Эрх мэдэл, албан тушаалын төлөө нөхдөөсөө ч “урваж” чаддаг Н.Цэрэнбатын шунал

12966

Өнгөрсөн парламент болон Засгийн газарт ажилтай ч юм шиг, ажилгүй ч юм шиг хэд хэдэн “нөхдүүд” байсан.
Яг үнэндээ танхимын сайд, дарга нар нь байтугай ард түмэн тэднийг юу хийж хэрэгжүүлсэн, салбартаа ямар чухал бодлогын баримт бичиг батлуулсан гэдгийг нь нэрлэхэд ч бэрх байна. Тэдний нэг нь УИХ-ын шинэхэн гишүүн Н.Цэрэнбат байлаа.

Увсаас сонгогдож од нь гийсэн Н.Цэрэнбат гишүүн засгийн түйвээний үеэр олз атгаж шинэхэн гишүүн байхдаа сайд хэмээх албан тушаалын “амтыг” 3 жилийн хугацаанд мэдрээд буцав. Буцав гэдэг нь хийсэн хэрэгжүүлсэн гэхээсээ илүүтэй алдаа мадагтай шийдвэр, урдах ачаагаа дааж ядан байгаа иргэдийнхээ татварыг нэмэх гэж оролдсон болон нөгөө алдартай гайхал ЖДҮ-гээс зээл хүртсэн гишүүдийн нэгээр ч “цоллуулаад” амжив.

Бас болоогүй хэд хэдэн тендертэй нэр холбогдоод амжсан.
Уг нь мань эрийг М.Энхболд талын нөхөд нь дэмжиж сайдын суудалд “залсан” гэдэг. Даанч албан тушаал, эрх мэдэл, өнгө мөнгө хараад нэгэн үеийн найзуудынхаа итгэлийг эвдэж Засгийн газрыг ЖДҮ-тэй нь холбоод огцруулах гэхэд Н.Цэрэнбат сайдын суудлаасаа үхэн хатан зуурч, хэнд нь ч боломж байхад “манай найз сайд хийж үзээгүй юм” гээд боломж болгосон нөхдөөсөө урвасан гэх “бор шувуу” одоо болтол ордноор нисч байдаг гэнэ. Арга ч үгүй биз дээ. Түүнийг сайд байх хугацаанд Богд уул тэргүүтэй тусгай хамгаалалттай газруудад хууль бус газар олголт, газрын хэрүүл маргаан хамгийн ихээр утгаа алдсан. Арга ядсандаа Ерөнхийлөгч хүртэл уг асуудалд анхаарлаа хандуулж Зайсан орчим болон Богд уулын тусгай хамгаалалттай газар хууль зөрчсөн үйлдэл их хэмжээгээр гарч байгаа тул үүнд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэж чуулганы индэр дээрээс өгүүлж суух вэ дээ.

Дээр нь нэмээд ЖДҮ-дчихсэн. Тэрбээр “Баруун загвар” ХХК, “Баян таван тэс” ХХК-ийн нэр дээр ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсныг нотлох баримтууд ил болсон гэдгийг хэвлэлийнхэн хангалттай бичиж байсан. Гэвч одоо болтол тэрээр үүнийгээ хүлээн зөвшөөрсөнгүй. Тэр ч байтугай үүнийгээ үл тоомсорлон өнгөрсөн сонгуульд Увс аймагт нэр дэвших мандат халаасалсан боловч Увсынхан түүнд дүнг нь хангалттай тавьж өгөөд удаагүй байна.
Гэтэл амташсан хэрээ 13 дахин гэгчийн үлгэрээр БОАЖ-ын салбарыг самарч салбайлгасан нь багадаж, төрөөс хэдэн арван саяар нь ЖДҮ-дсэн нь багадаж дахин албан тушаалын талаар сэрүүн зүүдэлж яваа сурагтай.
Үнэндээ түүний өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, хийсэн хэрэг нь дахин Монгол төрийн босгыг ч давуулахгүй хэмжээтэй байгаа. Мөн дээрээс нь нутагтаа очоод өвдөг шороодож, сонгуульд бүтэлгүйтсэн түүнд дахин боломж олгохгүй байх хэрэгтэй. Бараг хулгай хийгээгүй л бол нэр дэвшсэн хэн ч гарч ирэх боломжтой намын нэр хүнд ийм л сайн цагт нутагтаа нэр дэвшээд ялагдана гэдэг үнэндээ шившиг. Гэхдээ л эрх мэдэл, албан тушаалаа эргүүлэн санаж яваа бололтой. Арга ч үгүй биз дээ. Амин гэгддэг найзуудынхаа нөхөрлөлөөр сольж авсан байсан сайдын сэнтий шүү дээ. Тэр урваж ч, шарваж ч чадах тийм л нөхөр.

Эх сурвалж: ERENNEWS.MN


URL: