Өвөр Монголын дунд сургуулиудад хичээлийг хятад хэлээр заах болсон талаар БНХАУ-ын гадаад хэргийн яамны тайлбар

enyo22_hua_chunying_x974

Сүүлийн үед БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны дунд сургуулиудад хичээлийг монгол хэлээр бус, хятад хэлээр зааж эхэлснийг эсэргүүцсэн тэмцэл иргэдийн дунд гарсан талаар мэдээлэл хэвлэлүүд, сошиал сүлжээнд тараад байгаа.

Энэ долоо хоногийн Пүрэв гарагт Бээжин хотод болсон Хятад улсын гадаад хэргийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр уг асуудал сөхөгдөж, тус яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунинь дэлгэрэнгүй тайлбар хийсэн байна.

Түүний тайлбарыг орчуулан хүргэж байна.

NHK сувгийн сэтгүүлч: Өвөр Монголын Өөртөө Засах Оронд хос хэлээр боловсрол олгох бодлого хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой иргэд эсэргүүцлээ илэрхийлж буй мэдээлэл байна. Ийм үйл явдал болж байгаа нь үнэн үү? Монгол улсын ерөнхийлөгч асан Элбэгдорж энэ талаар байр сууриа сошиал сүлжээгээр илэрхийлсэн байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

Хуа Чунинь: Эдгээр мэдээллүүд нь далд санаа агуулсан улс төрийн явуулга юм.

Аливаа yлс үндэстний үндсэн хэл бичиг нь тусгаар тогтнолын бэлгэдэл болдог. Тухайн улсын иргэн бүр үндэсний нэгдсэн хэл бичгээ суралцаж, ярих бичихдээ хэрэглэх эрх, үүрэгтэй.

Зөвхөн Хятадад биш, дэлхийн бусад бүх улс оронд ийм байдаг. Үүнийг Хятад улсын үндсэн хууль, Үндэсний цөөнхийн өөртөө засах эрхийн хууль, Боловсролын хуулинд заасан байгаа.

Холбогдох бүх хууль тогтоомжийн хүрээнд Хятад улсын засгийн газар улсын ерөнхий хэл бичгийг үндэстний цөөнхүүдэд ижил тэгш эзэмшүүлэхийг дэмждэгээс гадна Монгол болон бусад үндэсний цөөнхийн өөрийн эх хэл бичгийг хэрэглэх, хөгжүүлэх эрх чөлөөг хангаж өгдөг юм.

Өвөр Монголын боловсролын газар нэгдсэн сурах бичгийн талаар холбогдох мэдээллийг гаргасан байгаа. 2017 оноос орон даяар бүх дунд сургуулиудад уран зохиол, улс төр, түүхийн хичээлийг Үндэсний Сурах Бичгийн Хорооны мэргэжилтнүүдийн хятад хэл дээр боловсруулан гаргасан нэгдсэн сурах бичгээр зааж эхэлсэн.

Энэ оноос Өвөр Монгол зэрэг зургаан муж, өөртөө засах оронд эдгээр сурах бичгийг нэвтрүүлж байгаа. Нэгдсэн сурах бичгээр заах дээрх гурван хичээл нь үндэсний цөөнхийн хэл дээр заадаг бусад хичээлүүдэд нөлөөлөхгүй. Монгол хэл дээр заадаг хичээлүүдийн цаг, сурах бичиг хэвээр хадгалагдаж байгаа.

Одоогийн хос хэл дээр хэрэгждэг боловсролын системд өөрчлөлт орохгүй.

Хятад улс шиг үндэсний цөөнхийнхөө эх хэл бичгээ хадгалж үлдэх эрхийг хуулиар хамгаалсан улс орон дэлхий дээр өөр байдаг болов уу? гэж хариулжээ.

Өөрөөр хэлбэл дунд сургуулийн тодорхой гурван хичээлийг орон даяар хятад хэл дээр гаргасан нэгдсэн сурах бичгээр зааж эхэлсэн. Гэхдээ энэ нь үндэсний цөөнхийн хэлээр заагддаг бусад хичээлүүдийн цаг, сурах бичигт нөлөөлөөгүй гэж тайлбарлажээ.

 Эх сурвалж: globalsecurity.org

News.mn


URL: