Тосонцэнгэл сумын хэмжээнд хорио цээрийн дэглэмийг чангатгалаа

tahalТосонцэнгэл суманд Тарваган тахлын сэжигтэй тохиолдол 2020 оны есдүгээр сарын 03-ны өдөр бүртгэгдсэн. Тэгвэл уг сэжигтэй тохиолдлоор эмчлүүлж буй иргэн 38 настай Б-ийн “PCR” нарийвчилсан шинжилгээний хариу “эерэг” гарчээ. Өөрөөр хэлбэл, тарваган тахал өвчин мөн болох нь батлагдаад байна.
Үүнтэй холбогдуулан Тосонцэнгэл суманд Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Зоонозын өвчин судлалын төв, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран хорио цээрийн дэглэмийг чангатган ажиллаж байна.

Хөл хориог өнөөдрийн 00:00 цагаас есдүгээр сарын 11-ний 23:59 цаг хүртэл тогтоожээ. Хорио цээрийн дэглэмийн хугацаанд тус сумын төвийн худалдаа үйлчилгээний байгууллагууд, бөөний төв, рестораныг 10-18 цаг хүртэл ажиллуулж, архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглолоо.

Мөн сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн үйл ажиллагааг энэ сарын 07-ны өдрөөс есдүгээр сарын 11-ний өдрийг дуустал зогсоож, тоглоомын талбай, олон нийтийн газруудад иргэдийг олноор бөөгнөрөл үүсгэхгүй байх, сумаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Эмчлүүлж буй эрэгтэй Б нь наймдугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум буюу голомттой газраас тарвага авч, өвчиж, чанаж иджээ. Тухайн өвчтөнд халуурах, зүүн гарын булчирхай цочиж 1.5-2 см хэмжээтэй томорсон зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Тиймээс ойрын хавьтлын 25 хүнийг тусгаарлан, эмчилгээнд хамруулаад байгаа аж. Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд байна. Нэгдүгээр хавьтлын 25 хүнийг МСҮТ- ийн дотуур байранд шилжүүлэн тусгаарлаж эмнэлгийн тогтмол хяналтанд авч, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн газар, Онцгой байдлын алба хаагчид хяналт тавьж хэв журмыг сахиулан ажиллаж байна.


URL: