Д.Сарангэрэл: Мэргэжлийн байгууллага хуулийн дагуу ажиллаж байхад хүүхэд, хөгшдийг дээрэлхлээ гэж буруутгаж болохгүй
БОАЖЯ-наас самар түүхтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Би мэдээллийнхээ эхэнд яамныхаа зорилгыг хэлье. Бид ХАН /хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх/ гэдэг зорилго барина. Өөрөөр хэлбэл, байгаль орчноо хамгаалах, зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх нь БОАЖЯ-ны үндсэн баримтлах зарчим, бодлого төлөвлөгөө байх болно.
Сүүлийн үед самар түүхтэй холбоотой асуудлууд гарч эхэллээ. Цахим орчинд хүүхэд, хөгшид самар түүж, зарж байхад хуулийн байгууллагынхан хатуу хандаж байна гэх шүүмжлэл гарах болсон. Тэгвэл асуудал юунд байна вэ гэдгийг мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулж, мэдээлэл өгөхийг зорилоо. Монгол Улсын газар нутгийн ердөө л 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдаг. Байгалийн талбайн ойн 5-хан хувь нь хуш модон ой. Энэ жилийн хувьд 10 аймгийн 63 суманд самар ургасан. Ер нь бол улсын хэмжээнд 10 аймагт, Улаанбаатар хотын ногоон бүсэд самар ургадаг юм. Энэ жилийн хувьд 8 аймгийн 25 суманд самар их ургажээ гэсэн мэдээлэл гарсан.
Улаанбаатар хот, Баян-Өлгий, Увс аймгийн хувьд дунд ургацтай. Эдгээр мэдээллийг манай яамны албаны хүмүүс тодорхой өгнө. Ойн тухай хуулийн 38.7-д заасан байдаг. Их ургацтай жил үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар самар түүж болно. Дунд ургацтай жил зөвхөн ахуйн зориулалтаар түүнэ. Бага ургацтай жил үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар самар түүхгүй гэсэн хуулийн заалттай. Энэ жил их ургацын жил ихэнх газарт тохиож байна. Гэхдээ нэг зүйлийг анхааруулж хэлэхэд, 1990 оноос хойш бид ой модондоо, тэр дундаа хуш модондоо хайр гамгүй хандаж, гэмтэл учруулсны улмаас ойн сангийн 5-хан хувийг эзэлдэг хуш модны 40 хувь нь доройтолд орчихоод байна.
Самар түүх хугацаа болоогүй байхад түүж, хуш модоо хамаагүй нүдэж, түншсэнээс болж холтос нь унасан, амьдрах чадваргүй болсон. Тийм учраас ойн тухай хууль, Засгийн газрын баталсан тогтоолоор есдүгээр сарын 10-аас дараа жилийн гуравдугаар сарын 15 хүртэл самар түүхийг зөвшөөрсөн. Гэтэл хугацаа болоогүй байхад хүмүүс түүж, зарж байна. Энэ нь өөрөө хуш модоо гэмтээх, мөхөөх аюултай учраас бид хууль, журмаа сахиулж ажиллаж байгаа. Мэргэжлийн байгууллага хууль, журынхаа дагуу ажиллаж байхад хүүхэд, хөгшдийг дээрэлхлээ гэж буруутгаж болохгүй.
Есдүгээр сарын 10-аас хойш самар түүж болно оо. Түүнээс өмнө буюу болоогүй байхад нь битгий түүгээч ээ. Тэгэхгүй бол хуш модгүй болох аюул тулгараад байна. Тэртээ тэргүй хуш модон ойн 40 гаруй хувь нь устаж үгүй болчихоод байна
БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа ”Хуш модны ургаж байгаа тухайн газрынхаа онцлогоос хамаарч 3-5 жилд их үрийн жил гэж болдог. 2020 оны их үрийн жилийн эхлэл болж байх шиг байна. Үүнтэй холбоотойгоор бид тодорхой журмуудыг гаргаж байгаа юм шүү. Хуш мод 40-50 насандаа самар ургуулж эхэлдэг. Самар түүхтэй холбоотойгоор иргэд юунд анхаарах ёстой вэ гэдэг талаар хэдэн мэдээлэл өгье. Хуш мод өндөр, налуу, эгц газар ургадаг. Тиймээс иргэд юуны түрүүнд өөрсдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарах ёстой. Ойд амьтад амьдарч байгаа учраас үргээхгүй байх талаас нь анхаарах шаардлагатай. Нөгөө талаар зэрлэг амьтдын дайралтад өртөхгүй, түймэр гаргахгүй байхад ч анхаарах ёстой юм. Хушны самар түүхдээ түнших тохиолдолд мунандаа зөөлөвч резин хийж байх хэрэгтэй байна. Тэгж байж бид хуш модныхоо самрыг олон жил түүж, үр өгөөжийг нь хүртэх боломжтой” хэмээлээ.
Харин Ойн судалгаа, хөгжлийн төв Улсын өмчит үйлдвэрийн газрын дарга н.Алтансүх ”Жил бүр ойн дагалдах баялаг, хуш модны самрын ургацийн судалгааны ажлыг хийдэг. Хавар тухайн аймгийн ойн анги Байгаль орчны газартаа мэдээгээ хүргүүлж, цаашлаад БОАЖЯ-нд ирүүлдэг. Аль аймагт хуш модны самар ямар хэмжээнд ургасан бэ гэдэг мэдээллийн дагуу Ойн судалгаа, хөгжлийн төв судалгаа хийсэн. Дийлэнх аймаг, сумдаар судалгаа хийсэн. Газар дээр нь очиж, судалгаа хийж, болцыг судалж, дүгнэлт гаргасан. Судалгаагаар 8 аймгийн 25 суманд их, 10 аймгийн 38 сум, Улаанбаатар хотын ногоон бүсэд дунд ургацтай гэсэн судалгаа гарсан. Нийт хушан ой бүхий газрын 40 орчим хувь нь их, 60 хувь нь дунд ургацтай байна.
Хуш модны самрыг зохих зөвшөөрлийг авна. Сумын болон сум дундын ойн ангиас зөвшөөрлөө авна. Ойн анги байхгүй бол ой хамгаалагчаас авна. Ахуйн зориулалтаар самар бэлтгэх бол 25 кг, судалгааны зорилгоор 10 кг самар түүх эрхтэй. Үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэвэл тухай нөөцийнхөө 40 хүртэлх хувийг бэлтгэж, ашигладаг” хэмээлээ.
URL: