Оюутолгойгоос ирэх онд 500-550 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ гэж тооцжээ

Media_Release_Central_Heating_Plant_2

 “Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг, Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise hill resources” компани ирэх жилийн алтны үйлдвэрлэлийн төлөвөө нэмэгдүүлсэн талаар цахим хуудсандаа мэдээлэв. Мөн “Оюутолгой” төслийн шинэчилсэн техникийн тайланг (2022-2028 он хүртэлх зэс, алтны үйлдвэрлэлийн төлөв, мөнгөн хөрөнгийн урсгал зэргийг тусгасан) бэлэн болгосон гэв. Хүдрийн агуулга нэмэгдэхтэй холбоотойгоор Оюутолгойн уурхайгаас 2021 онд 500-550 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн тооцоолжээ.

Өмнө нь дээрх тоог 450-500 мянган унци байна хэмээн төсөөлж байсан юм. Ташрамд дурдахад, “Оюутолгой” компани хоёрдугаар улиралд 36 495 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс долоон хувиар бага үзүүлэлт болсныг мэдээлж байв. Тээрэмд хуваарьт засвар хийсэн нь үүнд голлон нөлөөлсөн аж. Тус компанийнхан энэ онд 140-170 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэхээр төлөвлөж буй. Тэгвэл алтны үйлдвэрлэлийн төлөвөө 120-150 мянган унциас 155-180 мянга болгон өсгөсөн билээ.


URL: