COVID-19: АНУ Оросын вакцин боловсруулагчдыг хар жагсаалтад оруулжээ
Дэлхий даяар тархсан цар тахлыг зогсоох, цаашлаад шинэ төрлийн коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх эм бэлдмэл гарган авахаар олон орон ажиллаж байгаа.
Энэ дундаас ОХУ хамгийн түрүүнд вакцин гарган авснаа зарласан ч дэлхий нийтийн зүгээс эргэлзээ тээнэгэлзэлтэй тулгарсан юм. Учир нь “Спутник V” гэх нэртэй вакциныг Орост бүртгэн авсан ч клиникийн туршилтынх шат дуусаагүй, мөн НҮБ хүлээн зөвшөөрч бүртгээгүй байгаа. Гэсэн ч Филиппин, Беларусь зэрэг улс орнууд клиникийн гурав дахь шатыг улс орондоо явуулж, иргэд дээрээ Оросын вакциныг туршихад бэлэн гэдгээ зарласан юм.
ОХУ-д вакцин гарган авсан гэдэгт хамгийн их эргэлзэж, мөн дутуу бүтээгдэхүүн гаргасан гэж шүүмжилж байсан улс нь АНУ. Америк зөвхөн шүүмжлээд зогсохгүй вакцин боловсруулагчдыг хар жагсаалтад оруулсан талаар Вести агентлаг мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ коронавирусийн эсрэг Оросын вакцины туршилтын үр дүнг хүлээн авахгүй хэмээн Цагаан ордны захиргааны тэргүүн Марк Медоуз мэдэгджээ. Вашингтон эм бэлдмэлийн чанарын хяналтын стандартаа мөрдөнө, дүрэм журмыг тойрч гарахгүй хэмээн тэрбээр Politico-д өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
Түүнчлэн АНУ Оросын эрдэм шинжилгээ, судалгааны таван хүрээлэнгийн эсрэг хориг арга хэмжээ авсан талаарх мэдээлэл Америкийн Худалдааны яамны сайт дээр гарчээ. Хоригт өртсөн хүрээлэнгүүд дунд коронавирусээс сэргийлэх вакцин боловсруулах ажилд оролцсон Оросын Батлан хамгаалах яамны 48 дугаар Эрдэм шинжилгээ, судалгааны төв хүрээлэн багтсан байна. Худалдааны яамны мэдэгдэлд, хоригт орсон хүрээлэнгүүд химийн болон биологийн зэвсэг бүтээхэд оролцсон байж болзошгүй гэжээ.
Хүрээлэнгүүдийн эсрэг тавьсан хориг нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал болон гадаад бодлогын ашиг сонирхолд эрсдэл учруулах бараа бүтээгдэхүүнийг экспортлох, реэкспорт хийх, дамжуулахад хязгаарлалт тавьж байгаа юм.
Ийнхүү АНУ Оросын эсрэг хориг тавьсан нь “Вашингтон коронавирусээс сэргийлэх вакцин боловсруулахад ялагдал хүлээснээ заралж байгаа хэрэг Оросын Холбооны хурлын гишүүн Олег Морозов Вести агентлагт ярьжээ. Энэ нь Америкийн шинжлэх ухааны нэр хүндэд хохирол учруулахын дээр АНУ Оросын вакциныг барууны зах зээлд гаргахгүй байхыг хичээж байна хэмээн Олег Морозов мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, наймдугаар сарын 11-ний өдөр ОХУ коронавирусийн вакцины түр бүртгэлийг баталгаажуулсан юм. Коронавирусийн халдвараас сэргийлэх дэлхийн анхны вакцин болсон энэ бэлдмэлийг Оросын Н.Ф.Гамалеягийн нэрэмжит тахал судлал, бичил биологийн төвд боловсруулсан бөгөөд 1957 онд ЗХУ хөөргөсөн дэлхийн анхны хиймэл дагуулын нэр ”Спутник V” хэмээн нэрлэжээ.
ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, эхний ээлжинд эмч, багш, ахмад настнууд гэсэн эрсдлийн бүлгийнхнийг вакцинжуулалтад хамруулах бол 10 дугаар сараас олон нийтийг дархлаажуулж эхлэх юм байна.
COVID-19: Анхны вакцин буюу түүнийг “Спутник” хэмээсний учир
Г.Бямбасүрэн
URL: