А.Амбасэлмаа: 471 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ

554eda3749aa8327great

ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ”Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж,  24 сая 173 мянган хүн өвчилж, 834.8 мянган хүн нас барж, 17 сая хүн эдгэрээд байна. Сүүлийн 24 цагийн дотор дэлхий нийтэд 267 мянган хүн шинээр халдвар авч, 6000 гаруй хүн энджээ.  Өнгөрсөн өдрийн өвчлөлтэй харьцуулбал, өвчлөл 52 мянгаар, нас баралт 2000 мянгаар нэмэгджээ.

Испани улсад 6 наснаас дээш насныхан хичээлд орохдоо зайлшгүй амны хаалт зүүх журам гаргасан байна.  Манай улсын хувьд тусгаарлах ажиглах байранд шинээр 269 хүн орж, тусгаарлалтаас 254 хүн гарчээ.   Одоо тусгаарлалтад 3722 хүн байна.  Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 55 хүн эмчлүүлж байгаа. Тэдгээрийн 3-ынх нь биеийн байдал хүндэвтэр байна.

Эцэг, эхчүүдээс хувийн сургуулиуд төлбөрөө 100 хувь авахыг шаардаж байна гэсэн гомдол мэдээлэл 119 тоот утсанд их ирсэн” хэмээлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  “2020 оны наймдугаар сарын 27-ны өдөр ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 471 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. 2020 наймдугаар сарын 27-нд Франкфуртын онгоцоор ирсэн 250, тандалтын зорилгоор цуглуулсан 5, гадагшаа явахыг хүссэн 12, Сэлэнгэд тусгаарлагдсан 68, Дарханд тусгаарлагдсан 64 хүний гэх мэт 471 сорьцоос шинжилгээ авсан.

Өнөөдрийн байдлаар Монголд батлагдсан 301 тохиолдол байгаа. Үүнээс 291 нь буюу 96.6 хувь нь эдгэрсэн.  Одоогоор ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байгаа. 9 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүнийх хүндэвтэр байна” хэмээлээ.


URL: