Бейрут: Эсэргүүцэгчид Парламентын ордон руу дайрчээ
Ливаны нийслэл Бейрут хотод эсэргүүцлийн давалгаа дахин дэгдлээ. Эсэргүүцэгчид шинэчлэлт шаардан парламентын ордон руу дайрсан байна. Цагдаагийнхан жагсагчдыг зогсоос гэснээс үүдээн мөргөлдөөн гарч, эмх замбараагүй байдлын үеэр 20 гаруй хүн гэмтэж бэртжээ.
Ийнхүү эсэргүүцэгчид үймээн дэгдээж байх зуур Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Бейрутад айлчлан, Ливаныг дэмжих бага хурлыг Парист зохион байгуулах санал тавьсан байна. Вести агентлагийн мэдээлснээр, 12 дугаар сараас өмнө Ливанд шинэчлэлт хийхгүй бол тус улс олон улсаас ирэх тусламжийг авах боломжгүй болно гэдгийг Макрон цохон тэмдэглэжээ.
Эргэн сануулахад, наймдугаар сарын дөрөвний өдөр Ливаны нийслэл Бейрут хотын боомт дээр тэсрэх бодис дэлбэрсний улмаас тус хотын барилга байгууламжийн тал орчим хувь нь сүйтгэгдэн, 157 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Энэ үйл явдалд эрх баригчдыг буруутган ливанчууд эсэргүүцлийн жагсаал хийн, улмаар энэ нь эмх замбараагүй байдал болон өрнөж байлаа. Эсэргүүцлийн ажиллагааг тухайн үед нь намжаасан ч хүчнийхэн болон эсэргүүцэгчдийн хооронд хэдэнтээ мөргөлдөөн гарч байсан юм. Жагсагчид Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдыг огцрох, ээлжит бус сонгууль явуулах, Бейрутын боомтод гарсан дэлбэрэлтийг үнэнч шударгаар мөрдөн шалгахыг шаардаж байв.
Г.Бямбасүрэн
URL: