид үүнийг МУИС буюу Монгол Улсын их сургууль гэж андуурч ойлгох нь бий.

Бусдын мэдээлэлгүй, гэнэн цайлган байдлыг далимдуулан, адил төстэй дуудах байдлыг нь ашиглаж байгаа хуурч мэхлэх залилангийн гэмт хэргээс ялгагдах зүйлгүй мэт санагдана. Хөдөөг эзэнгүйдүүлсэн оюутны их нүүдэл хэзээ зогсохыг мэдэхгүй. Үүнд төрийн алсыг харсан нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна. Нүүдлийн соёл иргэншлийн гал голомтыг сахин үлдсэн цөөн хэдэн малчдын залгамж халааг тасалдуулахгүй байх юм сан. УИХ-ын эрхэм гишүүд хувийн их, дээд сургуультай. Тэд ашиг орлогоо бодоод боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийхийг хүсэхгүй байна.

Сургуулийг үүсгэн байгуулагч эзэд нь баяжиж, суралцагсад нь хохирдог тогтолцоог хэзээ халах вэ. Хөдөөгийн малчдын халаасыг хоослох их, дээд сургуулийн төлбөр жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Боловсролын яам нь гадны олон төсөл, хөтөлбөрийн хөлд чирэгдэн шоконд орсон байдалтай. Сайд нь сандал ширээ, албан тушаал, улс төр ярихаас хэтрэхгүй. Энэ Монгол Улсынхаа ирээдүйд санаа зовох хүн байна уу, энэ засаг төрд…

Үндэсний шуудан


URL:

Tags: