Бейрут: Бүтэн сар өнгөрсөн ч нуранга доороос амьд хүн олдоно гэж найдаж байна
Наймдугаар сарын дөрөвний өдөр Ливаны нийслэл Бейрут хотын боомт дээр дэлбэрэлт болж, 200 гаруй хүн амиа алдан 300 мянга орчим хүн орох оронгүй болсон харамсалтай хэрэг гарч байсан.
Дэлбэрэлт болсноос хойш нэг сарын хугацаа өнгөрсөн ч нуранга дор амьд хүн үлдсэн байж болзошгүй гэж аврагчид үзэж байгаа гэнэ. Тодруулбал лхагва гаригийн орой Чили улсаас ирсэн аврагчид Бейрутын Мар-Михаэль дүүрэг дэх нурсан барилгын хажуугаар өнгөрөх үед сургуулилалттай нохой нуранга дор амьд хүн байгаа гэсэн дохио өгчээ. Аврагчид энэ байр руу пүрэв гаригийн өглөө дахин ирэхэд нохой өмнө нь очсон газартаа дахин очиж, нуранга дор амьд хүн байгаа гэсэн дохио өгсөн талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Үүний дараа аврагчид хүний зүрхний цохилт эсвэл амьсгалыг илрүүлэх чадвартай тусгай сканер ашиглан, үүний дараа нуранга дороос хүн илрүүлэх тусгай төхөөрөмж авчиржээ.
“Амьсгал болон зүрхний цохилтын шинж тэмдгүүд, температур мэдрэгчийн үзүүлэлтээс харахад нуранга дор амьд хүн байх магадлал байна” хэмээн аврагчдын нэг Эдди Битар Reuters агентлагт ярьжээ. Энэ мэдээллийг сэтгүүлчид дамжуулсны дараа гартаа төрийн далбаа барьсан Бейрутын оршин суугчид барилгын орчим цуглаж эхэлсэн байна.
Аврагчид нурангийг болгоомжтой зайлуулахын тулд тус бүр долоон хүний бүрэлдэхүүнтэй бүлэг болон хуваагджээ. Ажлын үеэр нуранга дороос аврал эрсэн дуу гарч магадгүй гэж үзсний улмаас хүмүүсийг чимээ гаргахгүй байхыг хүссэн байна. Аврах ажиллагаанд Улаан загалмайн ажилтнууд, цэргийнхэн, гал сөнөөгчид, сайн дурын аврагчид оролцож байгаа бөгөөд амьд үлдсэн хүн байвал түүнийг гаргахад дор хаяж зургаан цагийн хугацаа хэрэгтэй гэж аврагчид өгүүлжээ.
Чилийн аврагчдын бүлэг есдүгээр сарын нэгэнд Ливанд ирсэн бөгөөд тэд 15 метрийн гүнд байх хүний амьсгалыг мэдрэх чадвартай өндөр нарийвчлал бүхий тоног төхөөрөмжтэй гэнэ.
Нуранга дор амьд хүн байгаа гэдэг нь одоогоор батлагдаагүй ч цугласан олон найдвараа алдалгүй хүлээж байна гэж ВВС агентлаг мэдээлжээ.
Энд дуулгахад, НҮБ-ын аврагчид нэгээс хоёр хоногийн дотор нуранга дороос хүн аварч чадаагүй бол сүйрэл болсноос 5-7 хоногийн дараа амьд үлдэгсдийг хайх ажлаа зогсоодог байна. Гэхдээ үүнээс ч удаан хугацаагаар нуранга дор амьд үлдэж чадсан тохиолдлууд гарч байжээ. Тухайлбал, 2005 оны 12 дугаар сард Кашмир бүсэд газар хөдлөлт болсноос хоёр сарын дараа 40 настай эмэгтэйг амьд мэнд олж байсан гэнэ. Тэрбээр газар хөдлөлтийн улмаас нурсан байшингийнхаа гал тогооны өрөөнд хашигдан үлдсэн байжээ.
Г.Бямбасүрэн
Shuud.mn
URL: