Цахилгаан шат унаснаас хоёр хүн гэмтжээ
“Залуус” хорооллын 48Б байрны зургадугаар давхраас В1 давхар луу цахилгаан шат унаж, зорчиж явсан 48, 53 настай хоёр иргэн гэмтжээ. Нэгийнх нь дунд чөмөг, нөгөөгийнх нь баруун өвдөг хэсгээр хугарсан тул ГССҮТ-д эмчлүүлж байгаа аж. Өнгөрсөн ням гаргийн 18.30 цагийн орчимд энэ хэрэг гарсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй юм байна. Энэ талаар СӨХ-оос нь тодруулахад “Цахилгаан шат 15 дугаар давхарт гацсан учраас тухайн өдрийн 16.35 минутад дуудлага өгсөн. Бид нэг болон В1 давхарт анхааруулах бичиг наасан байсан” гэв. Дээрх байрны иргэд цахилгаан шат ашиглахад хүндрэлтэй, байнга ажилладаггүй, зорчиход чичирхийлдэг учраас суудаггүй гэсэн юм. Уг байрны цахилгаан шат унасан анхны тохиолдол энэ биш гэдгийг тэд хэлж байлаа.
Бэлтгэсэн: Б.Цэндмаа
URL: