Беларусийн үймээн Украиныг түгшээсэн нь

712-15985863835f487ea075518Беларусьт гэнэт дэгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөн нь Оросоос дутахгүйгээр Украиныг түгшээх боллоо. Москватай сөргөлдөж буй Киевийн хувьд Беларусийн төвийг сахисан байр суурь нь тун хэрэгтэй байсан. Донбассын асуудлаарх хэлэлцээний талбар нь Минск болж, Лукашенко украинчуудын дунд хамгийн нэр хүндтэй улстөрчдийн нэг хэвээр байна. Ийм учраас Беларусийн хямрал нь Украины дотоодод өрнөж буй улс төрийн маргаан мэтгэлцээний гол сэдэв болж хувирлаа. Ерөнхийлөгч Зеленский Баруунтай тогтоосон эв нэгдэл, ардчиллын үнэт зүйлс ба Лукашенког огцруулахад хүргэж болзошгүй Оросын оролцооноос болгоомжлох гэсэн хоёр зүйлийн дотроос яггүй хүнд сонголт хийх хэрэгтэй болжээ. Ийм дүгнэлтийг Москва дахь Карнегийн төвийн шинжээч Константин Скоркин хийснийг товчлон хүргэе.

Лукашенко бол Украины баатар
Украины олон нийтийн дунд Лукашенкогийн нэр хүнд үргэлж л өндөр байсаар ирсэн. 2019 оны 11 дүгээр сард түүний нэр хүндийн чансаа 66 хувьтай байсан нь Зеленскийтэй ойролцоо гэсэн үг. Бусадтай энгийн хээгүй харьцдаг, албан тушаалтнуудыг олны өмнө шүүмжилдэг гэдгээр нь дөнгөж ерөнхийлөгч болоод байсан Зеленскийг Лукашенкотой зүйрлэж байв.
Беларусь улсад Зөвлөлт маягийн хэв загварыг хадгалж үлдсэн, бүхнийг захирагч олигархууд төрөн гараагүй, байдал тогтвортой зэрэг нь украинчуудын анхаарлыг татсаар ирсэн. Үүний зэрэгцээ Лукашенкогийн овсгоолог байдал нь украинчуудад таалагджээ. Хэдийгээр эдийн засгийн хувьд Оросоос хамаардаг боловч Лукашенко гадаад бодлогодоо бие даасан байдлыг хадгалж чадсан хүн. Тухайлбал, Гүрж, Украины хямралын үеэр төвийг сахисан байр суурь баримталж байв. Мөн коронавирусийн цар тахлын үеэр онцгой хатуу арга хэмжээ авахаас татгалзсан нь хөл хорионоос залхсан украинчуудын дунд түүний нэр хүндийг улам өргөж өглөө. Харин Беларусьт бол Лукашенко цар тахалд хайхрамжгүй хандсан нь одоо өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөнийг өдөөсөн шалтгаануудын нэг мөн.
Хэрвээ Леонид Кучма бүрэн эрхийн хугацаагаа хязгааргүйгээр сунгаж, хувьсгалаас зайлсхийж, жирийн ард иргэдийн төлөө санаа тавьж, Орос ба Барууны хооронд маневр хийсээр байсан бол украинчуудын хувьд Беларусь нь тэдний түүхийн нэгэн хувилбар болох байлаа. Тэгээд ч аж ахуйн ажилтан Кучма украинчуудын хамгийн хайртай ерөнхийлөгч нь байв.
Харин Украины үндэсний ардчилсан үзэлтнүүдийн хувьд, Лукашенко бол аль хэдийнээс л Москвагаас хамааралтай, захиргаадалтын дэглэмийн биежсэн хэлбэр байсан. 2004 оны анхдугаар Майданы хөдөлгөөний үеэр “өнөөдөр Киев, маргааш Минск” хашгиралдаж байсан билээ. Гэсэн хэдий ч Беларусийн ерөнхийлөгч элдэв хувьсгалгүйгээр улс орныхоо бүрэн эрхт байдлыг хадгалж чадаж байгаа нь олон украинчуудад таалагддаг.
Украины хувьд Лукашенко бол худалдааны, улс төрийн зуучлалын тун тохиромжтой хөрш нь юм. Оростой сөргөлдсөний дараа Донбассын асуудлаарх энхийн хэлэлцээний талбар нь Минск болсон билээ. Киев, Москвагийн хоорондох агаарын тээврийн харилцаа Минскээр дамжин үргэлжилсээр.
Ийм учраас өнгөрсөн сонгуулийн кампанит ажлын үеэр украинчууд Беларусийн ерөнхийлөгчид талтай хандаж байв. “Вагнер”-ын хөлсний цэргүүдийг баривчилсан Лукашенког магтан сайшааж, Украины шилдэг сэтгүүлч Дмитрий Гордон түүнээс ярилцлага авч, ерөнхийлөгч Зеленский Беларусьт айлчилна гэдгээ мэдэгдэж байлаа.
Шүтээн нуран унасан нь
Гэтэл Беларусьт дэгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөний цар хүрээ, цагдаа нар хүч хэрэглэсэн явдал нь Украины улстөрчдийг мухардалд оруулав. Асуудлыг хурцатгахаас ямагт зайлсхийх тактиктаа үнэнч хэвээр буй Зеленский эхэндээ яриа хэлцээ хийх, хүчирхийллээс татгалзахыг нэг л ойлгомжгүй байдлаар уриаллаа.
Ерөнхийлөгчийг дэмждэг “Ард түмний зарц” намынхан дотроо Беларусийн үйл явдлын талаар санал зөрөлджээ. Зарим депутатууд эсэргүүцлийг дэмжиж байгаа бол зарим нь Лукашенкод баяр хүргэсний сацуу жагсагчдад хатуу ширүүн хандсаныг нь зөвтгөж байна. Тус намын доторх Коломойн фракцийн удирдагчдын нэг Дубинский бичихдээ “хууль бус үйлдэлд хуулийн дагуу хариуг нь өгөх хэрэгтэй” гэжээ. Америкийн хууль шүүхтэй холбогдсон Зеленскийн асуудал улам ээдрээтэй болох тусам тус фракцийнхны барууны эсрэг консерватив үзэл бодол нь улам лавширч байна.
Үндэсний эх оронч үзлийг баримталдаг Порошенкогийн намынхан Путиний эсрэг, Оросын эсрэг уриа лоозонгүйгээр өрнөж буй Беларусийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг төдийлөн хүчтэй дэмжихгүй байна. Порошенко өөрөө Лукашенкод хандан, дахин сонгууль явуулахыг уриалжээ.  Сонирхолтой нь, 2019 оны сонгуулийн үеэр Лукашенко Порошенког дэмжиж байсан бөгөөд энэ нь Зөвлөлтийн дараах үеийн элитүүдийн эв нэгдлийг илэрхийлсэн хэрэг байв.
Эсэргүүцлийн жагсаал ба Тихановская бол “орос төсөл” мөн гэж нийгмийн сүлжээн дэх “жирийн эх орончид” үзэж байгаа бол Порошенкогийн намын удирдлага албан ёсоор Беларусийн эсэргүүцлийн хөдөлгөөнийхнийг дэмжиж байгаа нь Зеленскийг өөлөх шалтаг л хайж буй хэрэг.
Лукашенко бол шоовдорлогдсон хүн
Эхэн үедээ Беларусийн талаарх Зеленскийн болгоомжлонгуй хандлагыг Украины дотоодод шүүмжилж байсан боловч түүний энэ байр суурийг зөвтгөж болохоор. Саяхан л холбоотон байсан улсаас, тэр тусмаа Донбассын хэлэлцээний талбар болж байсан улсаас холбоогоо тасална гэдэг бол тийм ч амар хэрэг биш.
Түүнээс гадна, эсэргүүцлийн ажиллагаа нь Лукашенког Москвагаас бүрэн хамааралтай болгож мэднэ хэмээн Киев болгоомжилж байгаа юм. Энэ тохиолдолд Украин геополитикийн бүслэлтэнд орно. Түүнээс гадна, Украин бол Оросын дараа орох Беларусийн гадаад худалдааны түнш учраас эдийн засгийн шалтгаан ч бий.
Гэсэн хэдий ч Беларусийн хямрал хурцдахын хэрээр юу ч болоогүй юм шиг тус улстай харилцаагаа үргэлжлүүлэх нь Киевийн хувьд боломжгүй болж байна.
Киев, Минск хоёрын харилцаа таагүй болох эхлэлийг Лукашенко өөрөө тавьсан юм. Эсэргүүцэгчдийн шахалтын дор тэрбээр үзэл баримтлалаа явдал дундаа өөрчилж, шинэ Речь Посполита-г /Украиныг оролцуулаад/ түрэмгийлэгч гэж нэрлэв. Лукашенко мэдэгдэхдээ “Литва, Латви, Польш гурав манай баруун хил дээр цэргийн хүчээ зузаатгаж байна.
Харамсалтай нь, манай дотны анд Украин хүртэл шинээр сонгууль явуулахыг бидэнд зааж зааварлаж байна” гэжээ. Үүний сацуу тэрбээр баривчлагдсан вагнерчуудыг /Донбассын тулалдаанд оролцож байсан/ Украинд шилжүүлэн өгөхөөс татгалзаж, тэднийг Орос руу буцаалаа. Зеленскийтэй уулзах үеэрээ Лукашенко үүнээс өөр хувилбарын талаар ярьж байсан юм.
Лукашенко засгийн эрхийг цаашид барих магадлал буурах тусам Киевийн эрх баригчид муу түншээсээ салахын түүс болж байна. Беларусийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, тус улсын албан тушаалтнуудын эсрэг хориг хэмжээ авна гэсэн Европын Холбооны Гадаад хэргийн сайд нарын бага хурлын шийдвэртэй санал нэг байгаагаа Украины ГХЯ болгоомжлонгуй байдлаар илэрхийллээ.  Одоохондоо Украин улс хориг арга хэмжээнд нэгдэхээс түдгэлзээд байгаа юм.
Украинчуудын хувьд Беларусиар бахархдаг үе өнгөрч байх шиг. Гайхамшиг тохиож Лукашенко засгийн эрхэнд үлдлээ гэхэд тэрбээр хүчний байгууллагынхнаас хамаарсан, Европт ганцаардсан дарангуйлагч болно. Харин барууны дэмжлэгт найдаж буй Украин улс Лукашенкогийн дэглэмээс зайгаа барьж, Беларусийн эсрэг хориг арга хэмжээнд нэгдэж ч магадгүй.
Минскийн хэлэлцээнд Украины төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож буй Леонид Кравчук уг хэлэлцээг Швед зэрэг амгалан тайван улсад шилжүүлэн хийх талаар яриад эхэлжээ. Лукашенкогийн засаглал нуран унах нь Украины хувьд олон үл мэдэгчтэй тэгшитгэл мэт болоод байна. Түүнийг явсны дараа засаглалын хоосон орон зайг хэн ч эзэлсэн байлаа гэсэн /Оросын тал баримтлагч эсвэл Европын тал баримтлагч/ Украин улс хойд хөрштэйгээ харилцаагаа дахин шинээр эхлүүлэхээс аргагүйд хүрнэ.
Б.Адъяахүү

URL: