Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-ны удирдлагуудыг солих асуудлаар дахин байр сууриа илэрхийлжээ
2020 оны УИХ-ын сонгуулийн дүнтэй холбоотой маргаан одоо ч намжаагүй байна. Луйврын сонгууль болсон талаар зарим нам эвсэл , бие даан нэр дэвшигчид байр сууриа илэрхийлсэн. Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулгад хоёр ч удаа хандаж, холбогдох баримт материалыг хүргүүлсэн билээ. Ерөнхийлөгчийн зүгээс сонгуулийн явц, дүнгийн маргаантай холбоотой асуудалд СЕХ-ны удирдлагыг хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тэрээр УИХ-ын анхдугаар чуулган дээр хэлсэн үгэндээ “СЕХ маргаантай асуудлуудад тайлбар өгсөнгүй, таг суусаар олон нийтэд асар их эргэлзээ төрүүлсээр сонгуулийг дуусгалаа. Цаашид ийм байдлаар ажиллаж болохгүй. СЕХ-ны удирдлага нэн даруй огцрох шаардлага үүсэж байна. 2009 оноос хойш удирдлага солигдоогүй байгаа нь өнөөгийн ялзрал, асар их биеэ тоосон, надад хэн хэлэх вэ гэсэн ийм хандлага үүсгэсэн байна. Үүнийг цааш нь үргэлжлүүлж, ийм арга барилаар хэрхэвч ажиллаж болохгүйг сонгуулийн явц харууллаа.
Ард түмний төлөөллийн байгууллагадаа итгэх итгэлийг анхнаас нь булингартуулж, эргэлзээ үүсгэдэг энэ байдлыг таслан зогсоохоос өөр арга алга. Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага яаралтай өргөдлөө өгч, огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна” хэмээсэн байдаг.
URL: