Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ

712-15984039945f45ba96ed78f
ПЁНЬЯН. /KCNA/. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун коронавирусний дэгдэлт, хар салхины үр дагавартай тэмцэх асуудлыг хэлэлцэхээр Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны хурлыг даргалан явуулжээ. “Наймдугаар сарын 26-ноос 27-ны хугацаанд Солонгосын бүх бүс нутаг хүчтэй хар салхинд өртсөнийн улмаас учирсан хохирлыг арилгах яаралтай арга хэмжээнүүдийг уулзалтын үеэр тодорхойллоо” хэмээн Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.

Түүнчлэн уулзалтад оролцогчид хар салхинд өртсөн мужуудын оршин суугчдыг хамгаалах, хөдөө аж ахуйд учирсан хохирлыг багасгахад онцгой анхаарал хандуулжээ. Хуралдааны үеэр мөн коронавирусний цар тахалтай тэмцэхэд чиглэсэн хөл хорионы зарим учир дутагдалтай талуудыг хэлэлцэж, эдгээр дутагдлыг засаж залруулах, халдварт өвчний дэгдэлтээс сэргийлэхтэй холбоотой хэд хэдэн шийдвэрийг Улс төрийн товчоо гаргажээ.

Долдугаар сарын сүүлчээр Солонгосын хойгийн хойд хэсэгт үргэлжилсэн усан бороо орж, 8 дугаар сарын 6-нд БНАСАУ-ын нутаг дэвсгэрт хар салхи дэгдсэний улмаас төвийн болон өмнөд мужуудад хамгийн их хохирол учиржээ. Байгалийн гамшигт үзэгдэлтэй тэмцэх ажилд мужуудын удирдлагуудыг дайчилж, Хөдөө аж ахуйн яамны ажилтнууд, Солонгосын ардын армийн цэргийн албан хаагчдыг оролцуулж байгаа аж.
БНАСАУ-ын эрх баригчид 1 дүгээр сарын сүүлчээр коронавирусний дэгдэлтээс хамгаалах шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Албан ёсны мэдээллээр, БНАСАУ-д халдварт өвчний нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

 


URL: