The New York Times: Өвөр Монголчууд эх хэлнийхээ төлөө тэмцэж байна

nono_b

Эх хэлнийхээ төлөө тэмцэж буй өвөр монголчуудын тэмцлийн талаар The New York Times “Монгол хэлийг заахад хязгаарлалт тавьсан нь Хятадад томоохон эсэргүүцлийг өдөөв” нэртэй нийтлэл гаргажээ. Энэ нийтлэлийг товчлон хүргэе. 

Хятадын хойд хэсэгт Өвөр Монголын олон мянган оршин суугч сургуульд хятад хэл зааж, төрөлх хэлийг нь хязгаарлах шинэ бодлогыг эсэргүүцэхээр цугласан бөгөөд ийнхүү олноор цугларсан нь захын энэ бүс нутагт нэн ховор үзэгдэл гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж байна.

Өвөр Монголын бага болон дунд сургуулиудад монгол хэлийг аажмаар хятад хэлээр солих боловсролын бодлого энэ зун нийтэд ил болсон бөгөөд үүнийг эсэргүүцэн өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн өвөр монголчууд жагсаж эхэлжээ.

Эх хэлээ соёлын ижилслийн тэсч үлдсэн сүүлчийн зүйлсийн нэг гэж үздэг угсаатны монголчуудын хувьд дээрх бодлого байж болшгүй санагдсан юм.

“Монголчууд бид бусадтай адилхан л үндэстэн. Хятад хэлийг сургуульд заахыг бид хүлээн зөвшөөрвөл манай монгол хэл мөхнө” хэмээн Өвөр Монголын Шилийн хотын оршин суугч 39 настай Дагула ярилаа.

Олон нийтийн сүлжээнд байршуулсан эсэргүүцлийг харуулах гэрэлл зургууд дээр эцэг эхчүүд болон сурагчид сургуулиудын гадна цуглан, дуулж, эрх баригчдын өмнө уриа лоозон барин тайван жагсаал хийх аж. Нэг дүрс бичлэг дээр нэгэн эмэгтэй сурах бичгийн хуудсуудыг эргүүлэн, монгол хэлээр бичигдсэн хуудас байхгүйг шүүмжлэх аж. Харин өөр нэгэн бичлэг дээр оюутнууд “Монгол хэл бол бидний төрөлх хэл! Бид үхэн үхтлээ монгол байх болно” хэмээн хашгирч байх юм. Түүнчлэн гарын үсэг зурж, хурууны хээгээ тамгалсан өргөдлийн гэрэл зураг цахим ертөнцөөр хурдацтай тархаж байна. Харин даваа гаригийн үд дунд гэхэд Хятадын олон нийтийн сүлжээнээс энэ эсэргүүцлийн талаарх ихэнх постууд устсан бөгөөд цаанаасаа цензур тавин ийнхүү устгасан бололтой.

Боловсролын шинэ бодлогын дагуу сургуулиудад Засгийн газраас боловсруулан, дэмжсэн хятад хэл дээрх сурах бичгээр хичээл орох бөгөөд энэ нь дунд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг стандартчлах Засгийн газрын сүүлийн жилүүдэд гаргаж буй ихээхэн хүчин чармайлтын нэгээхэн хэсэг юм. Хэдийгээр монгол хэлийг урьдын адил сургуулиудад заах хэдий ч ихэнх сургуульд монгол хэлний үүрэг ихээхэн буурах аж.

Даваа гаригийн өглөө Өвөр Монголын Боловсролын хэлтэс эцэг эхчүүдийг тайвшруулах үүднээс хэл уран зохиол улс төр, түүх гэсэн ердөө гурван хичээлийг л монгол хэлээр заахгүй, бусад хичээлүүд монгол хэлээр, урьдын адил цагаар орно хэмээн мэдэгджээ. “Өмнө нь байсан, хоёр хэл дээр боловсрол олгох тогтолцоо өөрчлөгдөөгүй” хэмээн тэд онцолсон байна.

Хэдийгээр ийм тайлбар хэлсэн ч өвөр монгол эмэгтэй Дагула бусад эцэг эхчүүдийн хамтаар энэ долоо хоногт хичээл эхлэхэд хүүхдүүдээ сургуульд явуулахгүй, эсэргүүцэлд нэгдэнэ гэдгээ илэрхийлэв. Саяхан тэдний гэрт нутгийн удирдлагын газрын төлөөлөгчид ирж, хүүхдүүдээ сургуульд нь явуулахыг ятгасан ч гэлээ Дагула дээрх шийдвэрээсээ буцахгүй гэнэ. “Зурагт асаангуут бүх суваг хятад хэл дээр, хүүхэлдэйн кино ч хятад хэлээр гардаг. Манай хүүхдүүд хятад хэл сурахгүй байгаад бид санаа зовних ёсгүй” хэмээн Дагула ярилаа.

Олон жилийн туршид Хятадын Коммунист нам угсаатны цөөнхүүд, тэр дундаа төвд, уйгуруудад хэл, соёлоо хадгалах автономын тодорхой эрх өгч улс төрийн хяналтанд байлгахад чиглэгдсэн бодлого хэрэгжүүлж байгаа юм. Гэхдээ 2012 онд Ши Жинпин Коммунист намын дарга болсноос хойш угсаатны цөөнхүүдийг хүн амын 91  гаруй хувийг эзлэх хан үндэстний соёлд уусгахад чиглэгдсэн ажлаа Коммунист нам улам эрчимжүүлсэн юм.

Энэ бодлого нь хан үндэстний үндсэн голдиролд нэгдэх явцыг нь хөнгөвчлөхөд угсаатны цөөнхүүдэд тустай гэж эрх баригчид мэдэгддэг. Угсаатны цөөнхүүдийн зарим эцэг эхчүүд сургуульд хятад хэл заах болсныг дэмжиж байгаа бөгөөд ингэснээр хүүхдүүд нь Хятадын их дээд сургуульд элсэн орж, Хятадын эдийн засгийн өрсөлдөөн дунд ажил олоход дөхөм болно гэж үзэж байгаа юм.

Гэхдээ шинэ бодлого нь үндэстний цөөнхийн язгуур соёл, ижилслийг хурдан устгана гэж өвөр монголчууд санаа зовниж байна. Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн өгүүлснээр, ийнхүү өрнөж буй эсэргүүцлийн жагсаал нь 2011 онд хоёр өвөр монголыг хятад жолооч нар дайрч хөнөөсний дараа болсон эсэргүүцлээс хойш энэ нутагт гарч буй хамгийн том эсэргүүцлийн ажиллагаа гэнэ.

“Бидний амьдралын хэв маяг хэдийнэ устсан. Одоо бидэнд монгол хэл л үлдсэн. Энэ бол Монгол үндэсний ижилслээс үлдсэн цорын ганц билэг тэмдэг юм. Тиймээс л монголчууд энэ бодлогыг эсэргүүцэн тэмцэж байна” хэмээн Нью Иорк хотод төвтэй “Өмнөд монголын хүний эрхийн мэдээллийн төв”-ийн захирал Т.Энхбат өгүүлэв.

Боловсрол, хэлний салбар дахь засгийн газрын бодлогыг эсэргүүцэх нь эрх баригчид улс төрийн хувьд эмзэг гэж үздэг бүс нутгуудын хувьд ихээхэн эрсдэл дагуулсан үйлдэл байж мэдэх юм.  2018 онд төрөлх хэлээ хадгалж үлдэхийн төлөө зогссон Төвдийн бизнесмен Таши Ванчук The New York Times сонинд ярилцлага өгснийхөө дараа шүүхээр шийтгэгдэн, таван жилийн хорих ял авч байв.

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/522095


URL: