Ч.Сайханбилэг “Оюу Толгой”-д эзэмшдэг 34 хувиа зарах тухай дурьджээ
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Австралийн Financial Review сонинд ярилцлага өгөхдөө “Оюу Толгой”-д эзэмшдэг 34 хувиа зарах тухай дурдсан бөгөөд үүний дараа тус сонины сэтгүүлч Петер Кер, Монголчууд үнэхээр эзэмшлийн 34 хувиа зарах сонирхолтой байгаа тухай болон Ч.Сайханбилэгийн ярьсантай уялдуулан нийтлэл бичжээ.
Тус нийтлэлд, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхэм Оюу Толгой-д эзэмшиж буй тус улсын хувийг худалдах тухай мэдэгдэв. Хариуцлагатай алба хашиж байсан энэ хүн мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх, улс төрийн хурцадмал байдлыг шийдвэрлэх хамгийн тохиромжтой алхам нь эзэмшлийн 34 хувийг өөр хэн нэгэнд худалдах явдал гэж үзэж буй аж.
Одоогоос таван жилийн өмнө “Оюу Толгой” төслийг дараагийн шатанд гаргах гүний уурхайн төлөвлөгөөг хоёр тал баталснаас хойш ийнхүү нэгэн цагт Монгол Улсын гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байсан хүн төслийг илүү бүтээлч болгох ёстой гэж мэдэгдсэн нь энэ. Түүний тодорхойлж буйгаар төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас хойш Рио Тинто ч, Монгол Улсын Засгийн газар ч нэг завин дээр суусан аж. Нэг талдаа улс төртэй, нөгөө талдаа их зантай явсаар ирсэн энэ төслийг цаашид илүү бүтээлч болгох ёстой гэж тэр үзэж буй.
Энэ төсөл бол Монголын хамгийн том ажил олгогч, гадаадын хөрөнгө оруулагч, импортын хангагч болсон. Хүссэн ч, эс хүссэн ч энэ бол цагаан дээр хараар бичсэн баримт. Гэсэн атлаа 2017 оны долоодугаар сард болсон сонгуулийн үр дүнгээр Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болсноос хойш Рио болон Монголын төр хоорондын харилцаа хурцдах болсон. Асуудал популист чиг хандлагаар хурцдаж байж хооронд хоёр тал олон улсын арбитрын шүүхээр татварын маргаанаа эцэслэхээр болов. Одоо энэ асуудал дэнслэгдэхээ хүлээгээд Лондонгийн арбитрын шүүхэд байгаа. Харин Монголын парламент арай өөрийг сэтгээд 2009 онд байгуулсан Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг улсдаа ашигтайгаар шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлэх болов. Бүр парламентаас нь ч энэ асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулсан.
Рио Тинто-д юм уу, гуравдагч этгээдэд 34 хувиа худалдсан тохиолдолд “Оюу Толгой”-н өдөр тутмын үйл ажиллагааг удирдахад илүү хялбар болгох болно.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг
Байдал амаргүй байгаа. Энэ цаг үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхэм төслийг илүү үр дүнтэй, Монголын талд ашигтай байлгахын тулд эзэмшлийн 34 хувиа худалдах саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв.
“Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг хялбараар шийдэх ёстой гэсэн санааг дэмждэг. Миний бодлоор манай талаас хамгийн тохиромжтой хувилбар бол одоо эзэмшиж буй 34 хувийг “Рио Тинто” эсвэл өөр гуравдагч этгээдэд зарах ёстой. Дараа нь татварын зохицуулалтыг дахин тохирч, төрөөс татвар болон бусад байдлаар ашиг хүртэх боломжийг нэмэгдүүлэх нь зүй” гэж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ярьжээ.
Ер нь худалдах хувилбарыг яагаад ингэж сонирхох болов гэдэг сонирхолтой асуудал. Нэн түрүүнд Монгол Улс “Оюу Толгой” төслөөс ногдол ашиг авах асуудал хойшлогдсоор буй явдал. Бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж байгаа болон урсгал зардалтай холбоотойгоор Монгол Улс зэсийн томоохон төслөөсөө 2038 он хүртэл ногдол ашиг хүртэх боломжгүй бодит нөхцөл үүсээд байгаа юм. Өнгөрсөн жил Рио Тинто компани геологийн нөхцөл байдлаас шалтгаалан гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж, бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн тухай мэдэгдэв. Энэ мэдэгдэл тэртээ тэргүй улстөржилттэй байсан “Оюу Толгой” төслийг популистуудын бай болгож орхисон юм. Тийм ч учраас Оюу Толгой төсөлд Монголын талын үр ашгийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг УИХ-аас нь байгуулсан.
Рио Тинто компанийн одоогоос яг нэг жилийн өмнө Оюу Толгойн үнэ цэнийг 8.3 тэрбум ам.доллар гэж үзсэн. Хэрэв энэ мэдэгдлээс харвал Монгол Улсын эзэмшиж буй 34 хувь 2.8 тэрбум ам.доллар байна гэсэн үг.
“Оюу Толгой төслөөс 34 хувь эзэмшиж байгаа нь Монгол дахь бүх үл ойлголцол, улстөржилтийн үндэс болоод байна. Миний дээр хэлсэн Рио Тинто-д юм уу, гуравдагч этгээдэд 34 хувиа худалдсан тохиолдолд “Оюу Толгой”-н өдөр тутмын үйл ажиллагааг удирдахад илүү хялбар болгох болно. 2009, 2015 онд “Оюу Толгой”-н гэрээг үзэглэж байхад дийлэнх монголчууд Оюу Толгойг сайн зүйл гэж итгэж байсан. Гэвч популист улстөрчид, хэт үндсэрхэг үзэлтнүүд улс төрийн оноо авах хэрэгсэл болгосон. Одоо бүр Рио Тинто улс орныг цөлмөөд зугтаж байна гэж ярих болсон” гэж Ч.Сайханбилэг цааш ярьсан юм.
Монгол Улсын экс Ерөнхий сайдын байр суурь бол Монголд улс төрийн маргаан дээд цэгтээ хүрээд байхад буюу өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард өгсөн тайлбар. Одоо Ч.Сайханбилэг Хойд Америкт байгаа. Учир юу хэмээвээс түүнийг 2015 онд “Дубайн” гэж тодотгосон гүний уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж буруутган, мөрдөн шалгах ажиллагаатай үргэлжилж байгаатай холбоотой.
Түүгээр ч зогсохгүй түүний Засгийн газарт багтаж байсан, Оюу Толгой-н гэрээг байгуулахад оролцсон хамтран зүтгэгчдэд нь ял оноогоод байна. Тухайлбал Оюутолгойн захирлуудын нэг байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт шүүхээс ял оноожээ. Энэ үйл явдлыг Ч.Сайханбилэг хууль дээдлэх ёсыг ноцтой зөрчиж, засаглалын буруу хэлбэр рүү замнаж байгаа явдал гэж үзэж байгаа.
Монгол Улсын Засгийн газар ч тэр, Рио Тинто ч тэр нэг завин дээр сууж байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Тиймийн тулд хамтран ажиллахаас өөр арга байхгүй. Рио Тинто ч бардам зангаа гээж Засгийн газартай хамтран ажиллах хэрэгтэй.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг
“Яг одоо бол Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээг өөрчлөхийн тулд эхний ээлжид тухайн үед ажиллаж байсан улстөрчид, шинжээчдийг шоронд хорьж, болохгүй бол Рио Тинто-г Монголоос хөөж явуулна гэж бодож байгаа. Харамсалтай нь Рио Тинтогийн зүгээс Монголын төрийн шийдвэрийн дараа ямар нэгэн хариу үйлдэл үзүүлдэггүй. Монгол Улсын Засгийн газар ч тэр, Рио Тинто ч тэр нэг завин дээр сууж байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Тиймийн тулд хамтран ажиллахаас өөр арга байхгүй. Рио Тинто ч бардам зангаа гээж Засгийн газартай хамтран ажиллах хэрэгтэй. Ингэж байж улс төр арилж, Засгийн газар ч асуудалд үндэслэлтэйгээр ханддаг болно. Ерөнхийдөө Оюу Толгойг бизнес гэж харах ёстой байна” гэж Ч.Сайханбилэг ярьсан юм.
Угаасаа “Оюу Толгой” төслийн өмчлөлийн асуудал ихээхэн ээдрээтэй бүтэцтэй. Төслийн 34 хувийг Монгол Улс эзэмшдэг байхад 66 хувийг Канадын “Туркойз Хилл Ресурс” компани эзэмшдэг. Харин Рио Тинто компани “Туркойз Хилл”-ийн 50.7 хувийн хувьцаан дээр тулгуурлан “Оюу Толгой” дээр үйл ажиллагаа явуулдаг нэг ёсондоо оператор компани.
Рио Тинто компанийн одоогоос яг нэг жилийн өмнө Оюу Толгойн үнэ цэнийг 8.3 тэрбум ам.доллар гэж үзсэн. Хэрэв энэ мэдэгдлээс харвал Монгол Улсын эзэмшиж буй 34 хувь 2.8 тэрбум ам.доллар байна гэсэн үг. Харин 66 хувийг эзэмшдэг “Туркойз Хилл”-ийн зүгээс энэ үнэлгээ буурах магадлалтай гэж үзэж байгаа. Геологийн тогтоцоос шалтгаалан нөөц буурах, зардал нэмэгдэх эрсдэл байгаа нь үнэлгээ буурахад нөлөөлнө гэж үзэж буй ажээ.
Эх сурвалж: The Australian Financial Review
URL: