Т.Доржханд, Б.Найдалаа нар С.Боргилын гарын үсгийг хуурамчаар зурсан нь тогтоогдсон…

65862697183e3ecb1bcd979abd55db92

ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дарга О.Бямбадэлгэртэй ярилцлаа.

-Та Хөдөлмөрийн Үндэсний намыг үүсгэн байгуулагч нарын нэг мөн үү?

-2000 оноос эхлэн улс төрийн жагсаал, цуглаан, үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог “Соёмбо”. “Эрс шинэчлэл” зэрэг хөдөлгөөний гишүүд улс төрийн нам байгуулахаар ярьж эхэлсэн түүхтэй. Энэ яриа явсаар 2010 онд МҮЭХ-ны үзэл санаа дээр тулгуурлан Хөдөлмөрийн Үндэсний намыг үүсгэн байгуулсан. Анх нэг их олуулаа ч байсангүй. 10 хүрэхгүй залуус үзэл санаа, дүрэм журмаа бичээд 800 хүний гарын үсэг цуглуулахаар тал тал тийшээгээ явсан санагдаж байна. Жил шахам бэлтгэл ажил, иргэдийн гарын үсэг зэргийг цуглуулаад Улсын Дээд Шүүхэд хандсан. Гурван удаа буцсаны эцэст ХҮН-аа бүртгүүлчихээд баярлан тэмдэглэж байснаа санаж байна.

-Тэр үед Т.Доржханд, Б.Найдалаа, Д.Гантулга гэдэг залуус байсан уу?

-Хөдөлмөрийн Үндэсний намд битгий хэл улс төрд ч сураг үгүй байсан залуус. Ерөнхийдөө АН, МАН-ын үүд хавиар эргэлдсэн, тодорхой улс төрчдийн цүнх баригч нар л байсан. Бид нарын тухайд аль хэдийн үзэл бодол төлөвшчихсөн улс төрд сонирхолтой, нийгэмд шүүмжлэлтэй ханддаг болчихсон байжээ. Энэ тогтолцоо, нийгмийн байдалд эрс шинэчлэл хийх хэрэгтэй гэдгийг 10 гаруй жилийн өмнөөс ярьж ирсэн байдаг.

-“Босоо” Ганбаатартай яаж холбогдсон юм бэ?

-Манай залуусын ихэнх нь МҮЭХ-ны чиг баримжаатай, идэвхитэй гишүүд байснаас гадна мань эрийн үзэл санааг ихэд дэмждэг байсан. Хөдөлмөрийн Үндэсний намын үзэл санааг чиглүүлсэн, үйл хэргийг тууштай явуулсан хүн бол С.Ганбаатар. Мөн улс төрийн намуудын үүд хавиар эргэлдэх, өөрсдийгөө боловсролтой гэж ярих дуртай Доржханд тэргүүтэй залуусыг зангидаж өнөөдрийн өндөрлөгт хүргэх бололцоог нээсэн хүн бол бас С.Ганбаатар.

-Ямар тохироогоор эдгээр залуусыг Хөдөлмөрийн Үндэсний намын удирдлагад гаргасан юм бэ?

-“Дайтаж байлдахаас өөр юм мэдэхгүй” гэдэг шиг жагсаж явсан бид нарт улс төр хийхэд тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй болсон. Бидний энэ сул талыг мэдсэн Т.Доржханд тэргүүтэй залуус тодорхой дэмжлэг, санхүүжилт санал болгосон. Тэр утгаараа намд оруулаад  ирэнгүүт тэдгээр мөнгөтэй залуус намын үзэл бодолдоо үнэнч гишүүдийг хөөж туугаад хойморт суучихсан.

ХҮН-ын даргын албан тушаалаа С.Зоригтбаатар С.Боргилд өгсөн цагаас эхлэн маргаан гарч ирсэн. С.Боргил даргыг дургүй байхад мөнгө гаргасан утгаараа Т.Доржханд, Б.Найдалаа нар албан тушаалыг нь авах гэж дайрсан. Тэгээд С.Боргилын гарын үсгийг хуурамчаар зурсан нь хуулийн байгууллагаар тогтоогдсон гэх зэргээр нам өөрөө буруу тийшээ явж эхэлсэн дээ.

-2016 оны УИХ-ын сонгуульд оролцож чадаагүй бил үү?

-Улсын Дээд шүүх дээр маргаан гарснаас гадна С.Ганбаатарын талыг бут цохихын тулд Т.Доржханд. Б.Найдалаа, Д.Гантулга нар ХҮН-ыг УИХ-ын сонгуульд оруулаагүй. Сонгуульд оролцох бололцоо бүрэн байсан байх. Мань мэт нь сонгуульд оролцох болоогүйгээ мэдээгүй явахад дээрх нөхдүүд аль хэдийнэ бие даана гээд бүртгүүлчихсэн байсан. Ингээд үүсгэн байгуулагч, бууриа сахьсан залуус хаягдаж, сонгуульд оролцох бололцоогүй байхад дээрх нөхдүүд Ц.Элбэгдоржоос улс төрийн дэмжлэг авч Б.Найдалаагаа ХҮН-ын даргаар томилуулсан шийдвэр гаргуулсан. Гэхдээ гишүүдийнхээ гарын үсгийг хуурамчаар зурсан асуудал хуулийн байгууллага дээр маргаантай хэвээр байна. Шулуухан хэлэхэд өөрсдийгөө баруунд боловсрол эзэмшсэн, баян айлын хүргэчүүл гэдэг эдгээр залуус ХҮН-ын гишүүдэд хэлсэн амандаа хүрээгүй.

-Уржигдар ХҮН-ын Нийслэлийн намын хорооны хурал боллоо?

-Тийм ээ. ХҮН бол 172 анхан шатны үүртэй. Намын үүрийн дарга тамга тэмдэгтэй. Энэ бүхнийг үүсгэн байгуулагч залуус бий болгосон гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэтэл тэднийг сонсдоггүй, хүлээн авч уулздаггүй бүтэц ХҮН дээр бий болсон. Тухайлбал Т.Доржханд талийгаач У.Уламбаярын “Монро Импекс” шиг ХҮН-ын ТУЗ-ийн дарга болсон. Өөрөөр хэлбэл гишүүдтэй биш цөөн хэдэн тойрон хүрээлэгч нартайгаа асуудал шийдэх гэсэн санаархал шүү дээ. Тэр утгаараа Сүхбаатарын талбай дээр гурвуулаа зогсч байгаад ХҮН-ын Нийслэлийн намын хорооны даргаар П.Наранбаяр гэдгийг томилсон гэдгээ зарласан. Өөрөөр хэлбэл намын дүрмийн 3.6-д заасан Нийслэлийн намын хорооны хурлын эрх барих бүрэн эрхэнд хууль бусаар халдаж байгаа үйлдэл юм. Тэр анхан шатны 172 намын үүрээс санал авалгүйгээр шүү дээ. Журмаараа бол Нийслэлийн намын хорооны даргад нэр дэвших санал илэрхийлсэн нөхдийг анхан шатны 172 үүр авч хэлэлцээд саналаа өгөх байсан. Ийм дүрэм журмаа мөрдөөгүйд бухимдсан намын гишүүд ээлжит 3-р хурлаа зохион байгуулж хууль бусаар томилогдсон П.Наранбаярыг огцруулж намайг сонгосон.

-Орон нутгийн сонгуупиас өмнө Нийслэлийн намын хорооны даргаа өөрчлөх хэрэг байсан уу?

-Би Нийслэлийн намын хорооны анхны даргаар ажиллаж байсан туршлагатай хүн шүү. Манай намд гарсан нөхдүүд сонгуулиас өмнө өөрчлөлт хийдэг, бужигнуулдаг болчихоод байгаа юм. Бусад үед гишүүдээ тоох ч үгүй. Ойрын хугацаанд аль нэг намын хавсарга биш өөрийн гишүүдээ Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө гаргах гээд их ажил хүлээж байна.

-Та бүхнийг ХҮН-ын гишүүд биш гэсэн мэдэгдэл гаргасан байна лээ?

-ХҮН-ын анхан шатны үүрийн 172 тамгыг яах гэсэн юм бол доо. Бүх үүрийн дарга нар тамгаа авчраад хурлаа хийлээ. Үүнээс илүү ямар баталгаа шаардах гэсэн бол. Сая хуралдсан хуралдаан бол ХҮН-ын Нийслэлийн намын хороодын гишүүдийн хүсэл сонирхлын илэрхийлэл юм. Тэр хорооны гишүүдээс дүүрэг, нийслэлийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй олон арван залуус байгааг харлаа.

Гишүүдээ сонсдоггүй, хүсэл сонирхлыг сонсохгүй бол Хөдөлмөрийн Үндэсний нам оршин тогтноход хэцүү гэдгийг хэлмээр байна. Хөлгүй цээж толгой шат ахихгүй биз дээ. Бидний үгийг төрд хүргэх үүрэгтэй намын удирдлагадаа гишүүд нь гомдож буйг дуулгая.

-ХҮН-ын Нийслэлийн намын хорооны хурлын дараа та бүхэн рүү нэлээд дарамт шахалт ирсэн дуулсан?

-Төв намаас мэдэгдэл гаргаад зогсохгүй утсаар тэдний гар хөлүүд “Ална шулна, байхгүй болгоно” гэж гишүүд, үүрийн дарга нарыг сүрдүүлсэн. Ерөнхийдөө ямар ч хамаагүй аргаар эрх мэдэлд хүрэх зорилготой залуус юм болов уу гэж бодох боллоо. Намын гишүүд өөрсдийнхөө үгийг сонсохгүй байна, улс төрийн дэмжлэг үзүүлээч гэж хуралдлаа. Үүнд юу нь буруу байгаа юм бэ.

-Тордойн Ганболд ХҮН-ын дарга байсан бил үү?

-Шулуун шударга, тэмцэгч гэдэг утгаар нь Т.Ганболдыг ХҮН-д урьсан хэдий ч Т.Доржханд, Б.Найдалаа, Д.Гантулга хөөгөөд явуулчихсан.

Т.Доржхандын ХҮН-ын сонгуульд оролцох эрхийг үнэ хүргэн зарах 60 тэрбумын гэх схем Т.Ганболдод таалагдаагүй юм билээ. Энэ бүхнийг тэр хүн эсэргүүцээд ХҮН-аас бүрмөсөн зайгаа авсан.

Анхан шатны гишүүд хуралдаад байгаа учир шалтгаан юу вэ гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө цэгцрэх, үйл ажиллагаагаа сайжруулах, анхан шат бүртээ хүрч ажиллах зорилготой юм. Бид Орон нутгийн сонгуульд оролцчихоод аймаг, сум бүрээр тойрох, үйл ажиллагааг нь жигдрүүлэх төлөвлөгөөтэй байна.

-Баярлалаа.

sonin.mn


URL: