Хагас нүцгэн хаан

detail_3214fa8af1e76e33c38a57332ae4b15d-Картын өр, хэдэн арван татвар эмс, тансаг үдэшлэг гээд Тайландын удирдагч хэрхэн амьдардаг тухай-

56 тэрбум еврогийн хөрөнгөтэй Тайландын одоогийн хаан Маха Вачиралонгкорныг дэлхийн хамгийн баян хаадын нэгд тооцдог. Тэрбээр хаан ширээнд залрахаасаа нэлээд эртнээс сонин хэвлэлийн бичих дуртай хүний нэг болсон юм. Дэлхийн хэвлэлүүдэд түүний нүсэр их найр хурим, дуулиантай салалт, шуугиант үдэшлэг, этгээд сонин үйлдлүүдийн тухай мэдээллийг цаг алдалгүй мэдээлсээр байлаа.

Жишээ нь гэхэд коронавирусийн ид дэгдэлтийн үеэр хаантан төрөлх вант улсаасаа Герман руу нисч, тэндээ 20 татвар эмээрээ тойруулсан дээд зэрэглэлийн цанын амралтын газарт өөрийгөө тусгаарласан гэдэг. Дэлхийн хамгийн хачирхалтай хаадын нэг Тайландын хааны тухай мэдээллийг Лента.ру-д ингэж бичжээ.

“Чакри гүхний 10 дахь хаан эмх замбараагүй байдлыг авчирч, улс орныг мөхөөнө” гэж эртний тай зөгнөлд бичсэн байдаг аж. Тэгвэл 10 дахь хаан нь Маха Вачиралонгкорн байдаг таардаг юм.

Хэдийгээр Тайландад хааны үүрэг нь ёслол төдий боловч ард түмэн нь түүнийг хайрлаж, хүндэтгэх ёстой. Үүнийг нь эрх баригч хаант засаглалаа доромжлохыг хориглосон, хэдэн мянган жилийн уламжлалтай дэлхийн хамгийн хатуу чанд хуулиар нь тайлбарлаж болно. Гэхдээ сүүлийн 10 жилд тайландуудын олонх нь Вачиралонгкорн л биш бол өөр хэн ч хаан болсон яах вэ гэж мөрөөддөг болжээ.

70 жил улс орноо удирдсан эцэг Пумипон буюу IX Рама хааны нэр хүнд хязгааргүй их, үндэсний аврагч хэмээн тооцогдож байхад хүү Вачиралонгкорн нь залуугаасаа омголон ширүүн, сагсуу, дээр нь хүүхнүүдийг уургалан татагч байсан юм.

Угсаа залгамжлагч хунтайжийг эмэгтэй хүнээс татгалзсан хариу сонсохыг тэвчдэггүй эр гэсэн алдар нэр хүртэл дагажээ. Хэрвээ тэр таалагдсан эмэгтэйгээ таваас илүү секунд ширтэх л юм бол удалгүй түүний туслахууд нь өнөөх бүсгүй дээр очиж, угсаа залгамжлагчийн өрөөгөөр орохыг хичээнгүйлэн гуйдаг гэдэг.

“Стринг дотуур хувцастай гүнж өвдөглөн сууж, пудельтэй нь нэг тавагнаас бялуу идэж байв”

Одоогийн хаан дөрвөн удаа гэрлэж, гурван удаа салсан юм. Анхны удаа түүнийг Соамсавали хэмээх хамаатан байсан юм. Тэр тарган, намхан бүсгүй байв. Хүчээр гэрлүүлсэн ч хүүхэмсэг хунтайж номхорсонгүй. Хэдийгээр энэ гэрлэлт цаасан дээр дараа дараагийн гэрлэлтүүдээсээ илүү удаан үргэлжилсэн ч Маха эхнэртэйгээ бараг хамт амьдраагүй юм. Тэрбээр бараг хуримынхаа дараа л жүжигчин Ювадхидаг өөртөө ойртуулж, таван хүүхэдтэй болжээ.

Анхны эхнэр нь салснаасаа хойш гүнж хэргэмээ үлдээж, ордны дэргэд амьдрах болсон юм. Угсаа залгамжлагч хунтайж нууц амрагтайгаа гэрлэсэн боловч Ювадхида Тайландаас хүүхдүүдээ аваад зугтсан гэдэг. Харин угсаа залгамжлагч хунтайж Ювадхидаг агаарын цэргийн маршалтай өөрийг нь араар нь тавьсан гэж буруутгаж, бүх ЭСЯ, Бангкокийн хэвлэлүүдэд хоёр дахь эхнэрийнхээ нүцгэн зургийг илгээжээ.

Хунтайж хагас нүцгэн хүүхнүүдтэй бааранд үзэгдэх нь ихэссэн бол албан ёсны арга хэмжээн дээр хуучин эхнэр Соамсавалигаа дагуулан явдаг байлаа. 2001 онд Тайландын хаан ширээ залгамжлагч хунтайж дахин гэрлэв. Энэ удаад түүний сонгосон бүсгүй нь үйлчлэгч байсан бөгөөд гэрлэснээсээ хойш Срирасми Сувади гүнж гэж нэрийдэх болжээ.

Энэ үед хэвлэлүүдээр хунтайжийг нохойныхоо төрсөн өдрөөр хүлээн авалт хийж байгаа бичлэгүүдийг цацсан нь ордонд нэлээд дуулиан тарьсан юм. Уг бичлэг дээр гүнж стринг дотуур хувцаснаас өөр юу ч үгүйгээр Вачиралонгкорны суудлын дэргэд өвдөглөн сууж, пудельтэй нь хамт нэг тавагнаас баярын бялуу идэж байлаа.

Фу-фу нэртэй энэ пудель нохойг хунтайж 1998 онд авсан юм. Нохойндоо китель оёулж, нисэх хүчний маршалын цол хэргэм хүртэл олгож байлаа. 2015 онд нохой нь үхэхэд Маха Вачиралонгкорн дөрвөн өдрийн гашуудал зарлаж, хүндэлтгэлтэйгээр оршуулсан байдаг.

Срирасми Сувади гүнжийн тэвчээр тусаа өгсөнгүй. 2014 онд тэд салцгаажээ. Угсаа залгамжлагч хунтайж хуучин эхнэрийнхээ бүх цол хэргэмийг хурааж, хүүтэйгээ уулзахыг нь хүртэл хориглосон аж.

Таван жилийн дараа, эцгийгээ таалал төгссөний дараа Вачиралонгкорн дахин гэрлэсэн юм. Энэ удаад түүний сонгосон бүсгүй нь онгоцны үйлчлэгч Сутхида. Дэлхийн хэвлэлүүдээр шинэ сонгосон бүсгүй нь суудал дээрээ тухлан буй эр нөхрийнхөө дэргэд хэвтсэн зураг өчнөөн явсан.

Хуримаас хойш хэсэг хугацааны дараа Х Рама Нирамон Оунпром хэмээх албан ёсны амрагтай болж, түүндээ агаарын цэргийн хүчний ерөнхий маршал цол олгожээ. Энэ харилцаа ч удаан үргэлжлээгүй, 2019 оны 10 дугаар сард тэрбээр албан ёсны татвар эмээ хэтэрхий их амбицтай, талархах сэтгэлгүй хэмээн хөөжээ.

Гангстер-хунтайж

Хэвлэлүүдээр Вачиралонгкорны өөр нэгэн мэдээллүүд ч цацагдаж байсан юм. 1980-аад оны эхээр хунтайжийг нэр хүнд муутай бизнесмэн найзуудтайгаа байгаа зургийг тавьжээ. Ард түмний дунд ирээдүйн удирдагч “гангстер-хунтайж” нэр авч, түүнийг зарц, татварууддаа харгис хэрцгий ханддаг гэх болов.

Пумипон хаан хүүгийнхээ ааш аягийг зөөлрүүлэх гэж оролдож, үр өгдөг төсөв мөнгөө хүртэл хасаж байсан удаатай. Гэвч энэ бүгд тусаа өгсөнгүй. Тайландын Ерөнхий сайд нар үе үе солигдохдоо ирээдүйн хаантанд долигонож, газар, мөнгө, цол хэргэм бэлэглэж, картын асар их өрийг нь хүртэл төлж өгч байлаа. Тэр бүр F-16 загвар онгоцтой болж, агаарын цэрэг, флот, армийн маршал хүртэл болж байв.

Тухайн үед хаантан хүүгээ АНУ руу цэргийн нисгэгчээр сургахаар явуулжээ. Ниснэ гэдэг ирээдүйн хааны хувьд бас нэгэн сонирхол нь. Хүүгээ АНУ-д сурч дууссаны дараа Их Британийн Хааны батлан хамгаалах коллеж руу хүртэл явуулжээ. Анхандаа Вачиралонгкорн муугүй сурч байсан боловч удалгүй дуулиант үдэшлэг наадамд толгойгоо мэдүүлжээ.

Гэртээ эргэн ирсэн Вачиралонгкорн бас л эх захгүй амьдралаа үргэлжлүүлэв. Тэрбээр Их Британид байдаг “Тайландын вант улс” ресторанаас хоолоо захиалж, Тайландын агаарын тээвэр хоолыг нь хүргэдэг болов. Ирээдүйн хаан пиццаг зөвхөн Италиас захиж авчруулна.

Угсаа залгамжлагч хунтайж Европын хотуудаас Мюнхенд хамгийн их дуртай. Энд тэрбээр Штарнбергер-Зее нуурын дэргэд 12 сая долларын үнэтэй шилтгээн авч, 200 мянган доллараас давсан үнэтэй тансаг автомашинуудаар гараашаа дүүргэжээ. Эдгээр машинуудын зураг Германы хэвлэлүүдээр үе үе гардаг.

pic_34950f9d6c94e5cbcf9018f3a32f48b9 Хагас нүцгэн хаан

2016 оны 07 сард Вачиралонгкорн Баварын нийслэлд Boeing 737 онгоцноос хагас нүцгэн бууж иржээ. “Тайландын угсаа залгамжлагч хунтайж ингэж харагдсаныг төсөөлөх ч аргагүй. 63 настай эр доор суудалтай жийнсэн өмд, богино майк өмсөж, биеийнхээ хамаг шивээсийг ил гаргасан бөгөөд задгай сандааль өмссөн байлаа. Гартаа цагаан пуделиэ тэвэрсэн байх аж. Түүний дээгүүрх хувцас яг л олон тооны шивээсээ үзүүлэхийн тулд амраг бүсгүйнхээ хувцасны шүүгээнээс хулгайлсан мэт харагдаж байв. Тэр амраг нь ч мөн ёс дүрмээс гажууд хувцаслаж, тод өнгийн топ, нарийхан жийнс, өндөр өсгийт өмсчээ” хэмээн Германы хэвлэлд тухайн үед бичжээ.

Удалгүй Маха болон эхнэр нь шоппинг хийхээр ирсэн болох нь тодорхой болжээ. Хосыг хунтайжийн хамгаалалтын 30 хүн байнга дагалдана.

Ирээдүйн төрийн тэргүүний ийм этгээд зураг дэлхийн хэвлэлээр нэг тархсан бол Тайландад үүнийг бараг мэдээгүй юм. Нисэх буудлаар зугаалж яваа энэ зургийг нь Тайландын Facebook-т хаажээ. Тайландын Засгийн газар энэ бичлэгийг хааныг нь доромжилсон, хаанаа шүүмжилж болохгүй гэсэн хуульд харш гэж үзсэн байна.

Гэсэн хэдий ч жилийн дараа Маха хаан болчихоод Мюнхенд бас л ийм байдалтайгаар ирсэн юм. Вант улсаас Facebook-т энэ постыг бүгдийг нь устгахыг шаардсан боловч аль хэдийнэ хэдэн сая хүн үзээд амжчихжээ.

Тансаг хөл хорио

Вачиралонгкорны эцэг хүүгээ хаан ширээнд суугаад ухаажиж томоожно гэж эцсээ хүртэл найдаж байлаа. Х Рамагийн хаан ширээнд залрах ёслол эцгийг нь таалал төгссөнөөс хойш 3 жилийн дараа, 2019 оны 05 сард болсон байна. Шинэ хааны хамгийн эхэнд хийсэн зүйл нь дахин гэрлэж, хуульдаа өөрчлөлт оруулаад, татвар эмстэй болох албан ёсны эрх олж авчээ.

Үүнээс гадна тэрбээр санхүүгийн салбарын хяналтаа чангатгаж, хааны хөрөнгийг удирдах товчоонд нэвтрэх боломжтой болсон байна. 30 тэрбум долларын хөрөнгөтэй энэ товчоонд орж санаснаа биелүүлснийхээ дараа Тайландын хаан Европ руу гарчээ.

Цар тахлын ид үед Маха Вачиралонгкорн Баварын нэгэн амралтын газарт 20 татвар эмтэйгээ хөл хорионд оржээ. Үүний тулд тэрбээр тусгай зочид буудал түрээслэн авсан байна. Ингээд хаантай холбоотой хүмүүсээс бусдад зочид буудлыг хаажээ.

Штарнбергер-Зее нууранд тухалсан хаантан хэдэн эмсийнхээ хамт хоёр ресторанаар үйлчлүүлж, гольфын талбай дээр тоглож, дээвэртэй усан бассейнд сэлж, спа салон, баар, кафе, лаунжид орж байлаа. Хаантан зөвхөн Бавараар хязгаарласангүй. Хувийнхаа онгоцоор Гамбург руу нисэж байв.

Вачиралонгкорныг дагуул хүүхнүүдтэйгээ Германд амарч байх хооронд эхнэр нь Швейцарийн тансаг зочид буудалд тухалж байв. Эрх баригч гэр бүлийнхний ийм хөл хорио тайландуудын олонхын дургүйг хүргэсэн юм. Хэдийгээр тус улсад хаанаа шүүмжлэхийг хориглодог, 15 жилийн ял оноодог ч албатууд нь дургүйцлээ Twitter-ээр дамжуулан илэрхийлж байлаа.

Тайландын хааны эдгээр этгээд хачин үйлдлээс болоод албатууд нь хаант засаглалыг эсэргүүцэж, бүгд найрамдах засаглал руу тэмүүлэхэд хүргэнэ гэж шинжээчид үздэг аж.

lenta.ru


URL: